Дайчид хүүхдүүдийг хоол хүнсээр хуурч хөнөөжээ
Алеппогийн дагуул хотод өнгөрсөн бямба гарагт алан хядах ажиллагаа үйлдсэн хэт даврагчид дэлбэрэлт болох газарт аль болох олон хүүхэд байхаар тусгайлан зохион байгуулсан гэнэ.
Алан хядагчид дүрвэгчдэд хоол хүнс, ус санал болгож, бүгд түүн рүү нь овоорох үед дэлбэрэлт үйлджээ. Энэ талаар тухайн өдөр алан хядах ажиллагаа болсон газарт байсан сэтгүүлч Ванесса Били “RT” агентлагт өгүүлжээ. Гэрчүүдийн баталж буйгаар дэлбэрэлт болсны дараа шархадсан зарим хүнийг Туркийн “түргэнийхэн” ирж авсан гэнэ. Түүнчлэн Сирид хүмүүнлэгийн үүрэгт ажил хэмээн өөрсдийгөө далдалсан “Цагаан каскнууд” байгууллагынхан байжээ. Тус байгууллагын төлөөлөгчид шархадсан алан хядагчдад тусламж үзүүлж байсан тухай гэрчүүд ярьж байна.
Дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагт Сирид томоохон алан хядах ажиллагаа болсон юм. Амиа золиослогч алан хядагч этгээдийн суусан минажуулсан авто машин Фуа, Кефрай зэрэг шиитүүдийн суурингаас иргэдийг Алеппо руу нүүлгэн шилжүүлж явсан автобуснуудын дэргэд дэлбэрчээ. Нүүлгэн шилжүүлэлтийг Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хэт даврагчдын бүсэлсэн суурингаас хийсэн байна. Халдлагад 130 гаруй хүн амиа алджээ.
Сэтгүүлч Ванесса Били хэрэг болсон газар дээр харсан зүйлсээ ийнхүү ярьж байна. “Бид дөрөвдүгээр сарын 15-нд автобуснуудын цувааны дэргэд алан хядах ажиллагаа болсон өдөр Алеппо хотод ирсэн юм. Бид зочид буудалдаа ирээд энэхүү аймшигт явдлын талаар мэдсэн” гэжээ. Тэрбээр болсон явдлын гэрч болсон сиричүүдтэй уулзсан аж.
Дүрвэгчдийг замд ямар ч ус, хүнсгүй байлгасан бөгөөд зорчигчдыг автобуснаасаа гарахыг ч зөвшөөрөөгүй гэнэ. Гэтэл алан хядагчид хүүхдүүдэд нь ус, амттан санал болгосон гэжээ. Автобусны нэг жолооч нь “Дэлбэрэлтээс өмнөхөн хажуугаар нэгэн сэжигтэй машин өнгөрсөн. Түүн дотор хүүхдүүдэд идэх юм зөөж явна гэсэн хүмүүс байсан. Дараа нь тэд машинаасаа гарч ирээд “Хүүхдүүд хаана байна вэ. Хүүхдүүдээ нааш нь явуулаарай” гээд хашхирч эхэлсэн. Хүүхдүүд бүслэлтэд удаан амьдарч байсан болохоор чипс, жигнэмэг идээгүй удсан шүү дээ. Үүнийг алан хядагчид ашигласан” хэмээжээ.
Хажууд нь хүнсний бүтээгдэхүүнтэй машин явахад хүмүүс тийш нь гүйлдсэн аж. Гэтэл гэнэт дэлбэрэлт болж, хүмүүс тал тал руу зугтжээ. Энэ үед дайчид дүрвэгчдийг бүслэн авч, буцахыг шаардсан байна. Энэ бүгдийг харсан нэгэн эрийг ярьснаар тэнд “Жабхат ан-Нусра”, “Ахрар аш-Шам”-ын хэт даврагчид болон Сирийн чөлөөт армийн төлөөлөгчид байсан гэнэ.
Өөр нэг гэрчийн ярьснаар дайчид дэлбэрэлт болох газарт савтай чипс цацаж байсан гэжээ. “Алан хядагчдын нэг нь үүнийг үнэнч бус хүмүүсийн хоол гэж хэлж байсан. Чипсийг тарааж шидэхэд хүүхдүүд тийшээ гүйлдэж эхэлсэн” хэмээжээ.
Гурав дахь гэрчийн ярьснаар дайчдын дунд узбек, турк, чечень, саудын араб, катар хүмүүс олон байсан гэжээ. “Нэгийг нь бид гадаад төрхөөр нь, нөгөөг нь хэлээр нь мэдсэн” хэмээн тэмдэглэжээ.
Гэрчүүдийн хэлснээр дэлбэрэлт болсны дараахан Туркийн түргэн тусламжийн дөрвөн машин шууд л газар дээр нь ирсэн байна. Тэд шархадсан, амиа алдсан зарим хүнийг аваад хаашаа ч юм бэ явсан гэжээ.
Үүнээс гадна дэлбэрэлт болсон газарт “Цагаан каскнууд” байгууллагын төлөөлөгчид маш хурдан иржээ. Тэд шархадсан дайчдад тусламж үзүүлж, энгийн номхон иргэдэд огт анхаараагүй гэж гэрчүүд баталж байна.
Сирийн Засгийн газар гурван жилийн гаруйн хугацаанд дайчдын бүслэлтэд байсан Фуа, Кефрай суурингийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зөвшилцөл хийсэн билээ. Гэхдээ өдгөө эдгээр сууринд хэдэн мянган хүн бүслэгдсэн байдалтай аж төрж байна. Зарим мэдээллээс үзэхэд энд 2000 орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх буюу алан хядагчдын гарт өртөж амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн 400 нь хүүхэд байсан аж.
Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна