Гадаадын өндөр мэргэшилтэй ажилтнуудыг хөлслөхөд ашигладаг түр ажлын визний хөтөлбөрийг эргэн харж нягтлах тушаалд Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа. Тэрбээр Висконсин мужийн нэгэн үйлдвэрт зочлох үеэрээ “Америкуудыг худалдаж ав, америкуудыг хөлсөл” (Buy America, Hire America) хэмээх зарлиг гаргаж баталжээ.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа явцад “Америкийг хамгийн түрүүнд” (America First) хэмээх хөтөлбөр хэрэгжүүлнэ, түр ажлын H-1B визний хөтөлбөрийг бүрэн хаана хэмээн амлаж байсан юм. Гадаадаас ажилтан, мэргэжилтэн хөлслөх боломжийг ажил олгогч нарт олгодог уг хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг Дотоод хэрэг, Хууль зүйн яам, Үндэсний аюулгүй байдлын газарт даалгажээ. “Бид өөрсдийн ажилтнуудаа хамгаалж, ажлын байраа хадгалж үлдэх болно гэдгээ дэлхий нийтэд анхааруулж байна. Бид Америкийг хамгийн түрүүнд тавих болно” хэмээн Трамп онцолсон юм.
АНУ-ын Засгийн газар жил бүр сугалааны тусламжтайгаар гадаадын иргэдэд 85 мянган H-1B түр ажлын визийг олгодог. Ихэвчлэн техник, технологийн салбарт түр виз олгодог ажээ. Вашингтоны засаг захиргаа энэ хөтөлбөрт өөрчлөлт оруулж зөвхөн хамгийн чадварлаг, өндөр мэргэшилтэй хүмүүст виз олгох санаатай байгаа тухай Цагаан ордны эх сурвалж ВВС-д ярьжээ. Тийм ч чадварлаг бус гадаадын иргэд түр ажлын визээр АНУ-д ирж бага цалингаар америк иргэдийн ажлын байрыг булааж байгааг өөрчлөх бололтой. Өнгөрсөн онд Disney компани дээрх визний хөтөлбөрийг ашиглаж америк ажилтнуудаа халаад, илүү бага цалингаар гадаад ажилтнуудыг хөлсөлж байна гэсэн шүүмжлэлд өртөж байв.
Reuters агентлагын мэдээлж буйгаар, 2016 онд Facebook-ийн АНУ дахь ажилтнуудын 15 хувь нь түр ажлын визээр орж ирсэн хүмүүс байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа загвар өмсөгчийн замналаа эхлүүлж байхдаа H-1B визээр АНУ-д ирж байсан аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна