Энэ зун Налайх дүүрэг халуун усаар тасрахгүй

2017/05/01
Налайх дүүргийн дулааны станц ТӨХК-ийн хамт олон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зуны улиралд хэрэгцээний халуун усыг тасралтгүй өгөх бэлтгэлээ хангасан байна.  Энэ тухайгаа нээлттэй хаалганы өдрөөрөө хэрэглэгчдэд дуулгалаа. Мөн 2016 онд нэмэгдсэн дулааны тариф, хэрэглэгч, айл өрхүүдэд хүндээр тусч байгааг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулж, цаашид үнэ нэмэхгүй тогтвортой байлгах талаар тохиролцсон гэж тус станцын Гүйцэтгэх захирал Ц. Минжинхүү онцоллоо.

Нээлттэй хаалганы өдрөөр дулааны станцын хамт олон хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж тэдний хүссэн асуултад хариулт өгөв. Голцуу өвөлдөө жиндүү байсан, дулааны үнэ өндөр байна гэх асуудал байлаа.  Энэ нь дулааны станцын хүчин чадал хэтэрсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг ажилчид нь өгч байв.  

Налайхын дулааны станц 261 аж ахуйн нэгж, 33 төсвийн байгууллага, 2281 айл өрхийг дулаан, эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангадаг. Ачаалал хэтэрсэн тул ойрын ирээдүйд зайлшгүй шинэ эх үүсвэртэй болох шаардлага бий болжээ. Одоогоор өргөтгөлийн ажлын танилцуулга, зураг төслийн ажлууд хийгдэж байна. 



Налайх дүүрэг 36500 хүн амтай. Наяад хувь нь гэр хороололд амьдардаг. Тус дүүрэг дагуул жишиг  хот болох хэтийн төлөвтэй. Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдуулан барилгажилт, барилгиа технологийн үйлдвэр, барилгын бөөний худалдааны төв, ложистик төвийг маш богино хугацаанд түргэн эдийн засгийн эргэлтэнд оруулах  хөгжлийн зорилт тавьж ажиллаж байна. Тиймээс инжинерийн шугамд шинэчлэлт хийж шинэ станцын асуудлыг шийдснээр дараагийн  хөгжлийн асуудлуудын “шийдэл” болох юм. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна