Айлын гэр нурж, өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унажээ

2017/05/04
Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурлаа. Тус аймгийн УЦУОША-наас авсан мэдээллээр Сайншанд, Айраг, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт  үзэгдэх орчин 50 метрээс дотогш орж харанхуйлсан байдал үүссэн байна. Сайншанд болон Хөвсгөл суманд  салхины хурд  27-гоос 29 мс  хүрчээ.

Нөхцөл байдал ямар байгааг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн жижүүрээс тодруулахад, "Хүчтэй салхи шуурганаас болж Сайншанд сумын нэг, гуравдугаар багт тус бүр нэг гэр нурсан, Зүүнбаян тосгоны спорт заалны дээвэр хуурсан, Өргөн сумын нутагт өндөр хүчдэлийн  шугамын тулгуур багана унасан. Аймгийн ХХААГ-ын авто машины грашийн дээвэр хуурсан. Мөн Хатанбулаг, Сайхандулаан, Эрдэнэ, Улаанбадрах сумын зарим малчин малдаа яваад төөрсөн тул сумаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа. Бид мэдээллийг нэгтгэж байна. Цаг агаар тогтворгүй, хүчтэй салхи шуурч байгаа энэ үед Онцгой байдлын хэлтэс бэлэн байдалд ажиллаж байна" гэв. 

Тавдугаар  сарын 03-ны 21.20 цагийн үед салхины хурд бага зэрэг буурч 10 метр секунд хүрчээ.
Салхины хурд 18 метр секундээс дээш гарсан үед гамшигт үзэгдэл гэж тооцдог байна. Дорноговь аймгийн нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр  энэ оны тавдугаар  сарын 4-5-ны өдрүүдэд салхи секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна. Хүчтэй шороон шуургатай үед иргэд, жолооч нар холын замд зорчихгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг асрах хүнгүй гэрт үлдээхгүй байхыг анхаарууллаа. 

эх сурвалж: МОНЦАМЭ
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна