НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм ноёд, хатагтай нар аа,
Эрхэмсэг зочид оо,
“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
XX зуун дэлхийд хотжилтыг бэлэглэж, зууны эхэнд дэлхийн хүн амын 13 хувь нь хотод амьдарч байсан бол төгсгөлд нь 47 хувь болж өссөн байна[1]. Хөгжингүй орнуудад хотжилтын хувь харьцангуй өндөр байгаа боловч хөгжиж буй орнуудад хотжилтын хурдац илүү эрчтэй байна.
Дэлхий дахинаа өрнөсөн аж төрөх хэлбэрийн энэ өөрчлөлт нь Монголд бас нөлөөлсөн билээ. Монголд 1950-иад оноос хотжилт эрчимтэй явагдсан байна. Нүүдлийн соёл иргэншилтэй орны хувьд манай хүн амын 80 хувь хөдөөд оршин суудаг байлаа. Хоёр зууны зааг үеэс хотжилтын үйл явц улам эрчээ авч, одоо хүн амын 65.8[2] нь үй олноороо хотод суурьшжээ.
Манай улсад төрийн бодлогын хүрээнд 1950-иад онд аж үйлдвэржилтийн, 1960-аад онд атар эзэмшилтийн чиглэмжтэй шилжилт хөдөлгөөн өрнөжээ. Харин 2000-аад оны эхээр давалгаалсан шилжилт хөдөлгөөн нь хөдөө дэх ядуурлаас ангижрах, ажил эрхлэх, амьдралын нөхцөлөө сайжруулахын төлөөх иргэдийн сонголт байснаараа ихээхэн онцлогтой юм.
Хотжилтын нөлөөгөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн өсөлт хурдацтай өрнөж байна. Хархорин, Тосонцэнгэл, Хатгал, Зүүнхараа, Бор өндөр, Хөтөл, Бэрх хотод ердийн болон механик өсөлт өрнөж, оршин суугчдын тоо нэмэгджээ.
Улаанбаатар хотоор жишээ авч, түүний хөгжлийн талаар товч илтгэе. 1639 онд “Ширээт нуур”-т сууриа тавьж, 370 гаруй жилийн түүхтэй нийслэл хот маань түүхэн хөгжлийнхөө явцад орд, өргөө, хүрээ, их хүрээ, нийслэл хүрээ болон өргөжиж, 1924 онд Улсын анхдугаар их хурлаар хотын статус нь хуульчлагдан, “Улаанбаатар” хэмээн нэрлэгдэх болж, энэ нэрээрээ дэлхий дахинаа танил болсон билээ.
Улаанбаатар хот эдүгээ дөрвөн хайрханы дунд өсч дэвжин, дэлхийн саятан хотын эгнээнд багтан орж, улсын хүн амын 40 шахам хувь амьдарч байна.
Улаанбаатарын өсөлт нь эрэлт, нийлүүлэлтийн аль алийг нь өдөөж, үйлдвэрлэл үйлчлгээ тэлж улсын ДНБ-ний 60 гаруй хувийг хот үйлдвэрлэж байна. Нийслэл хот маань нь дэлхийн энтэй хотын түвшин рүү тэмүүлж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх үзэлд суралцаж, хүний хөгжилд түлхүү анхаарч байна. Мэдээлэл, технологийн дэвшлийн үр шимийг оршин суугчид чөлөөтэй хүртэх болов. Дэлхийн брэнд элбэгшив. Орчин үеийн архитектур-дизайны шийдэлтэй болон өндөр цамхагууд сүндэрлэх нь хэвийн үзэгдэл болов. Эдгээр нь манай Улаанбаатарчуудын бахархал мөн.
Нүүдлээс суурьшилд шилжсэн, ази-европын архитектур дизайн хосолсон, үндэсний сууц гэрээс эхлэлтэй, одоо гэр хороолол нь хотын зонхилох орон сууц хэвээр байгаа, хотын удирдлага нь давхардмал чиг үүрэгтэй, хотын менежментэд улс төрийн нөлөө хүчтэй байгаа нь Улаанбаатар хотын онцлог мөн билээ.
Ололтын зэрэгцээ цөөнгүй бэрхшээлтэй тулгарлаа. Замын хөдөлгөөний саатал, орчны (агаар, хөрс, ус, хог, чимээ шуугианы) бохирдол нэмэгдэж, ядуурлын түвшин өндөр байна.
Монгол улсын хотын хөгжлийг бусад орны хотуудын хөгжилтэй шууд харьцуулан дүгнэх боломжгүй учраас олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаанд тулгуурлан улсын индексээр хотыг жишиж үнэлвэл, хүний хөгжил, аз жаргалтай байдал, хөгжил цэцэглэлт, эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөх чадвар, бүтээлч санаачилга, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвар, нийгмийн үйл ажиллагаа, технологийн үзүүлэлт зэрэг олон индексээр дэлхийн 150 оронтой харьцуулахад манайх дундажаас нэлээд доогуур үзүүлэлттэй байна.
Энэ нь юуны өмнө оршин суугчдын тоо төлөвлснөөс илүү хурдацтай өсч, үйлчилгээний доголдол үүсч, хотын соёл бүдгэрч, нийгмийн сөрөг үзэгдлүүд даамжирсантай холбоотой гэж хэлж болно.
Хотжилт нь ядуурлыг багасгах, тогтвортой хөгжлийг дэмжих боломжуудыг бий болгодог байна. Хотжилт нь хөгжилд хүргэх нэг зам гэж бас хэлж болох юм.
Хотод амьдрах гэсэн иргэдийн сонголтыг хүндэтгэн, тэдний амьдрах таатай орчинг бүрдүүлэх нь төрийн захиргааны үүрэг ээ.
Хотын оршин тогтнол нь хүн ам үе улиран эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах боломжийг нь үндэслэл болгож алсыг тооцсон ерөнхий төлөвлөлтийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой. Ингэж чадах аваас, тухайн хотын хүн ам өнө хугацаанд амьдрах ээлтэй нөхцөл бүрдүүлдэг ажээ. Энэ нь аль ч хотод мөрддөг “амьдралын хууль” гэж хэлж болно.
Эрхэм нөхөд өө,
Хотын эрх зүйн орчны бүрдэлт, түүний хэрэгжилт, хүндрэл дагуулсан зарим асуудлын талаар товч илтгэе.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 20 гаруй жил өнгөрлөө. Харамсалтай нь, энэ хууль хэрэгжээгүй, хот бие даан хөгжих нөхцөл бүрдээгүй, өөрийн дүрэмгүй байсаар өнөөдөртэй золголоо. Уг хуулийн зохицуулалт дутуу дулимаг болж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох нийслэл, дүүрэг дэх хотыг хуулийн зохицуулалтгүй орхижээ.
Шинэ зууны эхээр Монголд өрнөсөн шилжилт хөдөлгөөний, суурьшлын шинэ давалгаа, уул уурхайн хөгжил зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр тус улсын нутаг дэвсгэрийн хэд хэдэн хэсэгт амьдралын хэв маяг, эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоороо нэгдсэн хүн ам төвлөрч шинэ суурьшил үүсгэн, улмаар өргөжин тэлсээр байна.
Гэвч тухайн нутаг дэвсгэрт хот байгуулах, эдэлбэр газрын заагийг нь тодорхойлж өгөх, засаг захиргааны харьяалал тогтоох, хотын удирдлагын тогтолцоог тодорхойлох, захирагчийн сонгууль явуулах зэрэг хотын хөгжилд хамаарах олон асуудлыг шийдвэрлэхгүй явж ирлээ.
Хуулийн хийдэгдлээс улбаалан, хотын хөгжилд зохих анхаарал хандуулаагүйгээс иргэдийн хотод амьдрах, хөдөөнөөс илүү дэвшилтэт үйлчилгээгээр хангагдах, удирдлагаа өөрсдөө сонгох эрхийг хамгаалах баталгаа үгүй болж, Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан ёсны зарчим алдагдахад хүрч байна.
Хот улс төрөөс хэт хамааралтай, эрх зүй, төсөв, санхүү нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс хараат байдалд байгаа нь хот хөгжлийн асуудлаа өөрийн онцлогт нийцүүлэн шийдвэрлэх, бие даан хөгжих, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөх боломжийг хязгаарлаж байна. Хот нь Монгол улсад Dе-facto байгаа боловч Dе-jure буюу хууль эрх зүйн дагуу бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсаар байна.
Дээр өгүүлсэн хүндрэл бэрхшээл, хуулийн орчны төгс бус байдлаас ангижирч Монгол улсад дэлхий нийтийн жишгийг даган хотоо хөгжүүлэх бодит эрэлтэд хариулт өгөхийн тулд хотын талаар цогц шийдэл гаргах шаардлага тулгарлаа. Энэ бол өнөө үеийн дуудлага мөн гэж үзэж байна. Энэхүү дуудлагад өгөх бидний хариулт нь шинжлэх ухаан, технологийн дэвшилд баттай суурилсан, дэлхийн томоохон хотуудын хот төлөвлөлт, байгуулалтын шилдэг туршлагыг харгалзан үзсэн байх учиртай.
Монгол улсад хотыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
Нэгдүгээрт, Монгол улсын өнөөгийн нөхцөлд хотыг хөгжүүлэх стратеги, чиг хандлагын талаар илтгэе.
Тив тивийн мегаполис, метрополитен, бусад томоохон хотуудын туршлагаас үзэхэд хотуудын хөгжил нь тухайн улсынхаа хөгжлийг үндсэндээ тодорхойлж байна. Монгол улсын хувьд хот руу эргэлт хийж, хот нь хөдөө аж ахуй, уул уурхай, боловсролын нэгэн адил манай улсын хөгжлийн нэг гарц мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, эрх зүйн орчныг бүрдүүлэх нийгмийн эрэлт бодитоор оршиж байгааг тэмдэглье.
Эрх зүйн үүднээс авч үзвэл манайд Улаанбаатараас гадна орон нутагт 7 хот байна. Үүнээс гадна 21 аймгийн төв, 330 сумын төв байгаа боловч тэдгээрийг хот, тосгонд тооцох боломжгүй байгаа юм. Энэ нь аймаг, сумын төвд оршин суугаа иргэдийн буруу биш, харин хотын эрх зүйн орчин учир дутагдалтай байгаагаас хамааралтай гэх нь үнэнд нийцнэ.
Бид хотын хөгжилд гаргасан алдаагаа нэгэнт мэдэрч, түүний сөрөг нөлөөг амсаж байгаа болохоор цаашид залруулах ажилд цаг алдалмааргүй.
УИХ-ын шийдвэрээр саяхан зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын сэдвийн дотор засаг захиргааны нэгжийн хуваарилалтад өөрчлөлт оруулахад чиглэгдсэн асуултыг тусгаж, иргэдийн санаа бодлыг судалсанд бид талархалтай хандаж байна. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд хот, тосгоныг засаг захиргааны нэгжид багтаах саналыг дэмжсэн байна. Энэ нь засаг захиргааны нэгжийн бүтцийг төгөлдөржүүлэх, хотыг засаг захиргааны нэгж болгох бодит эрэлт иргэдийн дунд байгааг илтгэн харуулж байна.
Мөн түүнчлэн төр засгаас хүн амын нутагшил суурьшил, хотжилтын асуудалд анхаарал хандуулж эхэллээ.
УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар Өргөдлийн байнгын хорооноос “Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг саяхан Төрийн ордонд зохион байгууллаа.
Дээр, дороос гарч түгэн дэлгэрч буй энэ мэт санаачилга нь хүн амын өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, үйлдвэржилт эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшилд өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг хувьсаж байгааг харгалзан үзсэний илрэл юм.
Хүн амыг нутаг дэвсгэртээ зохистой суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэхийн тулд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулаад ажиллаж байна.
Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь улсын нийслэл, эрх бүхий байгууллагаар статус нь баталгаажсан хотуудаас гадна аймаг, сумын төв, бусад суурингийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.
Хотын хөгжилд түүний өсөлтийн асуудал хамгийн гол байр суурийг эзэлдэг билээ. Аливаа хот өсөлтийн онолыг төлөвлөлт, байгуулалтдаа тууштай мөрдөж, өсөлтийг бүртгэл, төлөвлөлт, татварын хөшүүргээр зохицуулж байна.
Үр нөлөө сайтай болох нь нэгэнт батлагдсан энэ арга замыг үл ойшоосон нь бодлогын болон зохион байгуулалтын алдаанд хүргэж, хот олон бэрхшээлтэй учирдгийг дэлхийн хотуудын практик нотлон харуулсаар байна.
Иймд хотын удирдлага өсөлтийн болон байршлын онолыг баримтлан хот хөгжүүлэх бодлогоо боловсруулж, эрх зүйн орчныг шинэчлэхэд чиглэгдсэн хуулиудын төслийг боловсруулаад байна.
Шийдвэрээ хүлээж буй өөр нэг асуудал нь хот байгуулах үндэсний шалгуураа шинэчлэх хэрэгтэй боллоо. Хот байгуулах шалгуур буюу оршин суугчдын тоог Скандинавын орнуудад 200-250, Дундад Азийн орнуудад 6-8 мянга, АНУ-д 10 мянга, ОХУ-д 12 мянгаар тогтоосон байна. Гэтэл манай улсад энэ үзүүлэлтийг 15 мянгаар тогтоон мөрдөж ирлээ.
Нутаг дэвсгэр том, хүн ам цөөн манай улсын хувьд өндөр шалгуур тавьсан нь хотын хөгжилд тээг болсон гэж дүгнэх үндэслэл байна.
Хотыг улсын хэмжээнд илүү хурдацтай хөгжүүлэх, хүн амын нутагшил суурьшлыг оновчтой зохион байгуулах үүднээс хот байгуулах үндэсний шалгуураа хоёр дахин бууруулж тогтоох саналыг бид дэвшүүлж байгаа юм.
Үндэсний шалгуураа шинэчлэхийн зэрэгцээ хотын тогтолцоог Зөвлөлдөх санал асуулгад тусгасан байдлаар хуульчлан баталгаажуулж хэрэгжүүлэх нь зохистой гэж үзэж байна.
Хот дүрэмтэй байх, дүрмийг оршин суугчдын санал асуулгаар батлах, хотын бие даасан байдлыг хангахад төрийн дээд байгууллагаас дэмжлэг үзүүлэх, дагуул хотыг 1-2 тэргүүлэх үүрэгтэйгээр хөгжүүлэх, дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчид ногдох орлогын албан татварыг урт хугацаанд мэдэгдэхүйц хувиар хөнгөлөлт үзүүлэх зэрэг нөлөөллийн арга хэмжээ авч болох юм.
Бага хуралд урилгаар оролцогч байгаа хотуудын хүндэт төлөөлөгч нар өөрсдийн хотын хөгжлийн туршлагаас бидэнтэй хуваалцах болохоор би бусад зарим хотын сайн ажлаас жишээ болгон дурьдая.
2002 онд Мельбурн хот 30 жилийн төлөвлөгөө баталж, 9 чиглэлийг барин хотоо хөгжүүлэхээр шийдвэрлэсний дотор сайтар зохион байгуулагдсан нягтаршил бүхий хотыг бий болгож, хотын өсөлтийн сайн менежмент хэрэгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Австри улсын Вена хот хуучин дэд бүтцийг өөрчлөн орчин үеийн болгож чадсанаар иргэдийнхээ амьдрах нөхцөлийг дээшлүүлжээ. Олон мянган орон сууцны хуучин барилгуудыг сэргээн засварлажээ.
Шинэ Зеландын хүн амын 30 хувь нь буюу 1.4 сая хүн амьдарч улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг бүтээдэг Oкланд хот хүн амын боловсролд ихээхэн анхаарч, тус хотын ажил эрхэлдэг иргэдийн 37 хувь нь бакалавраас дээш зэрэгтэй болсоны зэрэгцээ бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад дэлхийд хамгийн тохиромжтой хот хэмээн тооцогдох болжээ.
Амьдрахад таатай дэлхийн орнуудын тоонд зүй ёсоор багтсан Канадын Ванкувер, Торонто, Калгари хотууд хүн амын нягтаршил багатай боловч хотын захиргаанаас хүн амын өсөлтийг байнга хянаж, хэт их оршин суугчтай болохоос сэргийлж зохицуулалт хийдэг ажээ.
Данийн Копенгаген хот ногоон эдийн засагтай хотуудыг тэргүүлдэг бөгөөд олон төвт хот болох, инновацийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, чадварлаг боловсон хүчинтэй байх, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрс хүчлийн ялгаралтыг багасган 2025 он гэхэд нүүрс хүчлийн “хийгүй” хот болох зорилтыг дэвшүүлээд амжилттай хэрэгжүүлж буй юм байна. Санамсаргүй түүврийн аргаар сонгон авч энд дурьдсан таван хотын жишээ бол бид улсын хэмжээнд хотыг хөгжүүлэх, түүний дотор нийслэл хотоо хөгжүүлэхэд үлгэр дууриал авах загвар, арга гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Хотын эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлага байна.
Улсын хэмжээнд хотыг хөгжүүлэх нь Үндсэн хуулинд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгааг юуны өмнө цохон тэмдэглье. Нийтлэг ойлголтоор нутгийн өөрөө удирдах ёс нь нутаг дэвсгэр давхцаагүй байх зарчим, эрх мэдлээ хараат бусаар хэрэгжүүлэх хуулийн хамгаалалт, эрсдлээ өөрсдөө хариуцах зэрэг зарчмыг агуулдаг онцлогтой.
Манай иргэд, оршин суугчид нь хурлын гишүүд, төлөөлөгчдийг сонгох 4 шатлалт системтэй нүүр тулж, нийгмийн удирдлагын шат дамжлага олширч, тэнд сонгогдон ажиллах шалгуурын үнэлэмж, түвшин буурах үзэгдэл илрэх болов. Энэ олон шатлалт бүтэц “доошлох” тусмаа “бодит эрх мэдэлгүй” болж, орон нутгийн санаачилга илт багасч, зөвхөн “дээрээс” хуваарилсанд сүсэглэх байдал бий болов.
Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлсэн, хууль эрх зүйг нь бүрдүүлсэн олон арга дэлхийн олон хотод байх бөгөөд дүрэм журмаа батлан хэрэгжүүлэх, санхүү-татвар-төсвийн хувьд бие даах, шууд сонгогддог зарчим мөрдөх, өөртөө тайлагнадаг гүйцэтгэх байгууллагуудтай байх, байнгын ажилагаатай цомхон зөвлөлтэй байх гэх мэтийн нийтлэг зарчим ажиглагдана.
Үүнийг хэрэгжүүлэх механизм бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу түүний манай улсад хуулиар баталгаажуулсан хэлбэр болох хот, тосгодыг байгуулах явдал юм. Хотын нэг чухал шинж нь өөрийгөө удирдан, бие даан оршин тогтнох удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн чадавхитай байхад оршино.
Хотын удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсны зарчмаар хэрэгжиж, хотын Зөвлөл, хотын Захирагч нь оршин суугчдаасаа сонгогдон тэдэндээ тайлангаа тавьж үнэлүүлэн, нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журмаа батлан, хот нийтийн аж ахуйн чанартай олон асуудлыг бие даан хэрэгжүүлэх, хийх болно.
Энд дурьдсан зарчмуудыг юуны өмнө “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-д тусгах шаардлага байна гэж үзэж байгаагаа хэлье.
Хөгжлийнх нь суурь хүчин зүйл болж байгаа эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлснээр дор дурьдсан эерэг үр нөлөөг бий болгоно гэж тооцож байна. Тухайлбал,
Эрх зүйн орчны шинэчлэлтийг Үндсэн хуульд чанд нийцүүлэн хэрэгжүүлснээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон хот, тосгоны эрх зүйн уялдаа болон зааг ялгаа тодорхой болно.
Хотын менежментийг дэлхийн хотуудын жишгээр мэрийн тогтолцоонд шилжүүлж, засаглах чадвар болон гүйцэтгэх чадварыг дээшлүүлнэ. Иргэд, оршин суугчдаас нийгмийн удирдлагад оролцох шаардлага, боломж дээшилж хариуцлагын тогтолцоо сайжрах юм. Үүнд эргэлзэх хэрэггүй билээ.
Аймаг, сумын төвүүд хотын статусаар хөгжих эхлэлийг тавих болно.
Хотжилтын нөлөөгөөр орлогын өсөлт бий болж, бүс нутгийн хэмжээнд хотын оршин суугчдийн тоо нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ногдох эдийн засгийн бүтээгдэхүүн өснө. Энэхүү хамаарал болон тоон үзүүлэлтийг бид статиктикийн мэдээллээс харж болно.
Орчин үеийн хөгжсөн орнуудын жишгээс хотууд нь улс орныхоо хөгжлийн нүүр царай, эдийн засаг, техник технологийн хөгжлийн зүтгүүр хүч болж байгааг хялбархан харж болно. Манай улс ч энэ жигшээр хөгжих бүрэн боломжтой юм.
Гуравдугаарт, Хотын татвар тогтоож, санхүүгийн чадавхи бий болгох замаар хотын хөгжлийг хангах бодлого баримтлах нь зүйтэй гэж бодож байна.
Монгол Улсын Их Хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг 1994 онд тусган батласан. Хэдийгээр хуульд нийслэл хотын татварыг зүйл болгон онцгойлон тусгасан боловч түүнийг бий болгож чадаагүй удсан нь “нийслэл хотын татвар” гэж юуг хэлэх, ямар төрөл, хувь хэмжээтэй байх тухай ойлголт хангалтгүй байсных гэж үзэх үндэстэй.
Уг татварыг 21 жилийн дараа буюу 2015 онд хуулиар бий болгосноор нийслэл хотын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх чухал алхам болов.
Дэлхийн улс орнууд, хөгжлийн хувьд бидэнд үлгэр болсон Япон, Өмнөд Солонгосын хот нь татвараа төрөлжүүлэн авдаг тогтолцоог бий болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Эдгээр улсуудын хотын татвар нь оршин суугчийн албан татвар, хот төлөвлөлтийн албан татвар гэсэн төрөлтэй байдаг байна.
Нийслэл хотын татварыг бий болгон хэрэгжүүлсэн өөрийн орны бодит үр дүн, гадаад орнуудын туршлага, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааг үндэслэн, хотын амьдралд үүсэн бий болоод байгаа асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх гол үндэс нь болсон хотын татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хотыг улсын хэмжээнд хөгжүүлэх зорилт дэвшигдэж байгаа өнөө үед хотын албан татварыг нийслэл, улсын зэрэглэлтэй болон орон нутгийн томоохон хотод байхаар тогтоож, төсвийн нэг гол эх үүсвэр болгох саналтай байна. Гэхдээ уг татварыг эдийн засгийн хямралыг гэтлэн давсаны дараа хэрэгжүүлэхээр зохицуулалт хийж болох юм.
Дөрөвдүгээрт, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн шинэ ерөнхий төлөвлөгөө боловсруулах талаар хэдэн санаа хэлье.
Улаанбаатар хотын хувьд ойрын жилүүдэд орон зайн болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх бодит шаардлага бий болоод байна. Ажлын байр, байршил суурьшлын зохицуулалт, агаар, орчны цэвэршүүлэлт нь шинэ ерөнхий төлөвлөгөөний агуулгыг тодорхойлох болов уу гэж төсөөлж байна.
Хотын хөгжлийн үе шатны тухайд авч яривал, Улаанбаатар хот хөгжлийн хоёрдох шат мега хотын хэв шинж рүү аажмаар шилжих хандлага тод ажиглагдах болж байна. Хотын төвийн хэрэглээ болон оршин суугчид хотын зах руу, агломераци хот руу, эсхүл хөдөө рүү шилжих үзэгдэл эхэлсэн байна.
Хот нь бүс болон өргөжих, хотын захад ажлын байр илүү хурдацтай нэмэгдэж, энэ нь аажимдаа орон сууцны, үйлдвэрийн, худалдааны, үйлчилгээний suburbanisation үүсэх хандлага бий болж байна.
Хөгжингүй улс орнуудын эдийн засгийн өсөлт хотуудаар төвлөрч, харин энэхүү төвлөрлийн үе шат, нөлөөлөл нь тухайн улс болон хотод өөр өөр байна. Үүнийг иш үндэс болговол, өнөөгийн Улаанбаатар хотыг нэгэн хүчтэй цөм бүхий дагуул хотууд хэлбэрээр хөгжүүлэх нь зөв гэж үзэж болохоор байна.
Дэлхийн ихэнх улс орнуудад хотжилт эрчимтэй явагдаж байна. Энэ нь улс орнуудын аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн дараах үеийн эдийн засгийн хөгжлийн гарааны үндэс, эхлэлийн цэг болж байгаа юм. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд хотжилтын (urbanization) түвшин өндөр байна. Дэлхийн улс орнуудыг хотжилтын түвшнээр нь илэрхийлсэн рейтингийн (The United Nations Department of Economic and Social Affairs: Urban Population 2014) үзүүлэлтээр манай улс 85 дугаар байранд байна.
Налайх, Багануур, Багахангай, Өлзийт зэрэг дагуул хот, тосгонд хэрэглээний таваарын үйлдвэрлэл, инновацийн бүтээгдэхүүн, хүнсний эко үйлдвэрлэл, томоохон худалдааны төв, боломжтой бусад үйлдвэрлэлийг байршуулах замаар Улаанбаатараас зугтах хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Ингэснээр Улаанбаатар нь улс төр, засаг захиргаа, соёл, инновацийн төв болж, дагуул хотууд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалын, шинжлэх ухаан, боловсролын гэх мэт төвүүд болох боломжтой юм.
ХХI зуунд хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг “хотын үндсэн нутаг дэвсгэр”, “хотын агломераци буюу төвлөрөлийн орон зай”, “хотын мегаполис” гэсэн гурван хэсэгт хуваан авч үздэг болсон. Дэлхийн улс орнуудын хотжилтын хөгжлийн хандлагаас авч үзэхэд хотын нутаг дэвсгэрт нийт хүн амын 35 хувь нь, хотын агломерацийн орон зайд 55 хувь нь, мегаполист 10 хувь нь тус тус оршин сууж байна.
Энэ үүднээс, хот байгуулалтын суурь судалгааны явцад Улаанбаатар хотын хөгжлийг системээр нь авч үзэн, хотын шинэ төвлөрлийн орон зайг үүсгэх, дагуул хотуудад Улаанбаатарын хэрэглээний үйлдвэрлэлийг явуулах, Хөшигтийн хөндийд шинэ хот барих, Багануурын чиглэлд Монголын боловсрол, шинжлэх ухаан, технологийн парк бий болгох, Тэрэлж-Горхийн чиглэлд аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжуудыг судлан үзэх хэрэгтэй байна.
Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөгөө боловсруулахад анхаарах өөр нэг асуудал бол хотын хөгжлийн хөтөлбөрийг газар нутгийн харъяалалаар биш, эдийн засгийн орон зайн хувьд нь авч үзэн, бусад бүс, аймгуудтай хөгжлийн зөв харьцааг хэрхэн бий болгох талаас хандах нь оновчтой болно гэж үзэж байна. Улаанбаатар хотын мэдлэгийн, мэдээллийн, капиталын, технологийн, таваарын бүтцийн шилжилт хөдөлгөөний судалгаан дээр үндэслэж зохистой харьцааг бий болгох юм.
Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөвийн талаар дээр дурьдсан чиглэлүүд нь урт хугацаанд баримтлах учиртай хэмээн үзэж буй Аз жаргалтай хотыг цогцлоох зорилго, үзэл баримтлалд нийцсэн байх ёстой гэсэн санааг эцэст нь илэрхийлж би илтгэлээ өндөрлөж байна.
Монгол улсын хотууд дэлхийн хотуудын энгээр хөгжин, оршин суугчид нь орлого ашгаар дүүрэн, сэтгэл амар амгалан байж, ээлтэй сайхан орчинд аз жаргалтай аж төрөх болтугай хэмээн билэгдье.
Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна