Reuters: Жүдоч байсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ

2017/05/06
Эдийн засгийн хямралд ороод байгаа, далайд гарцгүй Монгол Улсын сөрөг хүчний Ардчилсан нам /АН/ ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд жүдоч асан, хувийн бизнес эрхлэн саятан болсон Х.Баттулгыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргалаа.

Чингис хааны өлгий нутаг гэдгээр нь сайн мэдэх, ердөө гурван сая хүн амтай, Хятад ба Орос гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог Монгол Улс нь  ардчиллын замаар тууштай явсаар ирсэн юм.

1990 онд тайван замаар хувьсгал хийн ардчилсан тогтолцоонд шилжсэн тус улс ашигт малтмалын арвин их баялгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын нүдийг хужирласаар байгаа билээ.

Богино настай уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн дараа эдийн засгийн нөхцөл байдал нь хүндрээд байгаа энэ үед одоогийн Ерөнхийлөгч, АН-ын гишүүн Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчийн алба хаших хоёр дахь удаагийн үүрэгт хугацаа дуусгавар болох тун ойртоод байна. Монголчууд ирэх сарын 26-нд дараагийн ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа юм.

2012-2016 онд АН эвслийн засгийн газрыг удирдсаны дараа өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд Монгол Ардын нам /МАН/ үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тодруулбал, МАН парламентын 76 суудлын 65-ыг нь авсан юм.

Жүдочоос бизнесийн магнат болсон Х.Баттулга нь үүний өмнөх парламентын гишүүн байсан билээ.

Зам, тээвэр болон Хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр Хятадыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай нэгэн. Монгол Улс урд хөршөөсөө эдийн засгийн хувьд хэтэрхий хамааралтай байгаад  тэрбээр санаа зовниж байгаа аж.

Х.Баттулга ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч, одоогийн парламентын дарга М.Энхболдтой өрсөлдөнө.

Гадаад өрийн овоорол, төгрөгийн ханшийн уналт болон худалдааны хамгийн том түнш болох Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан зэрэгтэй холбоотойгоор Монголын эдийн засаг хямралд ороод байна.

Олон улсын валютын сан Монголд хэрэгжүүлэхээр болсон  5.5 тэрбум долларын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө валютын ханш, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй шинэ хууль гаргах гэж байгаатай холбоотойгоор хойшлуулаад байгаа юм.

Монголд авторитар буюу нэг ба хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах хандлага өсөн нэмэгдэж болзошгүй гэж ард иргэд нь сэтгэл түгшиж байна.

Бусдын нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл цацсан сэтгүүлчдийг хатуу шийтгэх тухай заалтыг холбогдох хуульд нэмж оруулахыг эсэргүүцэн Монголын телевизүүд өнгөрсөн долоо хоногт эфирээ зогсоосон билээ.

Харин тус улсын Засгийн газар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа дараа нь буцаан татсан юм.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна