Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-аас түүсэн шүр, сувдууд

2017/05/08
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" намтарчилсан эссег уншин, бичлэг болгон оруулахдаа "тус номноос түүсэн шүр, сувдуудаа хуваалцанаа" гэж амласнаа хоолтойгоо хамт холиод мартчихжээ. Гэтэл нэгэн өдөр нэгэн фэйсбүүкийн найз маань нэхэл хатуу нэхсэний хойно гэнэт санаж, "Юу бодож шүр сувд түүснээ бичнэ гэж амласан юм болоо" гэж бодсонсон. Харин өнөөдөр "Үзэхийн хязгаар"-ыг барьж харахнээ сэтгэлээс үл мартагдах гоё үгсийнх нь доогуур тодоос тод ягаан маркераар зурчихаж. Зурсан болоод л хуваалцана гэсэн юм байна л даа. Иймд хуваалцахаар шийдэв 

-Өөрсдөөсөө илүү гарсан нэгэнд бид үргэлж өөч ханддаг. Өөрөө өөрсдийгөө таашаах маань бусдыг таашаахаас хамаагүй илүү байдаг. Ай, таашаал аа гэж! 

-...бусдад тус болж, бусдын баярлаж буйг харан таашаал амсдаг цөөнгүй хүнийг таньдагтаа би бахархдаг...

-Ээмэг бөгжхөнөөс л таашаал авч чаддаг чи ёстой жаргалтай хүн. Жаргалтай хүн шүү, чи, сурвалжлагч аа! Харин би... 

-Заримдаа би хүмүүсээс айдаг. Хүмүүсийн дунд байна гэдэг миний хувьд аймаар юмны нэг. 

-Атаархал... Тэр жинхэнэ аймаар. Танихгүй хөршүүдээс биш таван жил нөхөрлөж буй андаас л атаархлын сум ирдэг нь.. 

-Гэгээрэл авралыг өөрөөсөө биш өрөөлөөс-Бурхадаас, ариусал цэвэршлийг дотроосоо биш алсаас-Тэнгэрээс хайх нь аймшигтай төөрөгдөл. 

-Эмэгтэй хүн эр бүхэнтэй үнэрээ хувааж, эрээ цээрийг умартан явааг харахад аймаар байдаг. Тийм хүмүүсийн нүднээс бүсгүй хүний нандин чанарын нууц үзэгдэхээ больчихдог нь аймаар. 

-Бусдыг уучлах надад хэцүү байдаггүй. Уур уцаар гэдэг зүрхнийх байдаггүй. Тэр яг л уур манан шиг дорхиноо замхран алга болдог. 

-Зарим хүн угаасаа элдэв цохилтыг даах чадвар өндөртэй байдаг бол заримынх нь арьс ганцхан үгэнд хуйхлагдаад, бүр ховхроод уначихдаг. 

-Хүндэтгэж байсан хүн жижиг зан гаргахаар хүмүүс уучилж чаддаггүй билээ. 

-Ер нь нуух юмгүй хүнд нууц гэж байдаггүй шүү дээ. 

-Тайлбарлахад хэцүү зүйлсээс заримдаа худлаа хэлж байж мултрах нь зөв юм. 

-Дуулж байгаа ая дангаас нь хараад хүнийг дүгнэж болдог. Хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй, хэр мэдрэмтгий, хэр наргиан цэнгээнч, аль хэр ухаантай, бас хэр "чанга" хүн болохыг нь... 

-...дуунд дуртай хүмүүс ихэнхдээ сайн хүмүүс байдаг аа. Тонгоруугаар хэлбэл, сайн хүн дуунд дуртай байдаг. 

-"Хүүхдүүдийн хажууд  буруу юм хийж болохгүй!" гэж л ээжид ямагт захьдаг байсан юм. 

-Хүн ямар үед л сайн явдаг вэ гэвэл өөрийнхөө хүчээр амьдарч чадаж буй тэр үедээ л юм

-Ядуу үлдэнэ гэдэг заримдаа хамгийн сайн хамгаалалт болдог юм шүү дээ, миний охин! ... солиод авчихна гэх юмгүй болсон тул өөрсдийн хүчинд найддаг, өөрсдийн хөдөлмөртөө л горь тавьдаг хүмүүс болог. 

-Сайн хүн ер нь их байдаг юм шүү. Хүмүүст итгэж чадвал бид тэдэнтэй зөрөхийн төдийд л буян хишгээс нь хүртэж чадна. 

-Зарим хүн эдийн буянтай төрдөг гэдэг. Харин би өөрийгөө "Хүний буянтай" гэж боддог. 

-Бусдын эд зүйлийг хайрлаж чадна гэдэг маш том хүмүүжил юм. 

-"Хэн нэгэн маань бурхан байдаг" гэдэг үгэнд хичнээн дуртай вэ! 

-Дээд сургуульд бүр огт сурахгүй байсан ч дээгүүр амьдарч болно гэдгийг "амьдрал сайн мэднэ"

-Ээж уруул дээрээ, яг Синди Кроуфорд шиг нэг мэнгэтэй. Хөгшчүүл багад нь тэр мэнгийг хараад "амны хишигтэй охин!" гэж ерөөн билэгшээдэг байж л дээ. "Тэр амны хишиг гэдэг нь аав чинь л байсан юм!" гэж ээж нэг удаа хэлж билээ. 

-Уран зохиолын хүн ямар байх ёстой вэ? гэж шүлэг бичдэг нэг залуу надаас асууж билээ. 
-Уран зохиолын хүн үү? Юу л даа... Чулуун бөгстэй байх ёстой! 
-Юу гэсэн үг вэ, эгч ээ? 
-Чи арван цаг, арван өдөр, арван жил ширээнийхээ араас босолгүй, хов хоосон хана руу ширтээд, хаашаа ч гаралгүй, хаашаа ч харалгүй нам сууж чаддаг байх хэрэгтэй. 

-Уран зохиолд өөрийгөө бүрэн зориулж чадсан хүнд өөр юу ч хэрэггүй болох цаг ирдэг гэж би төсөөлдөг юм. 

-Чи мэдэх үү, хэрэв эмэгтэй хүн яруу найрагч болж чадах л юм бол эрчүүдээс ч илүү бичдэг. 

Эх сурвалж: http://amartuvshind.blogspot.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна