Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Ин Умард Солонгосын асуудлаарх Сөүлийн бодлогод бодитой өөрчлөлт хийж магадгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ Сөүл улам чангатгасаар ирсэн бол Мүн эсрэгээрээ Пхеньянтай харилцаагаа сайжруулах бодлого баримтлах төлөвтэй байна. Баллистик пуужинг замаас нь амдан устгах THAAD системийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулахыг тэрбээр эсэргүүцэж байсан юм.
2000 оны эхээр Мүнийг засгийн газрын гишүүн байх үед Өмнөд Солонгос “Sunshine Policy” буюу Умард Солонгостой хамтран ажиллах бодлого хэрэгжүүлж байв. Харин Умард Солонгос цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан энэ бодлогыг хэрэгжүүлэхээ зогсоосон юм.
Өмнөд Солонгосын баримтлах бодлого өөрчлөгдөх төлөвтэй байгаа хэдий ч Ким Жөн Уныг ятган цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулж, яриа хэлэлцээ хийж чадна гэдэгт эргэлзэх хүн олон байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Сөүл болон Вашигтон Умард Солонгост шахалт үзүүлж, хориг арга хэмжээг урьд байгаагүйгээр чангатгасан билээ. Харин энэ бол ноён Мүний сонгосон зам биш юм.
Мүн Жэ Ин гэж хэн бэ?
Мүн Жэ Ин бол Умард Солонгосоос дүрвэн ирсэн хүмүүсийн хүүхэд юм. Тэрбээр 1970-аад оны үед оюутан байхдаа Өмнөд Солонгосын тухайн үеийн Ерөнхийлөгч бөгөөд ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эцэг Пак Жон Хигийн эсрэг жагсаалыг удирдан зохион байгуулсныхаа төлөө шоронд хоригдож байжээ.
Тэрбээр хүний эрхийн хуульч болохоосоо өмнө Өмнөд Солонгосын тусгай хүчинд зүтгэж байсан байна.
Мөн авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорсны дараа 2009 онд амиа хорлосон, либерал үзэлт Ерөнхийлөгч асан Нү Мү Хёны ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд зүүний төвч үзэл баримтлалтай Ардчилсан намаас тэрбээр нэр дэвшиж, Пак Гын Хэд ялагдсан билээ.
Ноён Мүн Жэ Ин өөрийгөө “Пак Гын Хэгийн эрин үеийн авлига, улс төрийн дуулиан шуугианаас улс орноо салгаж чадах хүн” гэж тодорхойлж байна.
Тэрбээр өчигдөр ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх үеэрээ “өмнөх засгийн газрын өөрчлөлтөд би, манай нам төдийгүй ард түмэн сэтгэл гонсгор байна” гэжээ.
Эх сурвалж: http://montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна