XIX - XX зууны Монголын тухай Төвд хүний ойлголт

2017/05/28
Англичууд Энэтхэгийн хойд хэсгийг эзэлснээр 1816 оноос Түвдтэй хил залгах болов. Энэ үеэс Англичууд Түвд дэх ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор Түвд орныг, түвд хэлийг эрчимтэй судалсан байна. Англи европууд Түвдийн хилийн ойр нутгийн энэтхэг иргэдийг бэлтгэн тагнуул туршуулаар олноор явуулан, судалгаа хийлгэж, түвд-англи толь бичгийг зохиож олныг хэвлэсэн байдаг. Хэвлүүлсэн толь бичгүүдээс Түвд хүн хөрш угсаатнаа юу гэж дуудаж, ойлгож байсан тухай англи хэл дэх тэмдэглэгээ, тайлбар зурвас, бичвэрүүд ихээхэн сонирхол татна. 

1826 онд европоос Христийн санваартан Түвдийн хилийн ойр шашны зорилгоор явахдаа анхны Түвд хэлний толь бичиг болохуйц номыг хэвлэсэн байдаг. Санваартны номыг үндэс болгож 1834 онд англичууд анхны Түвд-Англи хэлний толь номоо хэвлэн, дараалаад бусад толиуд түвд судлаач, хэл сонирхогчдийн гарт хүрчээ. 

1834, 1903 онд тус хэвлэгдсэн “Түвд Англи хэлний толь бичиг” -т XIX, XX зууны Монголын талаарх мөн түвд хүний “ХОР” ба “СОГ” нэрийн ойлголт, зөрчилтэй тайлбар утгыг тэмдэглэж үлдээснийг тольдуулж байна. 

Дашрам дурдахад, өнөөгийн Түвдүүд бидний Монголчуудыг СОГ (Sog), Монгол улсыг Sog yul гэж нэрлэж дууддаг. Энэ нэрийн ойлголт Чингис хааны байгуулсан Их Монгол улсын задрал ба Юань улсын үеэс анх нэрлэж тогтсон.

Түвдүүдийн нэрлэсэн “ХОР” гэгч өмнөх түүхэнд хэн байв?

1. VII ЗУУН-аас, Түвдийн эзэнт улс Монгол нутагт оршин тогтносон Уйгурын хаант улстай дайтаж, харилцахдаа өгсөн нэр.

2. VIII ЗУУН-аас, Монгол нутгаас нүүсэн Уйгурууд Түвдийн ойр нүүж хөрш болсон. Түвдүүд нүүдэлчин хөршөө Хор гэж дуудаж байсан. Хожим Уйгурын цаад Монгол нутгаас ирсэн монголчуудыг хэл, амьжиргаагаар нь түрэг хэлтнээс ялгаж мэдэхгүй түвд хүмүүс “ХОР” гэж адилтган дуудах болж, “Чингис хаан ХОР хүн” гэх энэ ойлголтоороо бидний үе хүртэл өөрчлөгдөөгүй юм.

3. XIII ЗУУН-ы сүүл үеэс, Их Монгол улс задарч, Юань улс байгуулагдаж, монголчууд Түвдтэй шашин, соёлын хэргээр харилцах болсноор түвд хүн Монгол, Түрэг хэлтний ялгааг мэдэх болж, Hor yul гэж Туркестан, Уйгур, Sog yul гэж Монгол улс гэж ойлгох болсон. Энэ ойлголтыг та бүхэнд тольдуулж буй толь бичгийн үгсийн тайлбарууд бичвэр батлах болно. Гэхдээ Хор гэгчээр монгол, түрэг хэлтнийг одоо ч хольж хэлсээр байгаа юм.

Үүнийг уншихдаа, Монголчуудыг Сог ба Хор Монгол гэж түвдүүд ялгаж дууддаг гэх монгол эрдэмтдийн бусад тайлбарыг харьцуулаарай. Уншигч та бүхэн өөрийн олсон мэдлэг, ойлголтоороо тунгааж болгооно уу?

Ингээд “ХОР” гэж хэн бэ? “СОГ” гэж хэн бэ?

C.Алдар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна