Кавабата Ясүнари: Зууч болжмор (богино өгүүллэг)

2017/05/28
Ганцаардмал амьдралдаа дасаад удсан тэрбээр өөрийн биеийг өрөөл нэгэнд өргөн барихын эрхэм сайхныг бишрэн бахдав. Золиос гэдэг юмны үнэ цэнийг ч ойлгож ирэх шиг болов. Өөрийгөө хүн хэмээх овог төрлийг өнгөрснөөс ирээдүйд уламжлан үлдээх ганц ширхэг үр хэмээн өчүүхнээс өчүүхэнд бодсон ч сэтгэл хангалуун байв. Хэдий хүний төрөлд багтах ч хүн бол эрдэс чулуу, амьтан ургамалтай хамт сансар огторгуйн дунд хөвөх нэгэн том амьд ертөнцийн өчүүхэн нэг жижиг тулгуур хэсгээс үл хэтрэх хийгээд бусад амьтан, ургамлаас тэгтлээ онцгойрох чухал орон зай биш гэдэгтэй ч санал нийлнэ. 

- Алив гээд үеэл эгч нь толины тавиур дээр мөнгөн зоос эрчтэйхэн эргүүлээд алгаараа хавхийтэл дарснаа түүн рүү нухацтайхан харав. Үеэлийнхээ тэр цагаахан гарт ганцаардал, уйтгар гунигаа хугаслан дайх шиг болж сэтгэл нь хөнгөрсөн тэрбээр сэргэлэн дуугаар, 

- Ар тал гэв. 

- За, ар тал. Гэхдээ өмнө нь шийдэх хэрэгтэй. Ар тал бол энэ охинтой гэрлэх үү, гэрлэхгүй юу?

- Гэрлэнэ гэе. 

- Өө. Нүүрэн тал байна. 

- Өө. 

- Яасан унжгар хариулт вэ.

Үеэл эгч нь тачигнатал хөхрөв. Охины зургийг чулуудасхийн тавьчихаад босоод явлаа. Үеэл нь их инээдэг эмэгтэй байв. Инээх дуу нь их цоглог бөгөөд удаан үргэлжилнэ. Тэгээд гэрт буй бүх эрийн чихэнд нэг тийм ер бусын хардах сэтгэлийг төрүүлэм чимээ болж хүрнэ. 

Тэр гэрэл зургийг авч охиныг харав. Энэ охинтой гэрлэсэн ч яахав гэж бодлоо. Гэрлэх хүндээ энүүхэн зэргээр таалагдах төдийд л эцэг, ахынхаа гарт өөрийн хувь заяаг даатгаад нөхөрт гарах охид, бүсгүйчүүд Японд бас л зөндөө байгаа биз ээ хэмээн бодож, тэр нь цэвэр ариун зүйл мэт санагдав. Дэмий гэгээрч өөрийгөө нээж олсон мэт элдэв юм бодон шаналж суух өөртөө дургүй нь хүрэв. 

"Гэрлэх хүнээ сонгоно гэдэг бодоод үзэхнээ сугалаа сугалахтай л адил, мөнгөн зоосны ар уу, өвөр үү гэж таах төдий л зүйл юм даа гэж үеэл эгч нь хэлэхэд тэр ч гэсэн өөрийнхөө хувь заяаг бүхэлд нь түүний цагаан гарын алганд даатгасандаа яагаад ч юм сэтгэл нь ихэд хөдөлжээ. Гэвч үеэлийнх нь тэр үг бас зүгээр л өөрийг нь шоолсноос цаашгүй үг болохыг ойлгомогц нүд нь гунигтайяа хашааны цэцэрлэгийн булгийн усан дээр тогтов. 

Энэ охиноос өөр миний эхнэр болох бүсгүй байх аваас царайг нь усанд тусгаж өгөөч гэж булгийн уснаас гуйв. Хүн бол цаг хугацааг ч, орон зайг ч нэвт харах увдистай гэдэгт тэр итгэнэ. Тэр тийм л ганцаардмал хүн байлаа. 

Тэгтэл усны толиог ширтэж суусан түүний нүднээ дээд тэнгэрээс жижигхэн бул хар чулуу ойчин ирэв. Янаглан холбогдсон хоёр болжмор дээвэр дээрээс унаж ирсэн аж. Болжмор усны мандал дээр далавчаа сар сархийлгэн дэвж хоёр болж хуваагдаад өөр өөр зүгт нисэн одов. Тэр бурханы энэ дохиог ойлголоо. 

- Тийм юм болов уу гэж амандаа шивнэв. 

Усны мандал дээр үүссэн жижигхэн долгион алгуурхан уусан арилж, тэрээр булгийн усыг чимээгүйхэн ширтсээр. Түүний сэтгэл анир чимээгүй, амгалан усны толио мэт болж тэгээд тэнд нэг болжморын дүрс тусав. Болжмор жиргэлээ. Ийн жиргэх аж. 

- Эргэлзэн тээнэгэлзэх танд энэ насны тань хань болох бүсгүйн дүрийг үзүүлэвч үл итгэх биз ээ. Тиймээс хойд насны тань эхнэрийн дүрийг үзүүлье. 

Тэр болжморт хэлэв: 

- Баярлалаа, болжмор минь. Хойд насандаа болжмор болж төрөөд болжмор чамайг эхнэрээ болгож авах бол би энэ охиныг авахаар шийдлээ. Хойд насныхаа хувь заяаг харсан хүн энэ насныхаа хувь заяанд эргэлзэж суух хэрэг юусан билээ. Хойд насны үзэсгэлэнтэй, эрхмийн хүндэт эхнэр минь энэ насны ханийг минь зуучилж өглөө шүү дээ. 

Тэгээд тэр зурган дээрх охинд хандаж гэгээхнээр мэхийн ёслохуй агуу их тэнгэр бурханыг гүнээ мэдрэв.

Кавабата Ясүнари, 1926 он, Япон

Орчуулсан: Дамдинжавын Алтанцэцэг,  2016.5.27


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна