Ард түмний дунд хэлц үг болж хэвшсэн Монгол киноны зарим хэл хэллэгүүд

2017/05/29
- ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН -

"Өглөө" кино. Хиагтын гудамжинд ялсан цэрэг эрстэйгээ яваа Сүхбаатар жанжин хэнгэрэг нүдэн, үсчин цамнаж буй зайран бөөтэй таарч, түр саатан харж зогсдог. Тэрхүү навсагнан цамнаж буй зайранг харж эгдүүцсэн Сүх жанжны баруун гар Сэлэм Тогмид "Буудчих уу, Жанжаан" гэхэд нь Жанжин "Хэрэггүй, байж л байг" гэчихээд давхиад явчихна. Түүнийг сонссон зайран /Ардын жүжигчин Ням-Осор гуай/ хажуудах хүндээ "Чи сая сонсов уу. Жанжин намайг Төрд хэрэгтэй зайран гэж байна" гээд ихэд маадайн байдаг хэсэг юм. Одоо бол төрд хийгээд түмний үйлд өчүүхэн ч хэрэггүй атлаа өөрийгөө хэрэгтэй гэж гэнэнээр итгэдэг, муйхраар зүтгэдэг хүмүүсийг голдуу шоглож ёгтолж хэлдэг хэлц үг болон хэвшжээ. Энэ "Буудчих уу, Жанжаан" ч бас хэлц үг болсон.

- ГОЛ ГАРГАХ...-

"Үер" киноны усч орос өвгөн найз Болд өвгөний өнчирсөн эхнэр хүү хоёрыг үерлэсэн Сэлэнгэ мөрөн гаталгахаар явж байхдаа араас нь ирээд хашгирсан цагаантнуудад хэлдэг үг. "Одоохон би эднийг ГОЛ ГАРГАЧИХААД ирье" гэнэ. Угтаа өвгөн гол гарсан ч эргэж ирэхгүйгээр явж буй, тэдгээр цагаантнуудыг худал үгээр аргацаахаар хэлж буй үг юм. Түүнийг нь мэдсэн цагаан цэрэг өвгөнийг буудаж орхидог билээ. Өнөө энэ үгийг санаатайгаар худал хэлж, хуурах утгаар ихэнхдээ хэрэглэж байна. Өргөн хэрэглэгддэг.

- МИНИЙ МЭДДЭГ ОРОС ХЭЛ ДУУСЛАА-

"Сэрэлт" кино. Орос эмчийг авчирсан жолооч эрийн үг. Сумын дарга, хоршооны дарга гэх мэт хөдөө сумын хариуцлагатнуудыг орос эмчид танилцуулж, "Это хорошоо дарга аа, а это магзинковын дарга аа. Вот это трий даргаа" гэж сумын дарга, хоршоон дарга нарыг эмчид танилцуулсны дараа тамхиа соронгоо нөгөөдүүлдээ "За миний мэддэг орос хэл дууслаа шүү. Одоо яадаг бай та нар өөрсдөө учраа ол" гэж өгүүлдэг. Өнөө энэ үг миний мэдэх чадах юмны маань хэмжээ энд хүрээд дуусав. Үүнээс цааш би чадахгүй гэдэг утгаар хэрэглэгддэг.

- ЧИ Л МЭДДЭГ ШҮҮ ДЭЭ -

"Аман хуур" кино. Хувийн тохилог байшин, шургааган хашаа нь газарт орсны дараа өвгөнийх нүүнэ. Эмгэн нь /гавьяат жүжигчин Бадамгарав гуай санагдана/ машины бүхээгт, өвгөн нь ачаан дээр сууж явна. Хаа очихоо мэдэхгүй гайхсан эмгэн цонхоор толгойгоо гаргаж "Хаа хүрэх юм бэ?" гэж хашгирч асуухад өвгөн "Мэдэхгүй ээ, чи л мэддэг шүү дээ" хэмээн хэвлүүлхэн өгүүлдэг хэсэг. Нэг талдаа их бага ямар нэгэн эрх мэдэлд дуртай хүнд хандан доог, тохуутайгаар хэлэх хэллэг голдуу болжээ. 

-ИНГЭЭД Л МИНИЙ МИНИЙ НЭР БАЙДАГГҮЙ ЮМ-

"Анхны алхам" кино. Хадлангийн бригадын хэдэн хөгшчүүлийн зураг сонин дээр гарчээ. Өвгөчүүл зургаа харан ихэд баясан суухуй нэг хөгшин сонины буланг тухтай хараад "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэж гомдолож тунирхсан өнгөөр хэлдэг хэсэг. Ямар нэгэн юмнаас санаандгүйгээр, азгүйгээр хоцорсон, мартагдсан үед ихэнхдээ хошигнол байдлаар хэрэглэнэ. 

ГЭХ МЭТ... цааш нь үргэлжлүүлээрэй.

Монгол киноны Алтан үеийнхний бүтээсэн уран бүтээлээс маш олон үг өнөө ард түмний дунд нэгэнт хэлц үг, дам утгат үг болон хэвшиж, үндэстнийхээ хэл, сэтгэлгээг баяжуулжээ. Тэр цагийн бараг кино бүрээс энэ мэт тогтсон хэл үг гарсан нь уран бүтээлийг үнэхээрийн амьдралд ойртуулж, сэтгэлд яргатал урлан бүтээж чаддаг байсных болов уу.

Б.Номинчимэд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна