Барак Обама Вашингтонд ордон худалдан авчээ

2017/06/02
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийнх нийслэл Вашингтон хотод түрээсэлж байсан орд харшаа худалдаж авчээ. Ерөнхийлөгч Б.Обама энэ оны нэгдүгээр сард Цагаан ордноос явснаасаа хойш гэргийн хамт дэлхийгээр аялсаар байгаа юм. Тэрээр Вашингтоны дээдсийн хүрээнийхэн амьдардаг Калорама дүүрэгт орших, есөн унтлагын өрөө, 8 угаалгын өрөө бүхий чулуун орд харшийг 8.1 сая доллароор худалдан авсан байна.


Бага охин болох 15 настай Саша-г ахлах сургуулиа төгсөх хүртэл Б.Обамагийнхан Вашингтонд амьдрахаар шийджээ.
Ноён Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Кевин Льюис өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Б.Обама, хатагтай Мишель нар наад зах нь 2 жил хагасын хугацаанд Вашингтонд амьдарна. Тиймээс тэд 771 m2 энэ хувийн орон сууцыг түрээсэлж байснаас худалдаж авсан нь дээр юм байна гэж үзээд 8 сая гаруй доллароор худалдан авсан” гэв.



Б.Обамагийнхны худалдаж авсан энэ үл хөдлөх хөрөнгө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жо Локхартынх байжээ. Ж.Локхарт энэ сууцыг анх 2014 онд 5.3 сая доллароор худалдан авчээ.

“Amazon” компанийг үүсгэн байгуулагч, “Washington Post” сониныг эзэмшигч Жефф Безосын 23 сая долларын үнэтэй орд харш Б.Обамагийн шинэ гэрээс холгүй байдаг гэнэ. Мөн тус дүүрэгт АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванкагийнх байдаг ажээ.

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна