20-р зууны домогт бүсгүй секс симбол, АНУ-ын дуучин, жүжигчин Мерилин Монро тэртээ 1926 оны энэ өдөр мэндэлж байжээ. 36-хан насандаа хорвоог орхисон түүний богинохон амьдрал төсөөлөшгүй том нэр хүндийг түүнд авчирсан билээ.
Мерилин Монрогийн жинхэнэ нэрийг Норма Жейн Мортенсон гэдэг ба Монро гэдэг нэр нь ээжийнх нь хуучин овог ажээ. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ
Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна.
Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйсгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг.
Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийнх нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж.
Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.
1951 онд тэрээр төлөөлөгч Жонни Хайдын хүчин зүтгэлээр Асфальтан ширэнгэн ой, Ивийн тухай кинонуудад тоглож хүмүүсийн сонирхлыг татав.
Дараа нь хэд хэдэн туслах дүрд тоглосны эцэст 1952 онд “Хаалга тогших хэрэггүй” кинонд анхны гол дүрдээ тогложээ.
1953 онд “Найгара” хэмээх кинонд ташаагаа гунхалзуулан алхдаг "Монро алхалт"аараа хамаг эрчүүдийн анхаарлыг татаж шуугиулсан ба үүний дараа “эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай” , “Яаж саятантай гэрлэх вэ” , “Долоо дахь жилийн хууралт” кинонууд гялалзсан амжилтад хүрч Монро шилдэг одуудын эгнээнд орсон билээ.
1954 оны 2-р сард Бейсболын тамирчин байсан Жо Димажиотой гэрлэж хуримынхаа бал сарын аяллаараа Япон улсыг зорив. Тэд ердөө есөн сарын дараа Жогын хардалтаас болж салжээ.
Гэвч Монрогын амьдралд түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан нэгэн бол зөвхөн Димажио л байв.
Тэрээр 1962 оны 8-р сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.
Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон.
Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.
Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.
Түүний булш Лос-Анжелес хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг.
Хуучин нөхөр Ди Мажио нь булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна