Иванка Трамп: Аав маань надад "өөрийнхөө дуртай зүйлийг л хий" гэж хэлдэг

2017/06/13
АНУ-ын төрийн тэргүүний том охин гоо сайхан, алдар нэр, оюун ухааныг цогцлоосон бизнес эмэгтэй Иванка Трамп Woman сэтгүүлийн өнгөрсөн дугаарт ярилцлага өгчээ. Тэрбээр амжилттай бизнес эрхлэгч, гурван хүүхдийн ээж, ерөнхийлөгчийн туслах төдийгүй Wharton-ы бизнесийн сургуулийн төгсөгч, загвар өмсөгч асан, “Трампын хөзөр: Амьдралын болон ажлын талбарт ялалт байгуулах нь” бестселлер номын зохиогч юм.



Түүний олон “цол хэргэм”-ийн нэг бол, “The Trump Organization”-ы дэд ерөнхийлөгч юм. Тиймдээ ч тэр Трампын үл хөдлөх хөрөнгийн наймааг дэлхийн хэмжээнд цар хүрээгээ өргөсгөхөд санаа тавьдаг юм. “Ivanka Trump Fine Jewelry” брэндийг “United Brands” холбооноос 2016 оны шилдэг, шинэ үнэт эдлэлийн коллекцоор шалгаруулсан билээ. Мөн Иванка “Marc Fisher Footwear”, “Mondani Handbags and Accessories”, “HMX Group”-тэй хамтарч, өөрийнхөө загварын мэдрэмжийг олон улсад таниулсан.



Та анх карьераа эхлүүлж байхдаа, өмнөө ямар зорилго тавьсан байв? Эхнээсээ л өөрийнхөө брэндийг бий болгох төлөвлөгөөтэй байсан уу?

Би өвөө, аав хоёроо үл хөдлөх хөрөнгийн салбарт маш их ач холбогдол өгөхийг харж өссөн болохоор би ч бас энэ өв хөрөнгийг нь үргэлжлүүлэхийг хүссэн. Би ах нартайгаа нийлж Трамп зочид буудлын сүлжээг өргөсгөхийн хажуугаар энэ зорилгоо биелүүлж яваа гэдэгтээ итгэлтэй байгаа. Трамп брэнд нь чанар болоод стилийн илэрхийлэл гэж би боддог. Хувийн брэндээ бий болгох тухайд гэвэл, би үргэлж л тэр салбарынхаа шилдэг нь болохоор ямар нэг зүйлийг бүтээнэ гэж боддог байсан.

ivanka trump fashion зурган илэрцүүд

Иванка Трампын бизнесийн гол хүчин зүйл юу вэ?

Би хэзээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн их ач холбогдол өгсөөр ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн үе шат бүр миний сонирхлыг татдаг. Байгуулалтын эхний гэрээнээс авахуулаад, барилгын дотоод засал чимэглэл хүртэл...би бүх тал дээр шилдэг зохион байгуулалтын багийг бүрдүүлэхийг хичээдэг. Энэ ажилдаа би хэзээд дуртай байх болно. Гэхдээ өөрийнхөө стилээр брэнд үүсгээд, зөвхөн өөрийнхөө сонгосон загваруудаар хувцас гаргана гэдэг сайхан хэрэг. Энэ чинь эмэгтэй хүн бүрийн хүсдэг зүйл биш гэж үү?



Та маш олон салбарын бизнест ухаанаа сорьж байгаа. Өөрийгөө яг аль төрлийн бизнесийг хөгжүүлэгч гэж нэрлэх вэ?

Би өөрийгөө хувиараа бизнес эрхлэгч гэж нэрлэмээр байна. Би эрхэлдэг бизнесээ оргилд нь хүргэх шинэ арга замуудыг нээж олох дуртай. Үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, гольф, хувцас загвар, гоо сайхан, ер аль нь ч бай, би хэрэгжүүлж болох шинэ санааны эрэлд өдөр бүр гардаг. Өмнө нь хэлсэнчлэн миний хамгийн их чухалчилдаг салбар бол үл хөдлөх хөрөнгө.



Хүчирхэг бүсгүй Иванка бусад бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд юу гэж зөвлөмөөр байна?

Намайг хамгийн анх бизнест хөл тавьж байхад аав маань нэг энгийн хирнээ чухал үг хэлж байсан юм. Тэр надад “Өөрийнхөө дуртай юмыг л хий” гэж хэлсэн. Энэ үг намайг жинхэнэ зорилго руу минь чиглүүлж өгсөн гэж би боддог. Товчхондоо хийж байгаа юмандаа үнэхээр дуртай хүн л, түүгээрээ шилдэг нь болж чаддаг.



Таны хүүхдүүд хараахан том болоогүй ч гэсэн энэ их өв хөрөнгийг өвлөн авах хүмүүс тул бизнест амжилт гаргах тал дээр тэдэнд ямар зөвлөгөө өгдөг вэ?

Би тэднийг өөрийнхөө хүссэн амьдралын замыг сонгож, үнэн сэтгэлээсээ хийх дуртай юмаа олоосой гэж хүсч байна. Тууштай хөдөлмөр, чин хүсэл эрмэлзлийг юугаар ч орлуулашгүй гэж би боддог.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна