Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийг санаачилж, тэр үеэр Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарласан. “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай уг уулзалтаар олон сайхан зүйл ярьсан боловч харамсалтай нь бодит амьдрал дээр эсрэг явдал болж байна. Тодруулбал, өчигдрөөс Төмөр замын ачаа тээврийн тарифыг шинэчлэн мөрдүүлж эхэллээ. Өмнө нь 2015 онд ес, 2016 онд, 2017 онд таван хувиар өсч байв.
Тэгвэл Улаанбаатар төмөр зам ХНН-ийн албан вэб хуудсанд “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн УБТЗ-аар тээвэрлэх дотоодын ачаа тээврийн өнгөт ба хар металл, мод, машин механизм, тоног төхөөрөмж, хүнсний ачаа, орон нутгийн нүүрс, барилгын ачаа, гэрийн хэрэглэлийн тээврийн тарифуудыг 3-21 хувиар нэмэгдүүлэх болсныг мэдэгдье. УБТЗ ХНН” гэсэн мэдээ оруулжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хүнсний бүтээгдэхүүний ачаа тээврийн тариф 10 хувиар нэмэгдсэн аж.
Тэр хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь ээ. Иргэдийн халаасан дахь төгрөг үнэгүйднэ гэсэн үг. Хэдхэн өдрийн өмнө Засгийн газраас санаачлан төр, хувийн хэвшлийн уулзалт хийж байхад Гурван тулгуурт хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр 2020 он хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар зургаан хувь, нэг хүнд ногдох ДНБ-ийг 4020 ам.долларт хүргэх, 263 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан гэж байв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ “Хүнсний экспорт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлнэ” гэж байлаа. Өдийг хүртэл хувийн хэвшлийнхэн бор зүрхээрээ нуруундаа тээж хөгжүүлж ирсэн салбаруудаа төр дэмжих юм байна гэж ойлгогдож байсан.
Гэтэл одоо иргэдийн орлого өсөх нь битгий хэл буурах болчихоод байна. Нөгөө талаас Төмөр замын ачаа тээврийн тарифын өсөлт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг элгээр нь хэвтүүлнэ. Хувийн хэвшилд очих дарамт ажлын байрыг бууруулна. Зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэд ажлын байргүй болно гэсэн гунигт ойрын ирээдүй эндээс харагдаж байгаа юм. Зөвхөн Төмөр замын ачаа тээврийн үнэ байнга өсөөд байдаг ч юм биш. Цахилгааны тариф гэж байнга өсдөг нэг зүйл бий. Өнөөдрийн байдлаар чадлын болон дэмжих тарифыг оролцуулаад 192.78 төг/кВц гэсэн ханштай байгаа. Цахилгааны тарифын өсөлт сүүлийн таван жилд нийт 92,78 хувиар өссөнийг юу гэх вэ. 2011 онд 100 төг/кВц гэж байсан бол одоо 192.78 болчихоод байна. Бензин шатахууны үнэтэй ярих ч юм биш. Дээр нь татварын өөрчлөлт, зээлийн хүү бол хувийн хэвшлийг дайраад л өнгөрдөг. Ийм орчинд бизнес төлөвлөнө гэдэг соёлтой газрын хүмүүст бол боломжгүй зүйл. Ер нь хүмүүсийн дунд хэдэн үйлдвэрлэл эрхлэгчид ярилцаж байгаад үнээ нэмчихдэг гэсэн яриа байдаг. Үнэндээ төр нэмдэг юм.
Талхны үйлдвэр байлаа гэхэд төмөр зам, шатахууны үнийн нэмэгдлийг дагаад тээврийн зардал өснө, цахилгааны хэрэглээний үнэ шингэнэ. Эцэст нь татвар, зээлийн хүүгээ оруулна. Ингээд иргэнд очих талх өөрийн үндсэн үнээс асар зөрүүтэй борлуулагддаг. Төмөр замын ачаа тээврийн тарифын хувьд хамгийн их өссөн нь 2016 он байдаг. Тэр жил бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүний тээврийн үнэ 30 хувь хүртэл, өнгөт ба хар металл, тэдгээрийн хайлш, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, кабель, төрөл бүрийн бүрээстэй утас, хаягдал өнгөт ба хар металл арматур, ган зэрэг бүтээгдэхүүн 15 хувь, мод модон материал, модон материалын хаягдал 20 хувь, гэрийн хэрэглэл, хэрэгцээгүй эдлэл, өвс сүрэл, амьд ба хатаасан ургамал, байнгын эргэлтийн сав, баглаа боодол 30, барилгын материалын тээвэр таван хувиар өсч байв. Үр дүнд нь өчнөөн олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурч өнөөдрийн ажилгүйдлийн төвшинг бий болгосон юм. Одоо 3-21 хувиар өсгөнө гэдэг дээрхийг л давтах гэж байгаа хэрэг.
Одоо урин цаг ирж хөдөө аж ахуй, түүхий эд, барилга бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байна. Үүнийг мэдрээд Төмөр замын ачаа тээврийнхээ үнийг нэмчих шиг боллоо. Барилга бүтээн байгуулалтын ажил угаас удаашралтай байгаагийн дээр улам нэрмүүлэх нь. Улсдаа ганц хамгаалалтын малгай үйлдвэрлэж чадахгүй байгаа үед олон юмыг гаднаас авч таарна. Адаглаад элсэн чихэр, цагаан будаа манай хөрсөнд ургах биш. Төмөр замын ачаа тээврийн тариф эдний үнийг өсгөх нь тодорхой. Ер нь ганцхан Төмөр замын ачаа тээврийн тариф нэмэгдлээ гээд төрийн бодлогыг үгүйсгээд байгаа юм биш. Манай улсад дотоодынхоо аж үйлдвэрийг дэмжих, ядахнаа хамгаалах бодлого ерөөсөө харагдахгүй явсаар ирлээ.
Наад зах нь одоо ноос, ноолуурын үе. Харин энэ үед ноос, ноолуурын мэргэжлийн холбоод, үйлдвэр, байгууллага, ченжүүдийн амнаас хятадууд бүгдийг нь авах тухай яриа гарах боллоо. Учир нь БНХАУ-ын банкууд хэдэн жил зогсоогоод байсан эргэлтийн жилийн хоёр хувийн хүүтэй зээлээ үйлдвэрлэгчиддээ олгоод эхэлжээ. Харин манай арилжааны банкны хүү жилийн 13-24 хувьтай байгаа. Тэгэхээр бөөн мөнгө өвөртөлж ирсэн хүмүүс ноолуурын үнийг өсгөж бүгдийг нь хамаад явчихаар байдал харагдаж байгаа юм. Бэлчээрээ 27 сая ямаагаар халцартал мэрүүлээд ноолуурынх нь 13 хувь эх орныхоо үйлдвэрт үлдэж чадвал их юм болдог. Дэлхийн ноолуурын 40 хувь Монголоос гардаг боловч ертөнцийн ээрмэл бүтээгдэхүүний 60 орчим хувийг Хятад Улс үйлдвэрлэж байна. Өнөө жилийн хувьд нэгэнт Хятадууд бага хүүтэй зээлтэй болсон юм чинь хамаад явах байлгүй. Гэтэл манайд 200 гаруй том жижиг үйлдвэр бий. Тэнд ажилладаг 10 мянга гаруй ажилчид сул зогсох нь. Уг нь ганц пальто хийхэд үнэ нь 100 дахин нугардаг юм шүү дээ. 500 тэрбум төгрөг байхад л бүх ноолуураа дотооддоо нөөцлөх боломжтой мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Ноолуур яахав гэхэд бүтээгээд босгочихсон үйлдвэрүүдээ ч туйлдуулж байгаа. Жишээ нь, жилд сая илүү тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дотоодын гурван ч үйлдвэр бий. Үүн дээр Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай жилд мөн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр Төв аймгийн Сэргэлэн суманд нээгдээд гурван жил өнгөрчээ. Хятадын төрийн өмчит компани барьж байгуулсан байдаг юм. Төв аймгийн Сэргэлэн сумыг сонгосон нь галт тэрэгний долдугаар зөрлөгийг түшиглэсэн хэрэг л дээ. Тус үйлдвэр зориуд бусад үйлдвэрүүдээсээ хямд үнээр борлуулалт хийж бусдыгаа зах зээлээс түлхэж байгаа. Нэг тонн цемент 2014 онд 110 ам.доллар байсан бол одоо 55 ам.доллар болоод энэ хэвээр удаж байна.
Мэргэжлийн хүмүүс тус үйлдвэрийн цементийг өнөөгийн үнийн орчинд үүсч байгаа зардалтай тохирохооргүй бага үнээр борлуулалт хийдэг тухай ярьдаг. Дээрх хоёроор жишээ авсан болохоос дотоодоо бүрэн хангах бололцоотой тариаланчид оросын гаалийн татваргүй улаан буудайнд цохиулан доройтож, сүү үйлдвэрлэгчид хямд үнэтэй хуурай сүүний давалгаанд дайрагдан мөхөж байна. Энэ үйл ажиллагааг “price dumping” буюу олон улсад хуулиар хориглосон нэг улсын эдийн засгийн ач холбогдол бүхий нэгжүүдийг шударга бусаар залгих бодлого гэдэг юм. Тэгвэл Монголын төр яагаад үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалдаггүй билээ.
Дэлхийн аль ч улс татвараар, гадаадын компанийн хувь хэмжээгээр улс орныхоо эдийн засгийг хамгаалж байдаг. Хүн ам ихтэй орнууд ч өөрсдийнхөө зах зээлийг хамгаалахын тулд гаалийн асар өндөр татвар тавьдаг. Тухайлбал, Энэтхэгийн импортын барааны гаалийн татвар нь гайхмаар өндөр. Нэг сав дотоодын тараг нь дэлгүүртээ импортын тарагнаас арав дахин бага үнэтэй байх жишээтэй. Хэрэв энэ тал дээр яаралтай анхаарч арга хэмжээ авахгүй бол манай улс дан ганц уул уурхайн түүхий эд нийлүүлэгч асар уудам зэлүүд газар болох нь ээ.
Яахав, хятадууд ирээд ноолуур өндөр үнээр аваад байг. Хэдэн малчдад хэрэгтэй. Хятадын том үйлдвэр ажиллаж л байг. Барилгачид хямд үнэтэй цементтэй байхад яадаг юм. Оросын улаанбуудайг хямд үнээр идвэл иргэдийн халаасанд хэмнэлттэй гээд яваад байж болно. Хожим дотооддоо ноолууран бүтээгдэхүүний үйлдвэргүй, цементийн үйлдвэргүй, тариаланчгүй болчихвол бид гаднаас тулгасан үнээр худалдаагаа хийх болно. Том улсууд бага, буурай орныхоо эсрэг явуулсан ийм үнийн дайны жишээ өчнөөн бий.
Одоо бодлого дүүрч гэхэд элдэв үнэ ханшаа нэмээд баймааргүй байна. Төр хувийн хэвшлээ дуудаж уулзаад гоё сайхан үг хэлсэн хэлээгүй тэд өөрсдөө хөгжих гэж тэмүүлж, бас хөгжсөөр ч ирлээ. Хувийн хэвшил хөгжиж, томрох хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Тэр хэрээр Солонгос болон бусад орныг зорьж буй ажилчдаа ч авч үлдэж чадна. Уул уурхайн түүхий эд гадагш нь гаргадаг өөрсдөө юуг ч үйлдвэрлэх сонирхолгүй байвал ажилгүйдэл, ядуурал, агаар хөрсний бохирдол дээрээ гутрал, бухимдалтайгаа байсаар байх болно. Уг нь бид эрүүл эко, чанартай бүтээгдэхүүнээр дэлхийтэй өрсөлдөх нөхцөл боломж, хүч бололцоо бий. Засгийн газраас одоо хувийн хэвшлээ дэмжинэ гэж байна.
Тэгээд уулзаад гарсан хүмүүсийн сүүлч далд ороогүй байхад Төмөр замынхаа ачаа тээврийн тарифыг нэмж байна. Энд л согог нь байгаа юм. Монгол дотор байдаг төмөр замын ачаа тээврийн үнэ нэмэгдэх нь монголын үйлдвэрлэгчдийг л туйлдуулна. Бусад барааны үнэ нэмэгдэх хэрээр түүхий эдийн үнэ нэмэгдэнэ. Үүнийг дагаад үйлдвэрээс гарч буй бэлэн бүтээгдэхүүний зардал өснө. Зардал нь өсвөл дотоодын хэрэглэгчид улам хямдхан, чанаргүй урд хөршийн бараа бүтээгдэхүүнийг сонгоно. Улс хохирно гэдэг иргэн хохирохыг хэлдэг юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна