"Нийслэл 31.7 тэрбумаар худалдаж авсан 400 автобусны мөнгийг төлөөгүй" гэх асуудлыг сөхлөө

2018/09/07
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд саяхан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Улаанбаатар хот өргүй боллоо” хэмээн зарласан. Гэвч Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 онд Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан БНСУ-ын “ДЭҮ” корпорациас авсан 400 автобусны 31.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг "Энэ чиглэлд байгуулагдсан сан нь хууль зөрчиж байгуулагдсан тул үйл ажиллагаа нь тодорхой бус байна" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр уг асуудалтай холбогдуулан Засгийн газарт нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын санал хүргүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа Нийслэлийн засаг дарга С.Батболдод албан бичгээр уламжилсан байна. 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн өгч буй мэдээллээр, 

“Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 онд Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан БНСУ-ын “ДЭҮ” корпорациас 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна.

Уг автобусуудыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж тараасан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт бүрхэг, сангийн зарцуулалт ч ойлгомжгүй байгаа юм. Учир нь тухайн үед “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ” нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны шийдвэргүйгээр “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-нд хамааралгүй сан байгуулсан байна.

Мөн Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 303 тоот “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, төсвийн хуулийг зөрчин, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө татан төвлөрүүлснийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т тусгаснаар “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө ... хүчингүй болгоно” гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэхүү хууль бус тогтоолоо өөрчлөхгүй бол татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг үнэгүйдэж, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэхэд хүндрэл учирч байгаа аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна