​Хөгжлийн банк 500 сая долларын шинэ бонд босгожээ

2018/10/17
Монголын цагаар урд шөнө Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын шинэ бонд босгожээ. Тус бондыг Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр босгосон бөгөөд энэ нь олон улсын зах зээлээс Засгийн газрын баталгаагүй босгосон анхны бонд болж байна. Шинэ бондоо таван жилийн хугацаатай 7.25 хувийн хүүтэй арилжаалжээ.  Бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх бөгөөд ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулахаар тооцжээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс найм дахин их байгаа бөгөөд зах зээлийн эрэлт өндөр байгааг шинжээчид онцолжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол Улс болон МУХБ олон улсын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх чиглэлд эрчимтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүн гэж албанынхан тодотгов.

Хэдий олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан байна.

Тус бонд нь таван жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой арилжаалагдсан бөгөөд Засгийн газрын сүүлд олон улсад арилжаалсан Гэрэгэ бондын өгөөжийн төвшнөөс өндөр буюу 85 суурь нэгж (0.85%)-ийн зөрүүтэй байна. Манай улсаас сүүлд олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондын хувьд Засгийн газрын баталгаатай байсан бөгөөд купоны төвшин Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс 280 суурь нэгж (2.8%)-ээр өндөр байсан юм.

Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад зохион байгуулсан байна.

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны зэрэглэлийг “S&P” агентлаг “B-“, “Fitch” агентлаг “B” гэж Засгийн газрынхтай ижил төвшинд тогтоосон билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна