PUBG тоглоомыг дэлхий дээр 500 сая хүн тогтмол тоглож байна

2018/11/13
         Нэг гүйх үү, сургууль дээр бууя, наад байшинг чинь ухцан байна, 6-тай дуран оллоо, мань чинь ноколчихлоо гэнгүүт танил сонсогдож байна уу?

 Тийм ээ, энэ бол PUBG нэртэй видео тоглоом. Өнгөрсөн онд БНСУ-д нээлтээ хийж, 2018 оны 3 сараас эхлэн гар утас, таблет дээрхи хувилбар нь гарснаас хойш дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа юм. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 500 сая хүн тогтмол тоглож байгаа гэх статистик байдаг бөгөөд PC, Xbox, гар утас таблет дээрхи борлуулалтаараа бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байна.


 
Уг тоглоом ийнхүү хүчээ авахад Хятад улсын Tencent Games чухал хувь нэмэр оруулсан төдийгүй, өнөөдөр дэлхийн хэмжээнд PUBG тоглож буй нийт тоглогчдын 50 хувь нь Хятадууд байна. Battle Royale буюу амьд үлдэхийн төлөө тэмцэх зорилготой уг онлайн тоглоомын онцлог гэвэл нэг дор 100 хүн интернетээр холбогдон тоглох, чаатлах боломж, сайжруулсан график дүрслэл, бодит мэт орчин, өргөн уудам талбай, зогсолтгүй хөгжүүлэгч тоглоомын багийнхан зэргийг нэрлэж болно.


 
Мэдээж сайныг дагаад саар гэдэгчлэн, уг тоглоомыг дагасан эрсдлүүд бий. Тун саяхан буюу өнгөрсөн 9 дүгээр сард Хятад улсын Хаймень хотод 13 настай хүү PUBG тоглоомыг ipad дээрээ тоглож дууссаны дараа 4 давхраас унаж, нас барсан байна. Тоглоом дээр 3,4 давхар байшингаас унахад ямар ч асуудалгүй амьд үлддэг байдал нь бага насны тоглогчдод буруу үлгэр дуурайлал үлдээсэн байж болох юм. 13 настай Шу Тианци нэртэй хүү шөнийн 1 цаг хүртэл PUBG тоглосон бөгөөд магадгүй тоглоомынхоо орчин, сэтгэхүйгээс салаагүй нойрмог байхдаа ч тийнхүү унаж осолдсон байхыг үгүйсгэхгүй. Хүүгийн ээж Хятадын Tencent Games-ын эсрэг зарга мэдүүлэхээ мэдэгдээд байна. Ямартай ч, бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдийг видео тоглоом тоглуулахдаа эцэг эхчүүд, ах эгч нар нь хараа хяналттай байлгасан нь зүгээр болов уу. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна