МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүдэд ичих нүүр гэж байна уу?

2018/11/16
УИХ-ын гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглан ЖДҮ-ийг дэмжих сангаас тэрбум, тэрбумаар нь зээл нэрээр мөнгө шамшигдуулсан тухай баримтууд нийгэмд ихээхэн бухимдал үүсгээд байгаа билээ.

Тэгвэл МЗЭ-ийн одоогийн удирдлагууд дээрхтэй адил төстэй хэлбэрээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй байна.  

Ялгаа нь гэвэл зохиолчид мөнгө төгрөг, ямар нэгэн хөнгөлөлтэй зээл тусламж улсаас аваагүй бөгөөд удахгүй болох гэж байгаа 90 жилийн ойгоо далимдуулж өөрсдийнхөө нэрийг Төрийн өндөр цол, шагналд нэгэн зэрэг тодорхойлсонд оршиж байгаа юм.

Тодруулбал, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай зохиолч Д.Цэнджав өөрийнхөө нэрийг Төрийн шагналд тодорхойлсон бол МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд өөрсдийгөө Соёлын гавьяат цол тэмдэгт, бусад нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гэх мэт шагналд эрэмбэ, дараагаараа нэр усаа тодорхойлж, холбогдох газрууд руу шийдвэрлэж өгнө үү хэмээн хүргүүлцгээжээ.

Зохиолчдын байгууллагыг удирддаг хүмүүс ийнхүү өөрсдийгөө Төрийн шагнал гэх мэтэд тодорхойлсон нь ёс зүйгүйгээс гадна, эрх мэдлээ урвуулан ашигласнаас өөрцгүй зүйл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Тэр ч бүү хэл Д.Цэнджав тэргүүтнүүд зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой тохиож байгаа тул бэлгэдлээ бодож 90 сая төгрөгөөр ойн баяраа тэмдэглэх нь зүйтэй хэмээн 90 сая төгрөгийн эрэлд гараад байгаа гэх  мэдээлэл ч байна.  

Нэг зүйлийг сануулж хэлэхэд, МЗЭ-ийг удирдаж байсан өмнөх удирдлагууд нь МЗЭ-ийн 85 жилийн түүхт ойг сая хүрэхгүй шахам төгрөгөөр даруухан тэмдэглэж, гавьяа шагналаа хүртэх ёстой ганц нэгхэн зохиолчийг шагналд нэр дэвшүүлж байсан юм билээ. Гэтэл МЗЭ-ийн одоогийн удирдлагууд эсэргээрээ 90 сая төгрөгөөр ойгоо тэмдэглэнэ хэмээн хөөрцөглөж, өөрсдийгөө нэгэн зэрэг шагнал, урамшуулалд тодорхойлж Төрийн ордон, Ерөнхийлөгч Х.Баттулгын өрөө хавиар гүйлдэцгээж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл юм болдоо.  

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна