АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхэд бэлэн” хэмээн “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.
Мөн Дональд Трамп “Хэрэв БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй "Их 20"-ийн чуулганаар уулзах үеэр хэлэлцээрт хүрч чадахгүй бол БНХАУ-аас импортлох бүх бараа, бүтээгдэхүүнд тарифын арга хэмжээ авна” хэмээн анхааруулсан байна. Үүний дотор “Apple”-ийн БНХАУ-аас импортлох “iPhone”, зөөврийн компьютерууд ч багтаж байгааг тэрбээр онцолжээ. Энэхүү мэдээллийн дараа “Apple”-ийн хувьцааны ханш огцом унаад байна.
АНУ өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод 10 хувийн тариф ногдуулах үеэр энэ дүн ирэх нэгдүгээр сарын нэгнээс 25 хувь болж өснө хэмээн мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын талаас АНУ-ыг энэ шийдвэрээ буцаахыг хүссэн ч АНУ-ын зүгээс БНХАУ-ыг зах зээлээ илүү нээлттэй болгох шаардлагатай гэсэн байр сууриа хадгалсаар байна.
Түүнчлэн Дональд Трамп “Худалдааны дайн”-аас хохирол хүлээж буй АНУ-ын компаниуд үйлдвэрлэлээ дотоодод төвлөрүүлж, өөрийн газар нутаг дээрээ барих хэрэгтэй гэдгийг уриалжээ. Одоогоор АНУ-аас БНХАУ-ын 250 тэрбум ам.долларын импортод, БНХАУ-аас АНУ-ын 110 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулаад байгаа юм.
Шинжээчдийн дунд худалдааны маргаан удаан хугацаагаар үргэлжилж магадгүй гэсэн таамаг давамгайлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна