Оросын эргийн хамгаалалтынхан өнгөрсөн Ням гаригт усан хилийг нь зөвшөөрөлгүй давсан хэргээр Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, олзолж авсан бөгөөд дотор нь явсан цэргүүдийг хорих шийдвэрийг Крымийн шүүхээс гаргажээ. Цэргүүдэд зургаан жилийн хорих ял оноох магадлалтай байна.
Олзлогдсон гурван усан онгоцонд 20 гаруй цэргүүд явсан бөгөөд тэдний шүүх хурлыг ирэх Ням гаригт Симферопольд эхлүүлэхээр болжээ. Цэргүүдийн тоог Украин 23 гэсэн бол ОХУ усан онгоцнуудад нийт 24 цэрэг байсан гэж мэдээлж байгаа юм.
ОХУ 2014 оны үйл явдлын дараа нутаг дэвсгэрийнхээ өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон Керченскийн гүүрийг барьж, энэ жил ашиглалтад оруулсан билээ. Тус гүүр нь ОХУ болон Украины аль алиных нь чухал усан боомтууд байрладаг Азовын тэнгисээс хар тэнгист гардаг Керчинскийн хоолой дээгүүр тавигдсан юм. Харин гүүр барьснаар Керчинскийн хоолойд Оросууд илүү их хяналт тавих болсон төдийгүй үүнийг өөрсдийнхөө усан нутаг дэвсгэр хэмээн зарлаж байгаа аж.
ОХУ-ын зүгээс Украины хөлөг онгоцнууд тэдний усан нутаг дэвсгэрийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж байгаа ч Киевийн зүгээс цэргүүд нь гүүрний ойролцоо ирээд дохио өгч, мэдэгдсэн гэж байгаа юм.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг асуудлаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой биечлэн ярилцахаас татгалзсан тухай Кремлээс мэдээлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна