'Боинг'-ийн түрээсийн асуудлаар хэлэлцээр хийнэ
МИАТ компани "Boeing 737 МAX-8" онгоцны түрээсийг хэрхэх талаар түрээсийн үйлчилгээ үзүүлсэн “Avolon" компанитай өнөөдөр хэлэлцээр хийхээр болсон байна. Манай улс эхний ээлжид ирэх сарын 15-н хүртэл онгоцоо ашиглахгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ.
"Boeing 737 МAX-8" загварын онгоц таван сарын дотор хоёр удаа осолдож 300 гаруй хүн амиа алдаад байгаа. Тэгвэл энэ сарын 26-нд тус загварын дахин нэг онгоц ослын буулт хийсэн. Тодруулбал, мягмар гаригт АНУ-ын Орландо хотын олон улсын нисэх буудлаас Калифорни мужийн Викторвелл хотыг чиглэн зорчигчгүй нисэж байсан “Boeing 737 Max 8” онгоц Флорида мужид ослын буулт хийсэн байна.
Дараалж гарсан хоёр ослын улмаас дэлхийн улс орнууд тус загварын онгоцыг ашиглахаас бүр болон түр хугацаагаар татгалзаад байгаа юм. Харин манай улс түрээсээр авсан онгоцоо түр хугацаагаар нислэгт гаргахгүй байгаа бөгөөд ослын шалгалтын дүн гарсны дараа тодорхой болох талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлсэн.
Мөн тэрээр “Ер нь онгоц дахиж авна. Төлөвлөж байгаагаар энэ оны сүүлээр нэг онгоц, 2020 онд нэг онгоц авахаар байгаа. Гэхдээ онгоцны ачаалал, нислэгийн давтамжийг харж байгаад яаж авах вэ гэдгээ ярина” гэсэн юм. Манай улс "Boeing 737 МAX-8" загварын гурван онгоц түрээслэхээр гэрээ хийгээд байсан ч удаа дараа гарсан ослоос шалтгаалан ийнхүү түрээсийн гэрээгээ хэрхэх талаар хэлэлцээр хийхээр болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна