Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019/07/18

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал энэ хаврын, энэ зуны, энэ парламтентийн чухал асуудал болоод байна. Олон он дамнан яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ хавраас эхлэн урагшилж, эхний хэлэлцүүлгээ хийгээд, хоёр дахь хэлэлцүүлэгтээ тулж  ирээд байна. Одоогийн зүгээ олохоо байсан шүүх, гүйцэтгэх тогтолцооны гажуудлаа засах, асуудлыг зөв голдиролд оруулах хамгийн сайхан боломж нь энэ гэдгийг ч хүн бүр хүлээж байгаа. Тэр ч утгаараа УИХ, Ерөнхийлөгч, иргэд гээд улсын “эд”, “эс” бүр гар бие оролцож, санал дүгнэлтээ хүргүүлж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч мягмар гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч үүнд ямар ч боломжгүй, зарчмын хувьд нийцэхгүй, УИХ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгын эсрэг чиглэсэн заалтууд байгаа тухай хуульчид дурдаад байгаа юм. Үүнээс тоймлон хүргэе.

Энэ өөрчлөлтөөс иргэдэд хамгийн их хүрч, Ерөнхийлөгчийн Тамгийн газраас ч төслөө танилцуулахдаа онцлоод байгаа заалт бол УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох. Үүнийг тайлбарлахдаа, олон улсын жишгийн дагуу сонгогчийнхоо тоотой дүйцүүлж байгаа хэмээсэн. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Гишүүдийн тоо нэмэгдсэнээр зардал нэмэгдэнэ. 76-аа тэжээж чадахгүй байж юун 108 болгох” гэсэн яриа байгаа. Гэхдээ энэ эсрэгээрээ байгаа. 1992 онд Үндсэн хууль батлахад хоёр сая хүн амтай байсан. Одоо Монгол Улсын хүн ам гурван сая гарлаа. Тэгэхээр 114 гишүүтэй байх юм. Тиймээс Ерөнхийлөгч 108 болгоод газар нутгийн төлөөллийг заавал оруулна гэж байгаа юм” гэсэн. Харин үүнийг хуульчид “Боломжтой хувилбар. Угаасаа олон улсад тийм л байдаг. Манайх хамгийн бага гишүүнтэй улс. Мөн гишүүдийн тоо бага байгаагаас болж, гишүүд 2-3 байнгын хороонд харъялагдаж, орж ирж байгаа хуулийн төслийг сайн судлах боломж олдоггүй” гэж тайлбарласан ч “Одоо гишүүдийн тоог нэмэх цаг нь  биш” гэдэг тайлбар өгсөн. Үүний дараагаар хоёр танхимтай буюу УИХ-ын 108 гишүүний 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн. Гэхдээ энэ тухай ерөнхий заалт байгаа бөгөөд, яг ямар тогтолцоо, ямар зорилго зэрэг тодорхой заалт ороогүй байгаа юм. Харин гүйцэтгэх эрх мэдлийн тухай заалтаас нэгийг онцлоход, Ерөнхий сайд томилогдоод, мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ ҮАБЗ-д оруулж, хянуулаад, дараа нь Үндэсний хөгжлийн газарт хянуулаад, энэ хоёр байгууллагын босгыг давбал, УИХ-д оруулах тухай. Ингэхээр ард түмнээс сонгогдсон УИХ-ын сонгосон Ерөнхий сайдын мөрийн хөтөлбөр, ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газрын босгыг давах нь зүйд нийцэхгүй заалт гэсэн тайлбарыг хуульчид өгөв. Тэгвэл одоогийн хуулиар 801 иргэн нэгдээд нам байгуулах эрхтэйг, 50 мянга болгосон хүн амынхаа тоотой харьцуулахад “Жижиг” нам байгуулахгүй гэсэн утга бүхий заалт гэж тайлж болохоор юм.

УИХ-дээр хэлэлцэж буй Д.Лүндээжанцан нарын боловруулан өргөн барьсан төсөлд шүүх засаглалын тухайд нэлээн олон өөрчлөлт орж буй. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийг одоо л өөрчлөхгүй бол шүүх засаглал дахин хэзээ ч босохгүй” гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх олон заалтыг тусгасан тухайгаа илэрхийлсэн юм. Тодруулбал, энэ төсөлд шүүх эрх мэдлийн өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд томилох явц хийгээд тухайн хүнд тавих шаардлагыг өндөрсгөсөн. Түүнээс гадна тухайн шүүгчийг эрх мэдэлтний нөлөөнд автахгүй байх үүднээс хугацааг уртасгасан юм. Жишээлбэл, улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр  жилийн хугацаатайгаар нэг удаа томилохоор тусгасан. Ингэхдээ дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэн байхаар заасан. Энэ заалтын арван хоёр жил, нэг удаа томилох, дөчин нас хүрсэн гэдэг дээр анхаарлаа хандуулцгаая. Дөчин нас хүрсэн хүн дээд шүүхийн шүүгчээр томилогдоод 12 жил буюу тэтгэвэрт гартлаа ажиллана. Тэгээд дахин томилогдохгүй гэхээр нөгөө шүүгч харьцангуй тогтвортой, амьдралын баталгаатай байх тул хараат бус байдал бий болох нь.  Хэрэв ажиллах жилийг зургаа болговол тухайн шүүгч зургаан жилийн дараа дахин сонгогдох, эсвэл карьерээ хадгалахын тулд өөрийн эрх ашгаа бодсон шийдвэр гаргах эрсдэлтэй. Мөн дахин сонгогдохоор байвал дараагийн сонголтдоо бэлдээд хэн нэгэнд таалагдах шийдвэр гаргаж, өөр нэгний эрх ашгийг хөсөрдүүлнэ. Тиймээс дээрх заалтыг оруулжээ. Цэцийн гишүүдийг ч  энэ жишгээр ажиллах хугацааг уртасгаж, нэг удаа томилж, 40 нас хүрсэн байхыг заасан байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд энэ зорилго эсрэгээрээ чиглэсэнд хуульчид бухимдалтай байгаа. Үндсэн хууль судлаач О.Машбат “УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоос цаашихыг нь уншаарай. Ард түмэн маань төргүй болох нь байна шүү” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. 

Ерөнхийлөгчийн УИХ-д танилцуулсан төсөлд “Шүүхийн тогтолцоог засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийг дагуулан тогтоож байгаа нь төрийн үйлчилгээний нэг төрөл болох шүүхийн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй байлгахад гол саад тээг болж байна. Шүүхийн ачааллыг жигдлэхэд саад болж байсныг зохицуулах санал орууллаа. Шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулж бус тойргоор уян хатан байгуулах нь нэмэлт санхүүжилт шаардахгүй, цэвэр зохион байгуулалтын ажил байх юм. Шүүхийн сахилгын хороо байгуулах нь шинэ санал юм. Сахилгын хороо бол Шүүхийн ерөнхиий зөвлөлд одоо байгаа Мэргэшлийн хороо, Ёс зүйн хороо гэмэн бүтцийг нэгтгэсэн, бие даасан бүтэц бөгөөд үндсэн үүрэг нь сахилга алдсан шүүгчдэд итгэл үзүүлэх эсэх асуудал байх болно. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, сахилга хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлд Улсын Их Хурлаас багц хууль батлан хэрэгжүүлсэн боловч шүүгчид хариуцлага хүлээлгэх оновчтой тогтолцоо өнөө хир бүрэн бүрдээгүй гэж үзэж болохоор байна. Хэдийгээр шүүгчид ёс зүйн болон боломжит бусад хариуцлагыг хүлээлгэх чиг үүрэг бүхий Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө нь туйлын хангалтгүй  байна. Тухайлбал Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 1135 гомдлоор ердөө 14 шүүгч л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Иймд шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн зөрчлийг  шалган шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулж, сахилгын хорооны магадлалыг аль нэг тал эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг салбар хуулийн хүрээнд улам боловсронгуй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас ялгамжтай байдлаар тогтоох шаардлагатай байна” гэж шүүх тогтолцооны тухай дурдсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна