ТООЦОО БОДОХ ЦАГ: Засгийн газар VS “Рио Тинто”

Х.Батсайхан
14 цаг 57 минутын өмнө

                                   -“Онтрэ гоулд” дээр ДАВТАЖ БОЛОХГҮЙ АЛДААНУУД-

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох болсонтой холбоотойгоор тус бүлэг ордод “Онтрэ гоулд”-ын эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, түүнд хамрагдах баялгийн олборлолт, хуваарилалт тулгамдсан асуудал болж хувираад байгаа билээ.

“Рио Тинто” Оюутолгойн бүлэг ордын “Онтрэ гоулд” ХХК-ийн эзэмшлийн талбайд явуулах үйл ажиллагаандаа 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг үйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа бол Засгийн газар “Онтрэ гоулд”-ын асуудлыг одоогийн нөхцөл байдлыг бага ч атугай дээрдүүлэх нэг боломж гэж харж буй.

 Тэгэхээр, дээрдүүлэхийн тулд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн санах, тэрхүү гэрээний хэрэгжилтийг дүгнэж, Рио Тинтогийн талаас Монголд өгсөн гэж гэж нэрлэн өссөн дүнгээр мэдээлээд байгаа мөнгийг ялгаж салгаж, нөгөө талаас Монголын төрөөс ХОГ-гээр үзүүлсэн хөнгөлөлтөө нэгтгэн нэг тооцоо бодоод олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэсэн санааг zuv.mn хөндөж байна.

Ингэж тооцоо хийснээр Рио Тинто Монголоос ашиг хийдэг үү, Монгол Рио Тинтогоос аваад байгаа юм уу гэдэг уг нь маш тодорхой асуудлыг ойлгомжтой болгоно.

Хамгийн гол нь, “Онтрэ гоулд”-ын асуудалд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг хэрэглэж болох уу гэдэгт хариулт өгөх ёстой. Үүнд олон нийтийн үүрэг оролцоо чухал тул Рио Тинтогоос өнөөдрийг хүртэл явуулж ирсэн мэдээлэх арга зүй, “тархи угаалт” буюу баасыг алт болгож харагдуулах технологитой холбоотой сэдвийг мөн хамтатган хөндөж байна.

                                                             Өрийг ашиг болгож харагдуулах

Монголчууд Оюутолгойд хувь эзэмшсэнээрээ өрөнд орсон гэдгийг анх байгуулагдах үед нь эрдэмтэн судлаачид ч хэлж байсан, арай хожуу Засгийн газар ч хүлээн зөвшөөрч өөрчлөхийг хичээж эхэлсэн. Гэвч хэдхэн төрлийн татвар, төлбөрөөс өөр авч байгаа юмгүй монголчуудыг их ашиг хүртэж байгаа мэт ойлголтой байлгахыг хичээж ирсэн.

 Бодит байдал илчлэгдэхээс өмнө амжилттай ч болж байлаа. Гэвч сүүлдээ монголчууд хэрсүүжиж, арга залийг нь ойлгодог болсон юм. Гэсэн ч “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр бохир технологио хэрэглэсээр байна. Тиймээс тэрхүү технологийг нь дурдаж байна. Мэдээлэх арга технологио өөрчлөхийг тулгах, болохгүй бол төр өмнөөс нь арай өөр ойлгомжтой, бодит ойлголт өгөх хэмжээнд тайлбарлах боломж байгаа гэж бодож байгаа учраас бичиж байна.

“Рио Тинто”-гийн хэрэглэдэг нэг муухай арга бол өр тавьсан ч Монголд ашигтай гэж ойлгуулахыг оролддог явдал.

ЖИШЭЭ. “Рио Тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэглэх 1.1 тэрбум ам.долларын зээл авах шийдвэрийг 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан. “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшдэг Монголын тал эсэргүүцсэн ч дийлээгүй, олонхийн саналаар шийдсэн байдаг. 

"Рио Тинто" зээлийн асуудлыг өмнөх сард /2023.XI сар/ нь ТУЗ-ын хурлаар оруулж ирсэн бөгөөд суурь хүүг нь зургаан хувь байхаар тооцсоныг Монголын тал эсэргүүцэж, шийдвэр гаргалтыг хойшлуулан, хүүг бууруулах чиглэлд ажиллахаар болоод тарсан байдаг аж. Харин дараа сард нь, эхэнд дурдсанчлан хүүг 2.2 хувиар бууруулан 3.8 хувь болгоод Монголын талын эсэргүүцлийг үл харгалзан баталжээ. 

Энэ зээлийн талаар мэдээлэхдээ "Зээлийн хүү 2.2 хувиар буурснаар Монголын талын хүртэх мөнгөн урсгал 262 сая ам.доллараар нэмэгдэнэ" гэсэн байдаг. Хэн ч юм “Зургаан хувь” гэж тэнгэрийн тоо эхэлж оруулж ирснээрээ л манайхыг ашигтай болгочихож байгаа юм. 100 хувийн хүүтэй мөнгө зээлье гэж оруулж ирснээ дараа нь өөрчилсөн бол манай ашиг бүр ч ихсэх нь мэдээж.

                                      Буурч байгаа өгөөжийг ихсэж байгаа мэт харагдуулах

“Рио Тинто”-гийн мэдээллээ олон нийтэд хүргэдэг нэг бохир арга нь Монголд төлдөг татвар, төлбөрөө өссөн дүнгээр мэдээлдэг явдал. Жилд төлөх татвар, төлбөр нь багасаж байгаагаа нуухын тулд ингэдэг нь тодорхой.

 Нэг тайлбар хэлэхэд, энэ нийтлэлд “Оюутолгой”, “Айвенхоу майнз” гэж дурдахгүй байгаагийн учир нь, Рио Тинто “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл”-ээс 49 хувийг эзэмшиж байсан “Айвенхоу майнз”-ыг шахаж гаргасан бөгөөд одоо дангаараа хянаж байгаа юм.   

Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ямар их үр өгөөж өгч байгаа талаар “Рио Тинто” байсхийгээд л дэлхий нийтэд тайлагнадаг. “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд монгол хэл дээр /монголчуудад зориулсан/ тавигдсан тайлангуудад ч “Бид л өгдөг” гэсэн агуулга нэвт шингээстэй. 

Жишээлбэл, 2018 оны тайланд “Оюутолгой компанийн Монгол Улсад оруулсан хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрэв. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа” гэжээ.

Уг нь бол, тухайн жилд хийсэн хөрөнгө оруулалтаа бичээд, араас нь нийт дүнг тавих нь агуулгын хувьд зөв баймаар. Гэтэл Оюутолгой тайлангууддаа нийт оруулсан хөрөнгөө эхэлж бичээд араас нь тухайн жилд төлсөн татвар төлбөрүүдээ бичдэг аж. 

Зүйрлэвэл “Би энэ жил тэдэн төгрөгийн хөрөнгө орууллаа. Урьд жилүүдийнхтэй нийлээд нийт тэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан байна” гэхийн оронд “Би нийтдээ төдөн төгрөг өгсөн шүү. Энэ жил төдийг өгсөн” гэж байгаа нь яах аргагүй дарамталсан өнгө аястай.

Үнэндээ бол Монголын төр ч хариуд нь хангалттай “эрхлүүлж” байгаа. Чухам яаж, ямар байдлаар эрхлүүлж байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах цаг нь болсон. Энэ бол их энгийн. 

“Оюутолгой”, “Рио Тинто” тийм их хөрөнгийг Монгол Улсад шингээдэг, төрд өгдөг юм бол Тогтвортой байдлын гэрээний дагуу эдэлж буй хөнгөлөлтүүдийг нь ч давхар зарлан, олон нийтэд хүргэдэг байх ёстой гэсэн санаа юм. 

Ингэхдээ тухайн жилд эдлэсэн хөнгөлөлт, тогтвортой байдлын гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш эдлэсэн нийт хөнгөлөлт зэргээ цугт нь зарлана. “Оюутолгой” жирийн компани байгаад тогтвортой байдлын гэрээнд хамрагдаагүй байсан бол ийм хэмжээний татвар төлөх байсан, харин хөнгөлөлт эдэлснээрээ ийм багыг төлж байна гэж тодорхой зарлах хэрэгтэй. 

Энэ бол "Оюутолгой" ХХК Монголд хүртээсэн өгөөжөө мэдээлдэг шиг л энгийн мөртлөө заавал тогтмол гаргадаг мэдээлэл болох ёстой. Үр дүнгийн тухайд, ядаж л монголчууд тэднийг буянтан биш, ижил тэгш эрх, үүрэгтэй хамтрагчид гэж хардаг болох юм.   

Тооцоо бодсоноор “Онтрэ гоулд”-ын асуудалд Рио давуу эрхтэй оролцох ёсгүй юм байна гэдгийг ойлгуулна

Оюутолгойн санхүүгийн талаар манай улс тодорхой, бүрэн гүйцэт мэдээлэл олж авч чадахгүй нөхцөл байгаа нь үнэн. Гэвч одоохондоо байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаад тооцоо хийж болно.

 “Рио Тинто“ буян үйлдэгч биш, хамтран ажиллагч, “Оюутолгой” ХХК Монголын аж ахуйн нэгж гэдгийг ойлгуулахад чухал ач холбогдолтой. Ингэж байж баялгийн 34 хувийг эзэмшигч монголчууд статусаа илүү ойлгоно, шаардлагаа тавина.

Засгийн газар ч хэлэлцээрт илүү том байр суурьтай оролцоно. “Онтрэ гоулд”-ыг нааштай шийдэж чадвал цахилгаан станцаа байг гэхэд зэс боловсруулах үйлдвэр, хамтарч ажиллах бусад төслүүдийг ажил хэрэг болгоход нэмэр болно.

Хөрөнгө оруулалтын гэрээ “Рио Тинто”-д ашигтай юу, Монголд ашигтай юу гэдэг асуултын хариуг иргэдэд бага  атугай тодорхой болгох юм. Асар их татвараас чөлөөлөгдөж, тэр мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлчихээд буян үйлдэгчийн дүр эсгэх ёсгүй. 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.80
    12 цагийн өмнө

    монголчууд үр өгөөжөө өгөхгүй байгаа оюу толгой бороо гоулд кэрэг компаниудад үнэхээр дургүй шүү

    Хариулах
  • 122.201.31.36
    13 цагийн өмнө

    Үүнийг хараасай

    Хариулах
  • 122.201.31.36
    13 цагийн өмнө

    Маш зөв

    Хариулах