Өмнөд Солонгосын томоохон зах зээл болох К-поп ертөнцөд анх удаа өнгөт арьст гишүүнтэй хамтлаг төрөн гарсан нь олныг гайхшруулав.
“Black Swan” буюу “Хар хун” нэртэй тус хамтлаг нь “DR-Entertainment”-д харьяалагддаг бөгөөд таван гишүүнээс бүрдсэн охидын хамтлаг юм. “Black Swan” хамтлаг аравдугаар сарын 16-ны өдөр “Goodbye Rania” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо сонсогчдод хүргэж, албан ёсоор К-поп ертөнцөд хөл тавьжээ.
Энэхүү хамтлаг нь дебютээ хийхээс өмнө “Rania” нэрээр уран бүтээлээ хүргэж байсан бөгөөд хамтлагийн гишүүн асан Алекс мөн л өнгөт арьст эмэгтэй байсан юм.
Тус хамтлагийн гишүүн Фатоу Самба нь 1995 онд Сенегалд төрсөн ба К-поп хөгжмийн ертөнц дэх цор ганц өнгөт арьст эмэгтэй дуучин гэдгээрээ онцлог юм. Түүний хувьд дуулахаас гадна фото моделийн чиглэлээр чамгүй амжилттай яваа нэгэн аж.
К-поп ертөнцийн сонсогч, үзэгчдийн анхаарал тус хамтлагийн гол реппер болох шинэ гишүүн Фатоу дээр төвлөрч байгаа ба түүнийг хамтлагийн “маркетинг” хэмээн дүгнэж буй хүмүүс цөөнгүй байгаа юм.
Фатоу Самба захидалдаа, “Би Сенегалд төрж Бельгид өссөн. Одоогоор Солонгост амьдарч байна. Би өөрийнхөө тухай маш олон зүйл ярих хэрэгтэй байгаа хэдий ч чухам юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. “Black Swan” хамтлагт орсон маань миний хувьд маш том амжилт юм. Үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгаа болохоор би их сандарч байна” хэмээн бичжээ.
Дашрамд дурдахад, хамтлагийн хамгийн залуу гишүүн болох 2001 онд төрсөн Лейагийн аав нь япон, ээж нь бразил хүн юм. Бусад гишүүд болох Ёнхюн /1994/, Жюди /1995/, Хёми /1995/ нар нь Солонгос үндэстэн аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна