​ Уэйн Руни их спортоосоо зодог тайллаа​

Х.Есү
2021/01/18

Английн шигшээ болон Манчестер Юнайтед багийн бүх цаг үеийн мэргэн бууч, домогт довтлогч Уэйн Руни албан ёсоор их спортоосоо зодог тайлж буйгаа мэдэгдлээ.

Уэйн Руни Манчестер Юнайтед багийн төлөө 559 тоглолтонд оролцож 253 гоол оруулснаас гадна багийнхаа хамтаар Английн Премьер лигт таван удаа, УЕФА Аваргуудын лиг, Европа лигт тус бүр нэг удаа түрүүлсэн билээ. Мөн тэрбээр шигшээ багийнхаа төлөө 120 тоглолтонд 53 гоол оруулсан үзүүлэлттэй.

Руни мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа Эвертон багаас эхлүүлж, дараа нь Манчестер Юнайтед багт үргэлжлүүлж эцэст нь эргэн Эвертон багтаа ирж, замналынхаа сүүлийн жилүүдийг АНУ-ын ДС Юнайтед, Дерби Каунти зэрэг багуудад өнгөрүүлсэн юм.
Уэйн Рунигийн хувьд 35 настай тэрбээр хөлбөмбөгчний замналдаа цэг тавьж, Английн Чампионшип дивизоны Дерби Каунти багийн тоглогч, дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд цаашдаа үндсэн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болж ийнхүү дасгалжуулагчийн замналаа эхлүүлж байна.

Уэйн Руни ахлах дасгалжуулагчийн замналынхаа анхны албан ёсны тоглолтыг 2021.01.16 Ротерхэм багийн эсрэг хийжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна