Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.02.03/ хуралдлаа. Хуралдаанаар сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Улаанбаатар хотод хатуу хөл хориог тогтоох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ асуудлаар Улсын Онцгой комисс өчигдөр орой хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа Улаанбаатарт тогтоох хатуу хөл хориог энэ сарын 11-ний өдрийн ирэх долоо хоногийн пүрэв гарагийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоног тогтоох шийдвэрийг гаргалаа.
Шадар сайд С.Амарсайхан "Цагаан сараар халдвар тархах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэл өндөр байна. Тиймээс Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон хугацаанд компанит ажлаа явуулна. Халдварыг дөрөв дахин бууруулна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй голомт байна. Тархалт идэвхтэй байх хандлага байна. Олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Нэг хаалга, нэг шинжилгээ хийнэ. Хөл хориойг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хөл хорино. Энэ хоногт 420 мянга гаруй айлд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна. Анх удаа хийж байгаа болохоор алдаа, дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаа гаргахгүй ажиллахыг зорьж, ажиллана. Өдөрт 42 мянган шинжилгээг хийнэ гэж төлөвлөж байна.
Шинжилгээний цэгийг 73 цэгт байгуулна. Зарим тохиолдолд хөдөлгөөнт шинжилгээний газрыг ажиллуулна. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ, зөөврийн ус, түлшний худалдан авалт, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг хүн зөвшөөрсөн цэгээс хүнсний худалдаа хийнэ. Тэр үед QR кодоо заавал уншуулна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүл, ойр дотны хүмүүс л оролцоно. Нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд 07:00-10:00, 17:00-20:00 цагт л явна. Айл хэсэхгүй, гэрээс гарахыг хориглоно. Ахуйн архидалтыг хязгаарлаж, хориглоно. Хяналт тавьж ажиллана. Хүнсний худалдаа хэвийн үргэлжилнэ. Банкны цахим машины үйл ажиллагаа ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүд хэвийн явагдана" гэлээ.
Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг маргааш /2021.02.04/ болох Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, баталгаажуулахаар төлөвлөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна