ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж байна

С.Гандэлгэр
2021/02/06

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг олгодог.
Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран сонгон шалгаруулалтыг зөвхөн цахимаар явуулж байгаа аж. Бэлтгэл ангид суралцах зардал ч энд багтсан байна. Замын зардал, виз, эрүүл мэндийн даатгал, суралцах хугацааны байрны зардлыг элсэгчид хариуцна.  

Тавигдах гол шаардлага –

Сайн сурлагатай байх. Бүх дүн сайн буюу онц байвал зохино (монголын сургалтын стандартаар А ба В, оросын стандартааро  «онц», «сайн»),  гол биш хичээлээр 1-2 “дунд-буюу С” дүн байж болно. Өөрөөр хэлбэл горилогч сонгон шалгаруулалтанд “Эдийн засаг” гэсэн мэргэжлээр шалгалт өгөх гэж байгаа бол түүний боловсролын үнэмлэх дэх математикийн хичээлд  «С» дүнгүй байх ёстой. Мөн анагаах ухааны мэргэжлээр суралцах гэж буй горилогчийн сурлагын үнэлгээний хими ба биологийн хичээлд “С” буюу “дунд”  дүн байх ёсгүй.  

Төлөөлөгчийн газрын сайтад элсэлтийн дүрэм, хаана хэзээ бүртгүүлэх тухай журам, ямар баримт бичиг гаргаж өгөх, шалгалтын хуваарь гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан байна.  Бүртгэл 1-р сарын 20-нд эхэлж 2-р сарын 20-нд дуусна. /education-in-russia.com/

Та education-in-russia.com сайт дээр суралцах бүх чиглэлтэй танилцахаас гадна мэргэжлээ сонгох тестийг үнэ төлбөргүй бөглөж болно. 

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд оролцох горилогч дараах зүйлийг хийнэ. Үүнд:

  • Орос Улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны education-in-russia.com сайт дээр бүртгүүлэх
  • Орос хэлэнд хөрвүүлсэн боловсролын үнэмлэх (аттестат, диплом эсвэл сүүлийн хагас жилийн сурлагын дүн бүхий тодорхойлолт) заавал хавсаргах.
  • Гадаад паспортын скан хуулбар (хүчинтэй байх хугацаа хил давсан өдрөөс хойш 18 сар буюу  2023 оны 3-р сарын 1 хүртэл байх шаардлагатай)
  • Сүүлийн 2 жилийн ололт амжилтыг харуулсан баримт бичиг (диплом, өргөмжлөл, гэрчилгээ гэх мэт)-ийг хавсаргах.  Гэхдээ сонгосон мэргэжилд тань тохирсон баримт бичиг байвал зохино, тухайлбал: инженер-техникийн мэргэжлээр суралцах  бол математик эсвэл физикийн олимпиадын өргөмжлөлтэй байх. Энэ нь анагаах ухаан, хүмүүнлэгийн мэргэжлээр суралцагсдад нэгэн адил байна. 

Бүх баримт бичгийг орос хэлэнд  заавал хөрвүүлсэн байна. Орчуулгын товчоогоор баталгаажуулж чадаагүй бол тамгагүйгээр өгч болно. Харин шалгаруулалтыг амжилттай давж хоёрдугаар шатанд орсон тохиолдолд баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж тамгаар баталгаажуулна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.121
    2021/02/11

    gadaad passport odoo zahialwal hamragdah bolomjtoi yu

    Хариулах
    • 103.212.117.186
      2021/02/11

      bolomjgv gsn