С.Эрдэнэболд АН-ын даргын сунгаатайгаар холбоотойгоор санал хүргүүллээ

2021/03/09

АН-ын Дотоод сонгуулийн хороонд тус намын дарга болохоор 16 нэр дэвшигч бүртгүүлж, материал болон мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Үүнтэй зэрэгцэн тус сонгуулийн үйл ажиллагааны зардлын талаар АН-ын даргын сонгуулийн сунгаанд хэн мөнгөтэй нь ялна гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлаас ангид байж, бүх үйл ажиллагааг нээлттэй ил болгон ажиллах талаар нэр дэвшигч С.Эрдэнэболд АН-ын Дотоод сонгуулийн хороонд санал хүргүүлжээ.

Тэрбээр хүсэлтдээ “Тун удахгүй болох гэж буй Ардчилсан намын даргын сонгууль нь ардчилсан намыг ул суурьтай шинэчлэх түүхэн боломж, асар хариуцлагатай үйл хэрэг юм. Зарчим дээрээ нэгдэх, үзэл санааныхаа төлөө тууштай байх, хагарлыг даван туулах чухал боломж. Тиймээс АН шинэчлэгдэж, дүрмээ барьдаг, бодлогын институт болоход энэ удаагийн сонгуулийн легитим чанар, нам дотор төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал амин чухал. АН-ын даргын сунгааг хийхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зайлшгүй шаардлагын улмаас дараах асуудалд анхааралтай хандахыг хүсч байна.” хэмээгээд дараах хүсэлтийг тавьсан байна.

Үүнд:

АН-ын Дотоод сонгуулийн хорооны 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар АН-ын даргад нэр дэвшигчдээс дэнчин, хураамж авахгүй байх талаар албан ёсны шийдвэр гарсныг олон нийтэд дахин хүргэх. Энэ мэдээлэл олон нийтэд хангалттай хүрээгүйн улмаас “сунгаанд мөнгөний босго тавьж байна гэх” цуурхал гарч байна. Үүнийг нь зарим субъект улс төрийн зорилгоор ашиглаж болзошгүй.

Сонгууль зохион байгуулах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зардлыг ил тод болгож, сунгаа явуулах санхүүгийн нийт дүнг нэр дэвшигчдэд хувь тэнцүүлэн ногдуулах зарчмыг олон нийтийн санал асуулгаар яаралтай шийдвэрлэх. Үгүй бол сонгууль явуулахад гарах зайлшгүй зардлыг мушгин гуйвуулж, мөнгөний босго тавьж буй мэтээр төөрөгдүүлэх хандлагатай байна. Сонгууль шударга явуулахын тулд, хэн нэгний халаасанд нэр дэвшигчид орохгүйн тулд санхүүгээ нээлттэй ил тод босгох боломж олгох.

Сонгуулийн зардлыг олон нийтийн санал асуулгаар судалгаа авсны дараа нэр дэвшигчдэд хөрөнгө босгох үе шаттай хугацаа олгох. Санхүүг нэг дор биш графикийн дагуу бүрдүүлэх боломж олгох. Ингэх нь АН-ын удирдлага сонгох нэн хариуцлагатай ажлыг олон нийтийн дэмжлэгтэй, шударга, гарааны тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/03/09

    Ene zaluu l AN darga bolchihvol ih ajil; hiine dee

    Хариулах