Л.Энх-Амгалан сайд аа, сурах бичгийн агуулгад чинь авах юм алга

2023/10/20

Та, бидний хүүхэд ямар ном уншиж, ямар сурах бичгээр хүмүүжиж байгааг анзаарч үзэж байв уу, аав ээж нараа. 

...Ойн амьтад архи ууцгааж байгаа, хадам эхэд хортой мөөг өгч байгаа, шүдийг нь цөм цохисон, нөхөртөө хортой хоол өгч байгаа, багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай, хулгайг өөгшүүлж байгаа тухай... 

"Хүүхдийн хөгжилтэй яриа" гэх номон дээр өгүүлсэн байдаг гээд бод.

 Энэ бол бага хэрэг. Цаана чинь ЕБС-ийн сурах бичгийн агуулга гэж авах юм алга. Зөвхөн “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн сурах бичигт хийсэн дүн шинжилгээг харъя.

АГУУЛГА, АВСАН ЭХ СУРВАЛЖ НЬ ҮЛ ОЙЛГОГДОХ ЖИШЭЭНҮҮД

  • 11-р ангийн сурах бичигт "Өндөр хөгжилтэй улс орны хүн амын 10-29 хувь нь мэдрэлийн өвчтэй юм уу, эсвэл мэдрэл муутай юм шиг байдаг" (50 дэх тал),
  •  “Хөгжингүй орнуудад сэтгэл хямралыг химийн бодис бүхий эм тариагаар түр зуур дардаг бол Монголын болон Буддын уламжлалт анагаах ухаанд сэтгэлийн хямралыг сэтгэл заслын аргаар эмчлэхийг гол болгодог” (51 дэх тал),
  • 10 ангийн сурах бичигт “Урьд 1911 онд Богд хаант Монгол Улсын бүрэлдэхүүн Хэрэйд, Найман овгийн 210.000 хасаг иргэн амьдарч байжээ...” (129 дэх тал),
  •  12-р ангийн сурах бичигт “... Газрын хэвлий дэх баялгийг эзэмших үйлдвэрлэлийг “уул уурхай” хэмээн нэрлэдэг. Уурхай гэдэг нь ухах малтах гэсэн утгатай. Тэгвэл “уул уурхай” гэдэг газрын хэвлийг уул уулаар нь ухаж малтах утгатай болж байна. Харин “уурхай үйлдвэрлэл” гэх нь зөв нэршил болох юм.” (135 дахь тал) зэргийг анхаараад нэг үзээрэй.

 Дээрх жишээнээс харвал авсан эх сурвалж нь тодорхойгүй, уг агуулгаар юуг хэлэх гээд байгаа санаа нь ойлгомжгүй байгаа юм. За энэ юу ч биш. Анги ахих тусам “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн сурах бичигт алмайруулмаар олон жигтэй агуулга багтсан байна. Тухайлбал,

 11-р ангийн сурах бичигт “Хадам ээжтэйгээ дараах 15 дүрмийн дагуу харьцвал та хоёрын дунд хэвийн сайхан харилцаа тогтоно хэмээн сэтгэл судлаач бичжээ.” (97 дахь тал) хэмээгээд улмаар дээрх 15 дүрмийг уншаад “гэр бүл болсныхоо дараа эдгээрийг биелүүлж чадах эсэхээ тунгаан бичээрэй” гэсэн даалгавар өгчээ. Уг даалгаврын эх сурвалж нь энтертайнмент вэбсайт байх жишээтэй.

Яг үнэндээ ийм зүйлийг ахлах ангид заавал сурах ёстой гэж үү. Ямар үндэслэлээр албан боловсролын сурах бичигт дээрх агуулгыг оруулж өгсөн юм бэ. БСШУЯ, тус яамны сурах бичгийн зөвлөлийнхөн үүн дээр тайлбараа өг.  

Хэн дуртай нь юу санаснаа бичээд сурагчдад тулган заадаг ийм зүйл байж болох уу. Дээр дурьдсан зүйл бол наад захын жишээ. Жендерийн мэдрэмж, зургийн сонголт, хүний эрх гээд олон шүүлтүүрээр ЕБС-ийн  сурах бичгийн агуулгыг аваад үзвэл авах юм үнэндээ алга. Жишээ нь  11-р ангийн сурах бичгийн 22-р хуудсан дахь эшлэл шүлэгт “Нүгэлт эмийн ид шид мэт” гэсэн хэллэгийг тайлбарлахдаа нүгэлт эм- шулмас, чөтгөр хэмээн тайлбар зүүлт хийжээ.

Сурагчдын даалгаварт өгсөн дасгал ажлууд нь соёл, уламжлалд туссан хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагыг илэрхийлсэн үг, хэллэг, агуулгаар дүрсэлж, жендерээр ялгаварлан гадуурхсан байх. Жишээлбэл

 Арчаа муу эмс охид

 Айл гэр доройтон мөхөж

 Адаар муу хатад олширвол

 Аху төрд хал үлэмж болой (Сурах бичгийн 82 дахь тал)

 Авсан эм ухаан охор, мунхаг агаад

 Ааль авир хахарсан цэгээ мэт ахул

 Айл гэрийн аж төрөл доройтож

 Айл хотлоороо жигшин хэлэлцмүй (82 дахь тал)

 Эзэн эр хүмүүний нэр төр ямрыг

Эхнэр эм хүмүүний ааль авхаалжаар танимуй (82 дахь тал гэх мэтийг дурьдаж болох нь ээ. Ийм агуулгатай сурах бичгийг бидний хүүхэд ашиглаж байгаа нь дэндүү харамсалтай. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, эрхэм Л.Энх-Амгалан та сул дорой сурах бичгээр ирээдүй хойчоо сургаж байгаагаа мэдэж байна уу. Сурах бичгийн агуулгад хяналт, дүн шинжилгээ хийж үзсэн үү. Эр, эмээр нь ялгаварладаг, үндэсний цөөнхөөр нь ангилдаг, ёс бус үг хэллэгийг ашигласан сурах бичгээр сурагчдаа хангаж байгаа чинь хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй асуудал биш гэж үү. 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.42
    2023/10/20

    энэ оны 2 дугаар ангийн номонд байгаа шүлэг 1 дүгээр ангийн номонд даьхардан орсон, 6 настай байтугай эх эцэг тогтоож цээжлэхээргүй ойлшоход бэрх толгой холбосон шүлэг хуудас бүрт тугагдсан, өдөр бзр хүүхдэд цуужлүүлдэг, хуучны утга төгөлдөр хүмүүжил ухамсарт нөлөөлөхионгол ахуйтай зүйл нэгч алга, тухайлбал 1 р ангийн номонд өвөөлж, хөхөө шувуу донгодоно гэж шүлэглэсэн шүлэг байна ха ха Хэн зохиогоод хэн хянаад байнаа Жил бүр шинээр хэвлэж мөнгө угааж байгааиуу гэж хардахаас аргагүй Ном хэрэгцээгүй зураг ойлгомжгүй утга муу шүлэг өгүүлбэрээр дүүрэн хэт том, хэт олон төрөл байгаагаас хүүхдэд хүнддэж эрүүл мэндээр хохирч олон ном даалгаварт тогой нь эргэж залхаж байна сайдаа

    Хариулах
  • 202.9.40.187
    2023/10/20

    Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ном, үлгэр, сургуулийн бага насны хүүхдүүдэд зориулан бичсэн сурах бичгүүд үнэхээр аймшигтай болсон юм билээ.. хэдэн үгний дараа алсан, шулсан гэх мэт аймшигтай үг хэллэгтэй юмнууд номын дэлгүүрээр зарагдаж байдаг юм билээ... Өнгө мөнгөний хорвоо... энэ нийгмийн өнгө төрх ийм болсон бололтой

    Хариулах
  • 202.170.66.3
    2023/10/20

    Ээ лдээ ийм сурах бичиг хийхийн хэрэг байдаг юм уу

    Хариулах