Одоогоос яг жил орчмын өмнө Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарлаж байв.
Тухайн үед АТГ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өөрийн боломжит бүх арга хэмжээг авч байгаа талаар мэдэгдэж, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийг шалгаж, хуулийн хариуцлага тооцохоо зарлан тунхаглаж байсан билээ.
Гэвч өнөөдөр дээрх хэрэгт холбогдсон эрхмүүдээс ганцхан л хүн хоригдож, бусад нь гадуур ганхаж явна. Зарим нь бүр гаднын улс руу дутааж орхив. Товчхондоо, өнгөрсөн үйл явдлыг дүгнээд үзвэл сүржин нэртэй даржин "үлгэр" өрнөсөн гэхэд хилсдэхгүй.
Тиймээс Зөв.мн мэдээллийн сайт "Нүүрсний хулгай"-д холбогдогсон нөхдөөс өдгөө хэн, ямар хариуцлага хүлээсэн талаар тоймлон хүргэж байна.
Халтмаагийн Баттулга хаана явна
Өнгөрсөн арванхоёрдугаар сард экс ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгч, түүнийхээ дараа хил давж хэсэг хугацаанд олныг бухимдуулсан.
Удаа ч үгүй эргэн ирж, өөртөө буруу байхгүй хэмээн Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон иргэн С.Баярцогт нарыг шалгуулахыг хүсч, Үндсэн хуулийн цэцэд гомдол ч гаргаад амжсан байдаг.
Гэвч одоогоор түүнд оноосон ямар нэгэн ял шийтгэл байхгүй бөгөөд гэм буруутай эсэхийг нь эцэслээгүй шалгалтын явцдаа байгааг албаныхан мэдэгдсэн.
З.Энхболдыг хилээр гарахыг хориглов
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа З.Энхболдыг нүүрсний хэрэгт нөлөөлсөн хэмээн үзсэн байдаг. Ямартай ч хуулийнхан мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа гэх.
Шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард хориг тавиад буй.
Тодруулбал, Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг.
Ө.Шижир гадаад руу зугтсан уу
Нүүрс түлж үзсэнээс тээвэрлэж үзсэнгүй хэмээн АТГ-ын мэдэгдлийн дараа хошигнон өгүүлж байсан Ө.Шижирт холбогдох хэргийн шалгалтын ажил мөн л дуусаагүй байгаа гэх.
Нүүрсний хэрэг ид дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадаад руу зугатсан гэх мэдээлэл гарч байсан. Тэрбээр ямартай ч Монголд байгаа аж.
Д.Ганбатын хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын хувьд 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос АТГ-ын хаалгыг татаж буй.
Эргэн сануулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу байдал олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр Д.Ганбатыг шалгаж эхэлсэн юм.
Харин одоо түүнийг нүүрсний гэх хэрэгт холбогдогчоор татаад байгаа. Шалгалтын ажил нь мөн л үргэлжилж байгаа гэх.
А.Адъяасүрэн ажлаа хийж явна
Шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж дахин ам нээгээгүй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татаж байгаагаа өнгөрсөн хоёрдугаар сард АТГ мэдэгдсэн.
Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татаж байгаагаа АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлсэн билээ.
Тэрбээр, мөрдөх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хоёрдугаар сарын 28-нд өгөх үеэр ажлын хэсэг дээр байгаа хэрэг мөрдөлтийн талаар танилцуулж, гурван хэргийн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх хүсэлтээ прокурорын байгууллагад өгсөн гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдсэн. Гэвч өнөөдөр тэрбээр ажлаа хийгээд Төрийн ордонд гунхаж явна.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Д.Бат-Эрдэнэ
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд хагас жилийн нүүрийг үзэж буй Ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна.
Д.Бат-Эрдэнийн хувьд нийт гурван удаа нүүрсний хэргээр мэдүүлэг өгчээ. Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдоод буй Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын өрөөнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд АТГ-аас нэгжлэг хийж, компьютер зэрэг зарим эд зүйлийг нь хураан авсан байдаг.
Ц.Анандбазарын хэрэг эцэслэгдээгүй
Шалгалтын ажил нь дуусаагүй дараагийн хуулийн этгээд бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Тэрбээр, АТГ-ын мэдэгдлийн дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард "Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна.
Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ.
Магадгүй УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн байх. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Булган аймагт нэр дэвшинэ гэхэд 10-хан хоногийн дотор сайдын суудлаас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Бид их гайхаж байна. Тэр аймагт нэг ч нүүрсний уурхай байдаггүй" гэж байв.
Нанзадын Наранбаатар налайж явна
Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай улстөрчдийн нэрийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүн нэр холбогдсон.
Энэхүү таван гишүүн дунд Н.Наранбаатарын нэр орж, тэрбээр бусад дөрвөн гишүүний хамтаар хурал зарлан “Миний бие нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн Засаг дарга нүүрсний асуудал руу ордоггүй” гэж тайлбарлаж байв.
Гэвч хуулийнхан түүнд хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар болсон. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сар гаруйн өмнө яригдсан.
УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Харин Н.Наранбаатарын хувьд бүрэн эрхтэйгээ байгаа ч холбогдох шалгалтын ажилд саад учруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
"Нүүрсний тавын нэг" Б.Баттөмөр
Нүүрсний тавын нэг хэмээн нэрлэгдээд байсан УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэрэгт холбогдолгүй болохоо илэрхийлээд буй.
Үүнийг баталж албан бичиг ирсэн талаар ч тодотгосон. Тодруулбал, АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдолгүй гэсэн бичиг ирсэн талаар одоогоос хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээлсэн.
Харин энэ талаар одоогоор АТГ ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан Ц.Сэргэлэн
Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нүүрсний хэргээс мултарсан.
Тодруулбал, АТГ–ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн рүү хандан илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн юм.
Ш.Раднаасэдийн хэрэг
Гурван удаа мэдүүлэг өгсөн талаар мэдээлсэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд яллагдагчаар татагдсан хэргийнхээ зангилааг өөрөө тайлаагүй байгаа аж. Ямартай ч хэргийн шалгалт үргэлжилж буй
Өнгөрсөн нэгдүгээр сард яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 13-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.
ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очирын хэрэг
Төрд нэг удаа ч ажиллаж байгаагүй иргэдийг төлөөлж байгаа хүний хувьд нүүрсний хулгайтай огт холбоогүй гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн нэгэн бол Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир. Хувийн компани тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч нүүрс тээвэрлэлт нэг удаа ч хийж байгаагүй гэх түүнийг одоог хүртэл АТГ шалгаж байгаа аж.
Д.Ариунболд ам.доллар хахуульд авсан уу
Их хэмжээний ам.доллар хахуульд авсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард хоригдсон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд.
Түүнийг одоогоос гурван жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээллийн мөрөөр хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан удаатай.
Одоогоор түүнийг хорьж байгаа бөгөөд хахуулийн мөнгөөрөө гадаад улсад тансаг зэрэглэлийн хаус авсан байж болзошгүй аж.
Шоронд "тарчилж" буй Б.Ганхуяг
Нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг батлан даалтаар сулласан ч гуравхан хонуулаад дахин хорих шийдвэрийг шүүхээс гаргаж байв.
Энэ цагаас хойш шоронд хоригдож буй түүний хувьп хүний эрхээ хамгийн их хязгаарлуулж буйгаа учирлаж байгаа билээ.
Х.Мандахбаярын хэрэг юу болов
Мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа гэх дараагийн хүн бол Х.Мандахбаяр. Түүний хувьд хуулийн байгууллагын шалгалтадсадаа болохгүй бөгөөд мэдүүлэг авах даруйд өгнө гэдгээ мэдэгдсэн.
Одоогоор түүнд ямар нэгэн хориг тавиагүй бөгөөд мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
Энэ мэтээр нүүрсний хулгайд нэр холбогдоод буй 17 хүний анхлан зарласан бөгөөд эдгээр хүмүүсээс цөөн нь яллагдагчаар татагдаад байгаа юм.
Харин зарим нь аль хэдийнэ хэрэгт хамааралгүй болжээ. Ямартай ч АТГ шалгалтын ажил дуусаагүй болохыг мэдэгдсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.170.66.3
Нүүрсний хулгайчдыг шийтгэ
Хариулах