Засгийн газраас Байгалийн түүхийн музей, Драмын театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг хуучирч муудсан таван барилгыг нураах гэхэд нийслэлчүүд нийтээрээ эсэргүүцэж, “Түүхэн дурсгалт барилга байгууламжийг нураах гэлээ” хэмээн үймээн дэгдээх шахаж байж дөрвийг нь нураалгалгүй үлдээсэн билээ. Энэ бол нэг талдаа нийслэлчүүд түүхэн дурсгалт барилгууддаа хайртай, үндэсний, сонгодог хэв маягийн архитектурыг хүсч байгааг харуулах боловч нөгөө талдаа нийслэл Улаанбаатар хотод үндэсний хэв загвартай барилга байгууламж, урлагийн бүтээл байхгүй гэдгийг харуулж байгаа юм. Байгалийн түүхийн музейг яах аргагүй нураасан ч оронд нь Туркт байдаг нэгэн итх дэлгүүртэй төстэй загвар бүхий барилга боссон нь иргэдийн урмыг багагүй хугалсан.
Цагаан сар болохоор өв уламжлалаа сахидаг, сахидаггүй болж талцдаг жишиг тогтох шахлаа. Энэ нь үндэсаний хэв маяг бүхий орчноосоо хэт алсарсантай холбоотой ч юм бил үү хэн мэдлээ.
Хотын өнгө үзэмжийг бүрдүүлэгчийн нэг нь яах аргагүй зөв төлөвлөлт, өнгө үзэмжтэй барилга байгууламж. Францын Парис, Австрийн Вена, ОХУ-ын Санкт Петербург хотуудыг очиж үзсэн хүмүүс нь дэлхийн хамгийн сайхан хот гэх юм билээ. Яагаад гэж асуухаар тайван орчин, байшин барилгын дизайн, урлагийн бүтээлүүд ихтэй гэж хариулдаг.
Гэтэл манай нийслэл энэ тал дээр тун ч хангалтгүй. Гэхдээ цаашдаа сайн сайхан болох боломж бий. Тайван орчин нь бол байна. Украин, орос, япон, солонгос, ирланд гээд зүсэн бүрийн хүмүүстэй уулзахад “Монгол тайван орон, Улаанбаатар тайван хот” гэж санал нэгтэй хариулах юм билээ. Харин барилгын дизайны шийдэл, хотын өнгө үзэмжийг нэмэх урлагийн бүтээлийн хувьд хэлэх үг байгаа юм.
Юун түрүүнд, холбогдох байгууллагууд нь барилгын өнгө үзэмжид шалгуур тавьдаг болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол компаниуд хаа нэг газраас бэлэн барилгын зураг төсөл ашиглаж бариад байна. Нийслэлд хятад загвартай байшин олширлоо. Манай нийслэлд дүнхийж байгаа олон барилгын “ихэр” нь урд хөршид байж байдгийг тэнд сурдаг оюутнууд батлан ярьж байгаа юм. Өвөрлөгч хөршид очиж үзсэн гадаад хүн Улаанбаатарт ирвэл Хятадын нэг хотод ирчихлээ гэж бодож ч магадгүй.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Хятадын нэг хот шиг харагдаад эхлэхээр ямар олиг байх билээ. Өмнө нь байсан хэд нь ЗХУ-ын захын мужуудын загварыг хуулчихсан дээр нь сүүлд баригдаж байгаа нь урд хөршийн загвартай. Бид хоёр хөршөөсөө өөр үндэстэн, тусгаар улс мөн л бол барилга байгууламж дээр ч харагдаж л байх ёстой. Тиймээс үндэсний загвартай барилга байгууламжуудыг барих шаардлага байна.
Хот сайхан гэж хэлэгдэхийн бас нэг үндэс бол нүдний чимэг болсон урлагийн бүтээлүүд. Санкт Петербург хот бол дэлхийн хамгийн олон хөшөөтэй хот. Гэхдээ тэд нь манайх шиг бүрлээчийн хөшөө огт биш, жинхэнэ урлагийн бүтээлүүд байдаг учраас хотоо чимж чаддаг. Манай хотод ийм болох боломж бүрэн байна.
Дүрслэх урлагийн чиглэлээр жилд хэдэн арван боловсон хүчин бэлтгэгддэг. Тэд урлагийн бүтээл хийх хүсэл их байдаг ч газар олддоггүй нэг зовлонтой юм билээ. Хэрвээ газар нь олдвол өөрсдөө үнэгүй бариад өгөхөд ч бэлэн гэх хүмүүстэй таарч байсан. Газар олддоггүй учраас макет чигээрээ үлддэг юм байна. Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг тэрбумаар хэмжигдэх төгрөгөөр нохойны хөшөө барьсныг сонсоод дээрх уран барималчид савж унах шахсан гэнэ лээ. Нэгэнт нийслэлд газар олддоггүй учраас энд, тэндэхийн жуулчны бааз, амралтын газруудад очин гараа эцээж, нүдээ чилээж суудаг аж.
Зарим нь эзгүй газар ч хөшөө барьсан байх шиг. Одоохондоо сайн дурын уран сайханч хийж яваа иймэрхүү нөхдийн дунд аявьяаслаг уран бүтээлчид бий. Тэднийг ашиглаад нийслэлээ Санкт Петербург биш юм аа гэхэд Европ, Азийн уран баримал, уран барилгын нийлбэр нэгэн өвөрмөц урсгалыг бий болгосон хот болох боломж бүрэн байна. Эхний ээлжинд хоёр тэрбум төгрөг гаргаад хөшөө, цогцолбор, чимэгийн уралдаан зарлаад хэрэгжүүлээд үзэхийг хотын даргад зөвлөж байна. Баянзүрхийн манаач хоёр банхарын өртөг хэр бодитой байсан нь тодроод л ирэх вий.
Оюуны бүтээлийг үнэгүйдүүлж болохгүй. Хэр таарсан хөлсийг нь өгөөд урлагийн бүтээл дээр нь бүтээгчийнх нь нэр усыг тавиад мөнхжүүлнэ гэвэл өөрсдөө дуртай л байх юм билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна