-Байгалиар зохицуулуулах уу, өөрсдөө зохицуулах уу-
Сүүлийн 20 жилийн статистик дүн мэдээллийг харвал малын тоо толгой 10 жил тутамд буурч, бусад үед нь бага, багаар өссөн дүр зураг гарчээ. 1999-2000 оны аймшигт зуднаар монголчууд 33.5 сая толгой малаасаа 10 шахам саяыг алдаж, дараагийн хоёёр жил дараалан малын тоо толгой бууран, 25-26 саяд хэлбэлзсэн байдаг. Үүнээс хойш зугуухан өсөж 40 саяас даваад 2009-2010 оны зуднаар 32.7 сая болтлоо огцом буурсан. Дараа нь жил бүр өссөн дүнтэй явсаар 2019 онд анх удаа 70 саяын босго даваад мөн л гурван сая гаруйгаар буурчээ. Зүйрлэвэл, малчид өсгөх гэж зүтгээд, байгаль дэлхий тодорхой хугацааны мөчлөгтэйгөөр болж өгвөл буцаагаад буулгах гэж үзсэн мэт дүр зураг тодорно.
2023 оны тооллогын тухайд, 2022 оны жилийн эцсийн дүнгээс 4-5 сая орчмоор буурсан ч энэ нь мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулснаас үүдэлтэй бууралт байсан юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил мал, махны экспортыг дэмжиж ажилласан нь хожоо болжээ.
Мал тооллогын улсын дүн 1999-2023 он.
Байгаль дэлхий амьтай, даац нь хэтрээд ирэхээр өөрийнхөө аргаар "зохицуулчихдаг" гэдэг. Бэлчээрийн даац, мал сүргийн зохистой тоо хэмжээг байгалиар буюу зудаар зохицуулуулах уу, эдийн засгийн эргэлтэд оруулж, чанартай цөм сүрэг /30-40 сая байхад тохирно гэж үздэг юм билээ/ адгуулах уу гэдэг малчдын өөрсдийнх нь сонголт болж байна. Засгийн газраас малчдад туслах тусламжийн цуваа өчигдөр өглөө замдаа гарсан, өнөөдрөөс зорьсон эздэдээ тусламж хүрч байгаа. Өвс тэжээл тараахаас гадна малыг газар дээр нь худалдаж авах ажлыг мөн зохион байгуулж буй. Энэ ажил малчдад юм бодогдуулж, шийдвэрт нь нөлөөлөх биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна