Испани-Англи: Шүгэл дуугарахаас өмнө мэдвэл зохих зүйлс

Zuv.mn
2024/07/14

Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарч үлдсэн Испани, Английн шигшээ багуудын тоглолт эхлэхэд ердөө гурван цаг гауйхны хугацаа үлдээд байна.  энэ жилийнх нь хамгийн чухал тоглолт эхлэхэд гурван цаг гаруйхны хугацаа үлдээд байна. Хөгшин тивийн ногоон талбайд энэ жил өрнөж буй хамгийн чухал тэмцээний хамгийн чухал тоглолт эхлэхээс өмнө та бүхэндээ мэдвэл зохих урьдач мэдээллийг хүргэе.

Тоглолт, багууд, цэнгэлдэх, шүүгч...

Тэмцээний турш таарсан өрсөлдөгч бүрээ буулган авсан Испани, Английн шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөнө.

Том тэмцээний эхний тоглолтыг бүгд сэтгэл догдлон хүлээдэг бол шигшээ тоглолт түүх бичдэгээрээ онцлогтой.

Испанийн шигшээ баг хожвол тивдээ дөрөв дэхиэ түрүүлж, Германыг хаян, тивийнхээ аваргад хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг болно.

Англи хожвол тивийнхээ аваргаар анх удаа шалгарч, лидер Харри Кейн олон улсын тавцанд анхны цомоо авч үзнэ.

Тоглолт Берлин хотын алдарт “Олимпштадион”-д Монголын цагаар шөнийн 00.03 цагаас эхэлнэ.

Алдаа гаргах эрхгүй хариуцлагатай энэ тоглолтыг Францын шүүгч Франсуа Летексье дэнслэхээр томилогджээ.  

Испанийн шигшээгийн сонин хачин

Тэмцээний өмнө сэтгүүлчид, олон нийт Луис де ла Фуэнтегийн багийг “Туршлагагүй, сул бүрэлдэхүүнтэй”, ”Хэсгээсээ гарахгүй ч байж магадгүй” хэмээн гоочилж байлаа. Сүүлийнх нь ч яах вэ, Хорват, Итали, Албанитай “Үхлийн хэсэг”-т орчихсонтой нь холбоотой. Харин сул бүрэлдэхүүнтэй гэсэн нь дэгс байсан төдийгүй, Ольмо, Фабиан Руис, Ламин Ямаль тэргүүтэй нэг бус тоглогч нь тэмцээний явцад “Ирээдүйд хөлбөмбөгийг авч явна” гэж магтуулж ч үзээд байна.

Үнэхээр ч энэ тэмцээнд хамгийн шилдэг тоглолтыг өнгөрсөн хугацаанд испанийн залуус үзүүлж, “Үхлийн хэсэг”-ээс амжилттай гарч, шөвгийн шатанд Гүржийг 4:1-ээр хялбархан хожиж, талбайн эзэн Германтай цаг сунгасан ч тоглолтын хувьд маргаангүй илүүрхэн шударга хожил байгуулсан. Улмаар дэлхийн аварга цолыг эзэмшигч Францыг 2:1-ээр хожин аваргын төлөө шалгараад байна. Францтай хийсэн тоглолтод Испани залуус ямар бүтээлч, авьяаслаг бөгөөд цаг нь тулахад ямар ч өрсөлдөгчийн хаалганд хэдэн ч гоол оруулах чадвартай гэдгээ харуулсан билээ.

Английн шигшээ багийн сонин хачин

Тэмцээний өмнө дутуу үнэлэгдэж байсан гэдгээрээ Английн баг Испанитай ижил. Гэхдээ Испанийг шүүмжлэгчид тэмцээний явцад амаа хамхисан бол Английг шүүмжлэгчид одоо ч олон юмаа ярьсаар байгаа.

Гарет Саутгейтийн баг хэсгийн шатны эхний тоглолтод Сербийг Жуд Беллингемийн хувийн ур чадвараар оруулсан нэг гоолоор арай гэж дийлсэн бол дараа нь Дани, Словентэй дараалж тэнцсэн. Энэ хоёр тоглолтод хочуланд нь, ялангуяа Данитай хийсэн тоглолтод өрсөлдөгчөөсөө муу тоглосон юм.   

Хэсгийн бусад багууд хоорондоо тэнцүү тоглосны ачаар л хэсгийн нэгдүгээр байраар гарч, цаашид “зөөлөн боорцог” хүртэх эрхтэй боллоо гэтэл Словактай хийсэн шөвгийн 16-гийн тоглолт англичуудыг шигшээ багтаа итгэхгүй болтол нь цочирдуулсан гэхэд дэгс болохгүй биз.

25 дахь минутад гоол алдсан, тоглолтын хувьд дутуу байсан тэд 90+1, 90+5 дахь минутад Харри Кейн, Жуд Беллингем нарын гоолын ачаар аврагдаж, шөвгийн наймд үлдсэн.

Швейцарьтай хаа очиж энэ тэмцээний хамгийн гайгүй тоглолтоо гаргасан ч цуврал торгуулийн цохилтоор л ялагч болсон билээ.  

Нидерландыг хожсон хагас шигшээ тоглолтын дараа хэл ам бага зэрэг намжсан ч дээр хэлсэнчлэн, шүүмжлэгчид хэл амаа билүүдээстэй л байна.

Тэдний шүүмжлэлийн гол агуулга юу байна вэ гээд харахаар, ямар ч багт байх ёстой нэгдсэн зохион байгуулалт алга гэж буй. Өөрөөр хэлбэл, тал талаас цугласан нөхдүүд анх удаа нэг баг болж тоглож байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа. Тийм ч учраас шүүмжлэлийн гол бай нь тоглогчид руу бус, дасгалжуулагч Гарет Саутгейт өртөж байна.   

Шүүмжлэгчдийн хэлж байгаагаар бол, хөл нийлэхгүй дутагдал шигшээ тоглолтод ч хэвээр бөгөөд хаа очиж хувийн ур чадвараараа өмнөх тоглолтуудын хувь заяаг шийдсэн Жуд Беллингем, Харри Кейн зэрэг тоглогчид л англичуудын гол найдлага гэнэ. Үнэний хувьтай.

Англичууд хэдий тэмцээний турш тааруу байсан ч ЕАШТ-д хоёр дараалан аваргын төлөө шалгарсан гэсэн аятайхан үзүүлэлттэй, түүх бүтээнэ гэсэн найдвартайгаар шигшээ тоглолтод орох гэж байна.

Хоорондоо таарсан сүүлийн таван тоглолтын дүн

15.10.18 ЕХХ-ны Үндэстнүүдийн цом Испани — Англи 2:3

08.09.18 ЕХХ-ны Үндэстнүүдийн цом Англи — Испани 1:2

15.11.16 Нөхөрсөг Англи — Испани 2:2

13.11.15 Нөхөрсөг Испани — Англи 2:0

12.11.11 Нөхөрсөг Англи — Испани 1:0

Тоо, баримтууд

  • Испаниийн баг Англитай таарсан сүүлийн дөрвөн тоглолтдоо дор хаяж хоёр гоол оруулжээ.

Тоглолтын өмнөх нөхцөл байдал

Испанийн багийн тухайд, Луис де ла Фуэнтегийн шийдэх ёстой, толгой өвтгөсөн асуудал нл тэмцээний турш хамгийн тогтвортой тоглож, багийн тэнцвэрийг хангаж байсан Педригийн гэмтэл гэнэ. Тэрбээр бүр шөвгийн наймд, Германтай тоглож байх үедээ гэмтсэн ч шүд зуусаар хагас шигшээ тоглолтыг давсан аж. Түүнийг орлох хувилбараар Ольмо нэрлэгдэж байна. Багийн ахлагч Альваро Мората хагас шигшээ тоглолтын дараа болсон үймээний үеэр үзэгчдэд зодуулсан бөгөөд гэмтэл авсан эсэх нь анхаарал татаж байна.

Харин Английн шигшээ багийн тухайд, гарааны 11 болон сэлгээний гол бүрэлдэхүүнд бэртэл гэмтэлтэй тоглогч байхгүй, ганц тоглолтод амиа тавихаар бэлэн болоод байгаа ажээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна