Э.Батшугар: Ипотекийн зээл авсан иргэдийн 2 хувийн зөрүүг арилгаагүйгээс 70 мянган иргэн хохирч байна

С.Гандэлгэр
2024/09/06

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанканд ажиллалаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, аж ахуй нэгжийн зүгээс Монголбанкаас шаардаж байгаа нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүү нь Монголбанкны мөнгөний бодлогын хүүтэй уялдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага бий гэлээ.

 Тухайлбал, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно гэдгийг онцоллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголбанкны хамт олонд ажлын амжилт хүсч, мөнгөний бодлого, ипотекийн зээл, гэх мэт эдийн засгийн тулгамдсан асуудлаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, Мөнгөний эргэлтийн хурд гэж байдаг. Энэ коэффициент мөнгөний тэлэлт эдийн засгийг хэт халааж байна уу, эсвэл зохистой хэмжээнд байна уу гэдгийг хардаг. Тус нэгж  коэффициент монголд хэд  байна вэ?

Хоёрдугаарт, засгийн газрын төсвийн зарлага болон дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцаа байдаг. Ялангуяа тухайн  коэффициент төсөв нэг төгрөгөөр нэмэгдэхэд, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг төгрөгөөр нэмэгдсэн эсэхийг хардаг. Дэлхийн банкны судалгаанаас харахад монголд тэр коэффициент нь 0,7 хувь байсан. Сүүлийн дөрвөн жилд энэ тоо нэмэгдсэн үү, өнөөдрийн байдлаар үзүүлэлт нь хэд байгаа вэ?

Гуравт нь зээлийн мэдээллийн сангийн хууль нэмэлт  өөрчлөлт оруулах асуудал дээр монгол банктай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Тус хуульд өөрчлөлт оруулах хүсэлтээ засгийн газарт явуулчихсан. Миний авсан мэдээллээр энэ долоо хоногийн засгийн газрын хуралдаанд орсон. Иргэдийг заавал зургаан жилээр хар жагсаалтад оруулах биш сахилга баттай иргэдийг дэмжиж хэрвээ зээл, тог, гар утасны төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн тохиолдолд оноо нь автоматаар нэмэгдэж эргээд банкны болон бусад санхүүгийн байгууллагуудтай харьцаанд орохдоо өндөр оноотой иргэдийг урамшуулж, бага хүүтэй урт хугацааны зээл олгодог, заавал барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр зээл авдаг болох америкийн систем рүү шилжих хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулиа бэлдэж хараахан өргөн бариагүй засгийн газрын саналыг хүлээж байна. Гэхдээ энэ намрын чуулганд багтаагаад УИХ-д өргөн барина.

Дөрөвдүгээрт,  ипотекийн зээл авсан иргэд найман хувиас зургаан хувь руу шилжиж болох уу. Энэ шилжилтийг хийхийн тулд  УИХ, Монгол банк, Засгийн гараас ямар ажил хийх ёстой юм бэ. Яахаараа иргэд цаг хугацааны золиос болоод хожуу ипотекийн зээл авсан нь зургаан хувьд орчихдог, өмнө нь авсан хүмүүс түрүүлж зээл авснаараа найман хувийн хүү буюу хоёр хувийн зөрүү төлж хохироод яваад байгаа юм бэ. Дунджаар 70 мянган иргэн сарын төлбөр нь 180,000 мянган төгрөгөөр илүү төлж байна. Үүнийг санхүүгийн шударга ёсны байдлаар зохицуулж, зургаан хувийн хүү төлдөг болгох хэрэгтэй юм.

Тавдугаарт, и баримт пос машинаар гарч ирэхэд иргэд заавал гар утсаараа уншуулах шаардлагатай байдаг. Үүнийг шууд картын төлбөр тооцооны системтэй холбочхож болох уу. Ингэснээр заавал иргэд цаасан и баримт бүртгүүлэх шаардлагагүй болно.

Зургаадугаарт, иргэд заавал банкны аль нэг карт авч явахгүйгээр үндэсний Т картаа гар утастайгаа холбоод уншдаг системүүд дэлхийд гарчихсан байгаа. Энэ ажлыг цахим системд холбох асуудал юу болж байна вэ?

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: мөнгөний эргэлийн хувьд нэлээн тогтвортой, эдийн засгийн нааш цааш савласан хөдөлгөөн байхгүй. Харин удаашрах тал ажиглагдаж байна. Төсвийн зардалтай холбоотой асуудал дээр хариулт өгөхөд монгол улсын JDP буюу днб 66 их наяд төгрөг, төсөв 30 их наяд төгрөг байна.

2019 он буюу ковидын өмнөх үед төсвийн зардал РБЗ буюу днб-ний 28 хувьд хүрч байсан. Одоо бол маш их тэлэлттэй том төсөв явж байгаа гэсэн үе юм. Сангийн яамныхантай уулзаад төсөв нэгтгэхэд өмнөх жилүүдийн монгол улсын төсөв дандаа алдагдалтай байсан. Ялангуяа 2016 онд бүр 20 хувийн алдагдалтай, 2018 онд нэг хувьд хүрч ирсэн. Одоо бол хуулинд хоёр хувь руугаа ороод ирчихсэн. 2023 онд улсын төсөв алдагдалгүй, тэнцвэржсэн. 2024 онд гурван их наяд төгрөгөөр илүү гарна гэж тооцоолж байна. Тэгэхээр улсын төсөв алдагдалгүй байгаа учир зардал мөн өсөж байгаа. Эдийн засаг руу мөнгө хоёр замаар урсаж байгаа нэг нь төсвөөр дамжиж, банкаар дамжиж зээл хэлбэрээр гардаг. Төсөв том байх тусам гарах сөрөг нөлөөлөл нь  банкны орон зай үгүй болдог. Монгол банкны зүгээс төсвийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний хатуу бодлогыг баримтлах нь чухал гэж бодож байна. Бид ирэх онд эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүрнэ гэж тооцоолсон. 

Гурав дахь асуултын хувьд зээлийн мэдээллийн сангийн хууль бол 2012 онд батлагдсан, шинэчлэх шаардлагатай учраас монгол банкны зүгээс тантай хамтран ажиллахад бэлэн байна. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулиар хоёр аж ахуй нэгж иргэдэд оноо өгдөг рейтинг тогтоох зөвшөөрөл авсан. Энэ хоёр аж ахуй нэгжээс нэг нь өнөөдөр оноо өгдөг шинэ системийн нээлтээ хийх гэж байна. Тэгэхээр удахгүй хоёулаа оноо өгөөд эхлэхээр хар жагсаалт гэдэг зүйл байхгүй болно. Иргэд монгол банканд бүх мэдээлэл байдаг учраас түүнийг хар жагсаалт гэж хараад байна.

Ипотекийн зээлийн хувьд 2013 оноос хойш хэрэгжээд явж байна. Зээлийн хүү эхлээд таван, найман хувь байсан одоо бол зургаан хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэхүү зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь монгол банкнаас, 20 хувь нь арилжааны банкнаас гардаг учраас зургаан хувийн хүүтэй болдог. Зээлийн зах зээлийн хүү 20 хувьтай байхад зургаан хувиар буюу маш хөнгөлөлттэй зээлийн хувиар гарч байна. Монгол банк ХНХЯ-тай хамтраад хуримтлалын сан ипотекийн зээлийн эх үүсвэр болж орж ирсэн учраас зах зээлд нь суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргасан. Тус загвараар хаана байр авч байгаагаас шалтгаалаад ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байхаар зохицуулагдана. Та хотын А зэрэглэлд байр авбал ипотекийн хүү 10 хувь байх бол орон нутагт байр авбал ипотекийн хүү таван хувиас доош байх боломжийг бүрдүүлнэ.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар: N баримт автоматаар бүртгэгддэг болох ажлын хувьд технологийн хувьд бүх боломж нь байгаа. Гэхдээ татварын байгууллагаас барьж байгаа бодлогын хувьд мөнгийг нь цуглуулж байгаад өгөх сонирхолтой байна.

Таны сүүлийн асуулт буюу үндэсний Т картын хувьд энэ сарын гуравны өдөр гэхэд 97 хувьтай аппли пэй дээр оны эхнээс туршилтуудаа хийчихсэн. Нөгөө талдаа аппли пай зөвшөөрлөө өгвөл энэ сарын 20-ны өдрөөс ашиглагдаад явах боломж бүрдэнэ. Андройд пайментээр гүйлгээ хийх нь ирэх жилээс нэвтэрнэ. Энэ системийг ашигласан давуу тал нь нэг контент зардаг хүн нь мөнгөө өөр дээрээ шууд авах боломж бүрдэнэ.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.234
    2024/09/06

    Батшугар гишүүн маш чухал асуудлуудыг хөнджээ. Зарим нь 8%-тай,зарим нь 6%-тай байгаа нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан хэрэг болж байгаа шүү. Монгол банкны удирдлагууд л ажлаа сайн хийхгүйгээс ард иргэд хохирч байнаа. Залуу хүмүүс зээлийн зөрүүнд өгч байгаа мөнгөө үр хүүхдүүддээ зарцуулмаар байна. Амьдрахад хэцүү байгаа шүү.

    Хариулах
    • 103.71.100.51
      2024/09/06

      Яг үнэн