Ойрхи Дорнодын нөхцөл байдал цаашид хэрхэх вэ

Х.Батсайхан
2024/10/04

Газын зурваст өрнөж байгаа дайныг "Хамас" бүлэглэл тун итгэлтэйгээр /Израиль руу маш олон тооны пуужин харвасан/ хурцатгасан билээ. Эндээс "Энэ итгэл хаанаас гарч ирэв. Хэн нэгний даалгавар байв уу" гэсэн хардлага зүй ёсоор гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, илүү олон улсыг хамарсан "төлөвлөгөө" байх вий гэсэн болгоомжлол шууд төрсөн юм. 

Тэгвэл харамсалтай нь, энэ болгоомжлол өдрөөс өдөрт биежиж байна. "Хамас", Израилийн дайнд татагдах орох хамгийн ойрын субъектээр Ливаны "Хезболла" бүлэглэл, дараа нь Иран гэж тооцогдож байсан бөгөөд өдгөө "Хезболла" шууд биш ч гэсэн хутгалдчихсан. Харин өнгөрсөн сарын сүүлийн өдөр Иран улс Израиль руу баллистик пуужин харвалаа.  

Энэ нь барууныхан болоод тэдний эсрэг талынхны хувьд урьдын тооцоогоо дуусгах буюу уагаасаа төлөвлөгөөний дагуу л явж байна гэдгийг баталж байгаа юм. 

Одоогоос арваад жилийн өмнө АНУ Сири рүү хуурай замын цэрэг оруулах гээд бүтэлгүйтсэн. Угтаа тэд  “Сирийн ажиллагаа” амжилттай болсны дараа Их Британитай хамтран Иран руу довтлохоор завдаж байсан юм. Сирийг эзлэн, ОХУ-ыг Газрын дундад тэнгист түшиц газаргүй болгох төлөвлөгөө нь тухайн үед хэрэгжээгүй ч геополитикчид Иранд удахгүй дайны гал дүрэлзэнэ гэж итгэлтэйгээр хэлж байсан билээ. 


АНУ-ын бодлого тодорхойлолцдог гол хүмүүсийн нэг, Төрийн нарийн бичгийн дарга агсан Генри Киссинжер тухайн үед АНУ-Ираны дайн болбол цаад утгаараа ОХУ, БНХАУ-тай хийх дайн болно гэж тодотгож байлаа. “Бид БНХАУ-д цэргийн хүчээ өсгөх боломж өгсөн. ОХУ-д ЗХУ-ын задралын дараа бие даах цаг өгсөн. Эцэст нь энэ байдал нь тэдний булшны нүхийг ухлаа” гэж тэрбээр хэлсэн байдаг. Түүнийхээр бол АНУ Ойрхи Дорнодын долоон улсын байгалийн баялгийг ашиглахаар нөлөөгөө тогтоогоод байсан бөгөөд одоо энэ ажиллагаа бүтэлгүйтэж  дууссан тул өөрийн “галзуу нохой” Израилийг гинжнээс нь суллан тавих гэнэ. Өөрөөр хэлбэл, Израиль улс аль болох олон арабыг тэнгэрт илгээх гэсэн ганцхан зорилготойгоор дайн өдөөх бөгөөд байдал ингэж өрнөсний дараа хэрвээ ялагч болж чадвал Ойрхи Дорнодын газар нутгийн тал нь Израилийн мэдэлд очих ажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна