Б.Мөнхтамир: МИАТ 2024 онд 1,2 сая зорчигч тээвэрлэж, 1,1 их наяд төгрөгийн орлого олно

Г.Долгорсүрэн
4 цаг 0 минутын өмнө

Монголын Иргэний Агаарын Тээвэр /МИАТ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд МИАТ ТӨХК санхүүгийн хүндрэлд орж, цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн тухай мэдээллүүд гарч байна. Та уг асуудалд тодорхой тайлбар өгнө үү?

- Манайх цалингаа нэг хоногоор ч хоцроож үзээгүй. МИАТ компанийн хувьд 2019 оноос хойш цалинд өөрчлөлт ороогүй байсан. Харин 2023 оноос үнийн өсөлттэй уялдуулан хоёр ч удаа 20 хувиар цалингаа нэмсэн. Тэгэхээр бодит бус ташаа мэдээлэл.

Цахим орчинд цацагдсан мэдээлэл дээр тодруулж, тайлбарлах нэг зүйл байгаа юм. 2024 оны хагас жилийн тайланг тавиад “МИАТ 50 тэрбумын алдагдалтай байна” гээд гаргажээ. Энэ бол хагас жилийн тайлан. Бүтэн жилийн тайлан биш. Нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны урдьчилсан тайланг бид гаргаад үүргийнхээ хүрээнд шилэн дансанд байршуулсан.  Үүнд хоёр том шалтгаан байгаа юм.

Нэгдүгээрт, Монголын агаарын тээврийн зах зээл улирлаас шууд хамааралтай. Зөвхөн зуны гурван сар ачаалал авч ажиллаад бусад саруудад эрс багасчихдаг. Өөрөөр хэлбэл, хоёроос таван сар хүртэл орлого багатай байдаг гэсэн үг.

Хоёрдугаарт, гол хэрэглэдэг бүтээгдэхүүн буюу шатахууны урьдчилсан худалдан авалт үүнд нөлөөлсөн.

Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 7-ноос эхлээд МИАТ дотоодын шатахуун нийлүүлэгч компаниудаар дамжуулж шатахуун авахаа больсон. Шууд хэлэхэд, Сод Монголоос авахаа больсон. Өмнө нь шатахуун нийлүүлэгчид ОХУ-д очиж гэрээ хийгээд үйлдвэрийнх нь үнээр шатахуунаа авчихдаг. Аваад ашгаа нэмээд манайд зардаг байсан. Шулуухан хэлэхэд дамын наймаа хийж байгаа юм.

Гэтэл МИАТ компанийн нийт зардлын дийлэнх хувийг шатахуун эзлээд байдаг. Энэ асуудлыг юу гэж харсан бэ гэхээр шатахууны зардлыг хэмнэхгүй бол МИАТ ашигтай ажиллах ямар ч боломжгүй юм байна аа гэдэг дүгнэлтийг хийсэн.

Тиймээс өөр дээрээ “гал авч”,  дундуур нь туучиж байж үүнийг болиулсан. Өөрөөр хэлбэл, 2022 оноос МИАТ компани шууд Роснефтээс үйлдвэрийнх үнээр нь шатахуунаа худалдаж авч эхэлсэн. Ингэснээр 2022, 2023 онд ашигтай ажилласан. Үүн дээр ганц л зүйл тохирсон юм. Роснефть шатахуунаа үйлдвэрийн үнээрээ өгье, харин та нар төлбөрөө урьдчилж төлөх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Товчхондоо, хэрэглэх гэж буй шатахуунаа сар бүр урьдчилан захиалж, авч байх юм.

2024 онд л гэхэд 4540 нислэгийн дийлэнх нь зуны зургаа, долдугаар сард байсан. Энэ нислэгүүдийнхээ шатахууныг бид урьдчилаад захиалж, нөөцлөх ёстой. Шатахууныг захиад л маргааш нь ирчихдэг зүйл биш. Захиалаад төлбөрөө төлснөөс 30 хоногийн дараа “Чингис хаан” шатахууны агуулах руу аваачиж өгнө.  Тэгэхээр шатахуунаа урьдчилаад авчихсан юм чинь хагас жилийн тайлангаар зарлага нь өндөр л гарч таарна шүү дээ. Өнгөрсөн 2023 онд МИАТ компани 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Хагас жилийн тайлан бас л хасахтай байсан. Үүнийг л ойлгох ёстой. Энэ чинь жилийн эцсийн тайлан биш шүү дээ. Бид жилийн эцсээр алдагдалтай гарахгүй.

-Та МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 3 жил гаруй ажиллаж байна. Шахаа, алдагдал, үнэтэй тийзтэй зэрэг байнга л хэл ам дагуулдаг энэ компанид таны ажиллах хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг уншигчид сонирхож байгаа байх?

-2021 оны 9 сард би анх ажлаа авсан. Тухайн үед дэлхий дахиныг хамарсан цар тахлын үе байв. Энэ нь агаарын тээврийн салбарт маш хүчтэй нөлөөлсөн. Яг тэр цар тахлын үе МИАТ цалингаа ч тавьж чадахгүй цаг үе байсан юм. Зөвхөн арилжааны банкнаас авсан зээлийн өрийн хэмжээ гэхэд 118 тэрбум төгрөг байсан. Төлж чадаагүй хойшлуулсан төлбөрүүд нь 96 тэрбум төгрөгт хүрсэн байв. Дансандаа гэхэд 300 гаруйхан сая төгрөгтэй. 

Тухайн үеийн нөхцөл байдлаас гарахын тулд бид Оюутолгойтой уулзаад гуйсан. Бид үндэсний компани. Цар тахлаас болж дампуурах эрсдэлд ойрхон байна. Бид танай компанийн  бүтэн жилийн чинь нислэг дээр гурван хувийн хөнгөлөлт үзүүлье. Харин та нар бүтэн жилийнхээ төлбөрийг урьдчилаад төлчих гэдэг хүсэлт тавьсан. Энэ уулзалт амжилттай болсон. Ингэж л бид нар хүнд үеийг давж, боссон.

Үүний дараа бид нийт ажилтнуудынхаа дунд зардал хэмнэх асуудал дээр санал асуулга явуулж, үүн дээр ажилласан. Ингээд зөвхөн 2021 оныг дуустал буюу 9 сараас 12 сар хүртлэх хугацаанд бид 44 тэрбум төгрөг хэмнэсэн.

Ер нь МИАТ компанийн түүхэнд хамгийн өнөөдөр тоон үзүүлэлт нь 2019 онд 2596 нислэг хийгээд 496 тэрбум төгрөгийн орлого олж, 700 орчим мянган зорчигч тээвэрлэчихсэн байсан. Энэ бол МИАТ компанийн хувьд өнгөрсөн 60 жилийн хугацааны хамгийн өндөр тоон үзүүлэлт, амжилт байсан юм. 2023 онд бид энэ амжилтыг эвдсэн. 3300 нислэг үйлдэж, 800 мянган зорчигч тээвэрлэж, 800 тэрбум төгрөгийн орлого олсон. 

2024 онд өнгөрсөн оных шиг өндөр ашигтай гарахгүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн биржүүд дээр нефтийн үнэ өссөнтэй холбоотой шатахууны үнэ дагаад өссөн байгаа. Орос, Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д ч шатахууны үнэ өссөн. 

Дээрээс нь энэ жил бид томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байна. 2013 онд худалдан авсан онгоцныхоо хоёр хөдөлгүүрийг завсарлаж байгаа юм.

Гэсэн ч МИАТ-ын хамт олон 2024 онд түүхэн үзүүлэлтээ дахин шинэчилнэ. Бид энэ онд 4540 нислэг үйлдэж, 1,2 сая зорчигч тээвэрлэж, 1,1 их наяд төгрөгийн орлого тооцоотой ажиллаж байна. Ингэснээр МИАТ 500 тэрбумын орлоготой компани байсан бол 1,1 их наяд төгрөгийн орлогтой компани болж байгаа юм. 

Ирээдүйд МИАТ компани 2 их наяд төгрөгийн орлоготой болохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүнийн таван хувьтай тэнцэх хэмжээнд очиж чадна гэсэн том зорилготой л явж байгаа. Үүний тулд шилэн байж, зардлаа хэмнэж, бага зардлаар илүү үр бүтээлтэй, үр ашигтай ажиллах хэрэгтэй.

-Тэгэхээр МИАТ компани менежментдээ их анхаарч байгаа юм байна. Таны цаашдын том амбиц чинь юу вэ?

-МИАТ компанийг хүмүүс буруу ойлгоод байдаг. Төсвийн мөнгийг шамшигдуулсан гээд бичээд байдаг. Үүнийг бичүүлж байгаа хүмүүс нь өөрсдөө мэдлэггүй байхаар яах юм бэ. МИАТ компани төсөвт мөнгө төвлөрүүлдэг байгууллага болохоос төсвөөс мөнгө авдаг байгууллага биш. 

Бид өөрсдийнхөө орлогоос зардлаа санхүүжүүлээд харин олсон орлого цэвэр ашгаасаа улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь бид ТӨХК, төрийн өмчийн бизнесийн байгууллага өөрөө менежмент хийж чаддагийг харуулахыг зорьсон. Үүнийгээ чадаж байгаа гэж бодож байна.

2023 онд 9 сард бид 11 жилд нэг ч хөдлөөгүй байсан тийзний үнийг 10-26 хувь болгож хямдруулсан. Анх таван онгоцтой байсан одоо бид 10 онгоцтой үйл ажиллагаагаа явуулж байна. 700 гаруй ажилтантай байсан одоо нийт 1000 гаруй ажилтантай болсон байна.

 МИАТ цаашид илүү томрох ёстой. Бидний алсын зорилго бол дэлхийн хэмжээний том компани болох. Бид зах зээлээ тэлэх ёстой. Энэ зорилгынхоо хүрээнд транзит тээврийг амжилттай эхлүүлж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, 2023 онд 13800 зорчигчийг транзитаар тээвэрлэсэн. Зөвхөн эндээс МИАТ 15 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ жил 25 мянга болгох зорилго тавиад явж байна. Транзит зорчигч ихсэх тусам Монголын эдийн засагт ашигтай. Монгол руу орохгүй байгаа мэт харагдаж байгаа ч хийж байгаа худалдан авалт төлбөрүүд нь манай улсын эдийн засагт орж байна шүү дээ.

Ер нь бид олон улсад шийдвэр гаргах түвшинд ч амбицтай байх ёстой гэж боддог. Миний хувьд 2024 оны зургаадугаар сарын Олон улсын агаарын тээврийн холбооны хурлаар  Монголоос анх удаа Олон улсын агаарын тээврийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. “Манайх цөөн онгоцтой агаарын тээвэрлэгч компани. Бидний дуу хоолой том тоглогч нарын дунд хаягдаад байна” гэдэг санал хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн.  Үүний эхний үр дүн амжилттай гарсан.

МИАТ компани 1997 онд олон улсын агаарын тээврийн холбоонд элсэн орсон байдаг. Гэхдээ төлөөлөл болж, удирдах зөвлөлд ажиллаж байгаа юм билээ.

Олон улсын агаарын тээврийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд өөрсдийн асуудалд дуу хоолой болж, Монгол Улсын нөлөөллийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Бид Европ руу нисэх бүртээ км тутамдаа үндсэн тооцоонуудаас гадна шатамхай материалын торгуулийн төлбөр төлдөг болох гэж байна. Энэ нь бидэнд маш их хохирол дагуулна. 2050 он гэхэд нүүрс хүчлийн хийг 00 болгоно гэдэг зорилтын хүрээнд хийгдэж байгаа нэг ажил л даа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 Нэгдүгээрт, шатахуун үйлдвэрлэгч компаниуд шатахуун үйлдвэрлэж авто болон агаарын тээврийнхэнд зараад түүнээс ашгаа олж байгаа. Гэтэл агаад энэ тээврийн компаниуд ашиг орлого оруулж, худалдан авалт хийснийхээ төлөө төлөө торгууль төлөх ёстой юм бэ. Тэр төлбөр асар их. Үүнийг манайх шиг компани даахгүй.

Хоёрдугаарт, онгоцны шатахууныг орлуулах үйлдвэрлэл Монголд байхгүй. Бид ОХУ-аас хараат.  Эдгээр нөхцөл байдлыг ойлгуулж, төлбөрөөс чөлөөлөгдөх асуудалд дуу хоолой болох, эрх ашгаа хамгаалах гээд Олон улсын агаарын тээврийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний давуу тал их бий.

-Таны удирдлага дор ажилладаг Захиргаа удирдлагын газрын дарга Э.Мөнхмарал гэж хүн ажилтнуудаа дарамталдаг гэсэн мэдээлэл гарсан. Үүн дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад бэлгийн дарамт үзүүлэх юм бол тухайн хүн Хүний эрхийн комисс, хууль хүчний байгууллагад мэдээлэх эрх, үүрэгтэй. МИАТ компанийн хувьд ёс зүйн хэм хэмжээний акттай, дүрэм журамтай. Журмын хүрээнд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авдаг. Энэ мэдээлэл дээр баталгаатай эх сурвалж байгаа гэсэн байсан.

 Хэрэв тийм бол хуулийн байгууллагад шалгуулах ёстой. Тийм үйлдэл байж болохгүй. Нөгөө талдаа мэдээлэл бодитой бус бол олон нийтийн сувгаар хүний нэр хүндэд халдах нь хууль зөрчиж байгаа үйлдэл. Одоогийн байдлаар Захиргаа удирдлагын газрын захирал Э.Мөнхмарал үндэслэлгүй мэдээлэл байна гээд хуулийн байгууллагад хандаж байгаа юм байна лээ.

 -Бодит бус мэдээлэл цацагдаж байгаагийн шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Цахимд гарсан мэдээллийг редакцын бус буюу төлбөртэй мэдээ гэсэн байгаа юм. Төлбөртэй худал мэдээлэл явуулж байна гэдэг мэдээж зроилготой, цаанаа нэг сонирхол байна аа гэсэн үг. Улс төрийн ч юм уу ашиг сонирхлын зүйл байж магадгүй юм. Эсвэл ажил, албан тушаалд санаархаж буй зарим хүн улс төрийн хуучны технологи ашиглаад байж магадгүй болов уу гэж харж байна. Бид ажлаа ярих ёстой байтал хов жив, худал мэдээлэлд хариулт өгөөд сууж байгаа нь эмгэнэл юм даа.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.34.124
    2 цагийн өмнө

    Ийм залуусаа ажлыг нь зүгээр хийлгээч ээ. Хогийн хулгайчууд очих гээд чичирч байгаа биз

    Хариулах