Нарансэвстэйн боомт ба Хятадуудын АШИГ СОНИРХОЛ

Zuv.mn
7 цаг 9 минутын өмнө

1992 онд нээгдэж, жил орчим ажиллаад говийн их дархан цаазат газрын хаагдсан Нарансэвстэйн боомтыг нээх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан нь өнгөрсөн наймдугаар сараас олон нийтийн анхааралд ороод байгаа билээ.  

Өмнө нь нэг бус удаа, гэхдээ Говийн их дархан газрын нутаг дэвсгэрт байх Талын мэлтэсийн алтны ордыг ашиглахтай холбоотой л хөндөгддөг байсан уг асуудал энэ удаа зорилгоо “Талын мэлтэс”-ийн талаар ганц үг дурдалгүй, “Говь Алтай аймгийн урд талын 10 сумыг Төв Хятадын Ганьсу мужийн хямд төсөр бараагаар хангах” гэж тодорхойлсон, Хятадын талын боомтоос Алтай хот хүртэлх 600 гаруй км замыг өөрийн хөрөнгөөр барих санал тавьсан нь яах аргагүй /Өмнө нь манайх санаачилдаг байсан бол энэ удаад айл манайхыг хөдөлгөөд байгаа мэт/ анхаарал татав.

Учир нь, Говь Алтай аймагт БНХАУ-ын нэг муж өөрөө хөрөнгө гаргаж олон зуун тэрбум төгрөгөөр зам тавьтал нь татах хүн ам, эдийн засаг байхгүй. Нөгөө талаар, Говь Алтай бол аж үйлдвэр хөгжөөгүй, хөгжүүлэх чухал шаардлагатай аймгуудын нэг. 

Ийм аймаг өөрөө Хятадаас хямд бараа оруулж ирнэ гэдэг 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гаалийн татварыг тэглээд Монголыг Хятадын хямд бараанд даруулж, хөл дээрээ босож ядаж байсан "ЖДҮ"-чидээ нэгмөсөн сүйрүүлсэнтэй ижил харалган шийдвэр болно. Үр дагавар нь товоос тодорхой, гашуун үр дагаврыг нь монголчууд аль хэдийнэ амьдрал дээр амсаад үзчихсэн ийм шалтгаан хэлж улайрч байгаа болохоор нь судалж үзлээ.

Нээлттэй эх сурвалжид бичсэнээр, Ганьсу муж нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр БНХАУ-ын мужууд дотроо 31 дүгээрт /2019/ буюу сүүлийн байрт ордог, хамгийн ядуу мужуудын нэг аж. Аж үйлдвэрийн хөгжил сул, уул уурхайн олборлолт, боловсруулалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл голлосон эдийн засагтай. Байгаль орчин хамгаалах бодлого барьдаг учир угаас аж үйлдвэр хөгжих боломж хязгаарлагдмал бүс нутаг аж.


Монголын Говь Алтай аймагтай 60 орчим км зурвасаар хиллэдэг, гэхдээ Баянхонгор аймагтай ч харилцдаг. Хөдөө аж ахуй, боловсрол, соёлын харилцааг боломжийн хэмжээнд хөгжүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, Говь Алтай аймагт зарж худалдаад байх олигтой бараа байхгүй, харин уул уурхайн боловсруулах үйлдвэрт нь хэрэглэх ашигт малтмал, түүхий эд шаардлагатай байгаа гэвэл үнэнд илүү дөхөхөөр юм.

                                Эдийн засгийн агуулгаар харахад бэрх нэг шалтгаан

Ганьсу мужийн нэг онцлог нь, газарзүйн байршлын хувьд Шинжаан Уйугур, Өвөрмонголыг тусгаарладаг.  Монгол Улс урдуураа БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгур хэмээх хоёр "Өөртөө засах орон" гэдэг статустай мужтай хиллэж байхад албаар Төв Хятадаас хойш нь сунган ӨМӨЗО, Шинжаан Уйгурын газар нутгийг Монголын хил хүртэл тусгаарлах зорилгоор байгуулсан мэт байршилтай. Яг Хятадын мужуудаас гэвэл Монгол руу саадгүй орох ганц боломж нь. 


Тийм учраас ч юм уу, өмнө нь хэвлэл мэдээлэлд олонтаа бичсэнчлэн, Монголын хилээс урагш хүн ам цөөтэй. Нарансэвстэйн боомтоор гараад Мазуншань хэмээх, боомттойгоо ижил нэртэй жижигхэн суурингаас өөр ойрхон суурьшлын бүс байхгүй. Нийслэл Ланжоу хүрье гэвэл бүр 1049 км зайтай. 

Гэхдээ л Монголын хил рүү тулгаад дөрвөн эгнээтэй зам барьчихсан. Тэгээд одоо хил дагуулж байгаад ч хамаагүй Монгол руу сүвлэсэн зам барья гэнэ. ӨМӨЗО, Шинжаан Уйгурын өөртөө засах мужаар биш, яг Төв Хятадын мужаараа. 

Нөгөө хоёртой нь /ӨМӨЗО, Шинжаан Уйгур / манайх угаасаа олон боомтоор холбогдчихсон. Хангалттай ажлууд төлөвлөж, хэрэгжүүлж ч байгаа. Монгол, Хятад мөнхийн хөрш, харилцаагаа цаашид улам ч ойртуулж хөгжүүлэх нь тодорхой. Гэхдээ дэмий юм дэмий байдаг. Нарансэвстэйг нээх хэрэггүй дээ. 

Талын мэлтэс, Хатан суудал хажууд нь бага хэрэг байж мэднэ...     



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.184
    3 цагийн өмнө

    Судалгаатай л бичсэн юм шиг санагдлаа шүү!!!

    Хариулах