Гандантэгчэнлин хийдийн тариф өссөн ч олны хөлд дарагдсаар...

Zuv.mn
2025/03/07

-Өнөөдөр хийсэн буян хэдэн зуу дахин үржинэ-

Өнөөдөр XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр. Монголчууд билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг, тэр утгаараа цагаан сарын баярын дараах өдрүүдэд шашны сүм хийдүүд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж өнждөг билээ. Тэр тусмаа Шинийн 8-ны өдөр хийсэн сайн үйл, буян хэдэн зуу дахин үзрждэг гэж үздэг тул Шинийн наймны билигт сайн өдөр сүм хийдүүд хамгийн их ачаалалтай байдаг юм. Энэ жил ч ялгаагүй, сүм хийдүүд олны хөлд дарагдаж байна.

Номын үнэ тариф 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хувьд, үйл ажиллагаандаа зарцуулдаг бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалан үйлчилгээний тарифаа үе, үе нэмдэг. Энэ жил мөн энэ жишгээр үнэ тарифаа өсгөсөн. Гэсэн ч өнөөдөр ачаалал их, сүсэгтэн олны хөлд дарагдаж байна.

"Олон хүн оролцдог, олон тахил зан үйл бэлддэг, хэрэглэх зүйл ихтэй номуудын тариф багахан өссөн. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөнгүүт зардал нэмэгдсэн. Нэг ном дээр 1,000-1,500 төгрөг нэмэгдэж байна"

Ж.Одгарьд /Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга/

Эзэн богд Чингис хааны сэрэг дүрийг Гандантэгчэнлин хийдэд заллаа

Гандантэгчэнлин хийд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байгаагийн бас нэгэн шалтгаан нь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах үйл ажиллагаа болсонтой холбоотой.

Сүм хийдэд бурхдын баримал, хөрөг л байдаг гэсэн ойлголтыг эвдэж, Их эзэн богд Чингис хаандаа хүндэтгэл үзүүлэх боломж олгосноороо, сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдийг зорих шалтгааныг нэгээр нэмж чаджээ.

Сүсэгтэн олны дунд энэхүү үйл явдлыг урьд нь дуулж мэдээд хөдөө орон нутгаас зорьж ирэгсэд олон байсан нь үүнийг харуулна.

Хөрөг залах ёслолд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ч.Лодойравсал тэргүүтэй мяндагтнууд, хүндэт зочид оролцохоор иржээ.


Сар шинэ хуучраагүй, золголт үргэлжилж байгаа тул сүсэгтэн олон үндэсний дээл хувцсаар гоёж, үндэсний уур амьсгалыг бүрдүүлж байв.

Байр байдал нь ч баярын уур амьсгалтай. Хоёр, гурван үеэрээ үр хүүхэд, ач, гучаа дагуулан хэдий ажлын өдөр ч гэлээ могой жилийнхээ  өнгийг тодорхойлж, засал номоо хийлгээд явж байгаа хүмүүс олон байна.

Энэ жил урьд урьдны жилүүдийг бодвол орой цагаалсан ч тэр хирээр дулаан орж сүсэгтэн олон минь тав тухтай явж буй харагдаж байлаа.

Хийсэн буян хэдэн зуу үржин дэлгэрдэг шинийн найман гэх билэгт сайн өдөр зон олон минь сайн сайхан үйлийг санааныхаа хирээр олныг хийж, ирэх жил бүгдэд нь өгөөж буянаа хайрлах болтугай.

ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙН ЗОХИОМЖ, БЭЛГЭДЭЛТ УТГА

• Монгол зураг, буддын шүтээн урлалын уламжлалт аргыг хослуулан бүтээсэн.

• Эзэн хаан найман луу, галбинга шувуу, зээ бад, соёмбо зэрэг уламжлалт бэлгэдэлт тэмдгүүдээр чимсэн, эрдэнэ бадраасан луут сэнтийд сүр хүчтэйгээр заларсан.

• Орой дээрээ ганц эвэртэй лууг дүрсэлсэн нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үеийн археологийн олдвор дээрх ганц эвэртээс санаа авч Хүннү төрийг бэлгэдсэн бөгөөд “тэнгэрт нэг нар, газарт нэг хаан” гэх бэлгэдэлт утгатай.

• Хааны зүүн гар талд Бурхан багшийн сургаал “Гурван аймаг сав ном”-ыг төлөөлүүлж судрууд залсан. Дээд талын судар нь буддын дандарын охь Сандуйнжүд, удаах нь судрын охь Жадамба, сүүлийнх нь Бодь сэтгэлийн сургаалын охь Додьгалсан судруудыг тус тус залсан.

• Судруудыг ийнхүү залахдаа 8 болон 4-өөр ороож баринтигласан нь Бурхан багшийн сургаалийн 84 000 номын цогцыг бэлгэдсэн.


• Хааны хөргийг Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж байгаа эш хөргөөс үндэслэн бүтээхдээ луут эрдэнийн сэнтийд, бие лагшин тэгш, хөлөө бат жийж, мутраа тэгш агуулсан байдлаар дүрсэлсэн нь итгэл төгс, тууштай, төр төвшин, суурь бат, гуйвашгүй байх утгыг илэрхийлсэн.

• Хааныг цагаан дээл, хуяг, иж бүрэн өмсгөл асааснаар бүтээсэн нь цагаан сэтгэл, эхийн сүү шиг ариун байдал, ашид амар амгалан, дутуугүй дүүрэн, төвшин сайхан байхыг бэлгэдсэн.

Хөрөгт Төрийн долоон эрдэнийг залсан нь:

• Их Эзэн Богд Чингис хааны хөрөг нь шүтээн хөрөг тул Эзэн хааны баруун дээд талд Бурхан багшийн сургааль тасралтгүй байхын бэлгэдэл Хүрд эрдэнэ, зүүн талд нь юу санасан есөн хүслийг хангагч Чандмань эрдэнэ, Хааны өлмийд нь эхийн хайрыг тэгш хүртэхийн бэлгэдэл Хатан эрдэнэ, төрийн бат үндэс Түшмэл эрдэнэ, шударга сайны бэлгэдэл Баатар жанжин эрдэнэ, их хүчний бэлгэдэл Заан эрдэнэ, унасан эзнээ хүссэн газарт нь саадгүй хүргэгч Морин эрдэнийг тус тус оршоолоо.

Хөрөгт дүрсэлсэн Морин эрдэнэ нь Монгол хурдан морины 64 шинжийг шингээсэн онцлогтой.

• Баатар жанжин эрдэнэ нь Чингис хааны зандан бүрээг үлээлгэж, ард түмнийг сэрээж байгааг бэлгэдсэн.

• Заан эрдэнийг Богд хааны бор заанаар дүрсэлсэн ба заан нь Хаан болон түүний албатуудыг нэгэн өдөрт гурван мянган ертөнцийг агшин зуур гурав тойрон зөөх мянган зааны хүч чадлыг илтгэх ба хааны даасныг дарахыг бэлгэдсэн.

Хааны хөө хуягт 108, 108-аар нийт 216 таван нүдэн хээг дүрсэлсэн нь элбэг хангалуун байхыг бэлгэдсэн.

• Онги тамга – Хааны онги тамгыг тамганы хайрцаг дээр дүрсэлсэн.

• Тугийн суурь – Чулуун арслан, яст мэлхийг хүч, бат бэхийг бэлгэдэн дүрсэлсэн ба Их хааны баруун, зүүн талд найман лус эрхшээсэн байдлаар дүрсэлсэн ажээ.

Хааны тэргүүнд эрдэм мэдлэг, гэгээрэхүйн бэлгэдэл бадамлянхуа цэцгийн сууринд Хүннү төрийн бэлгэ тэмдгийг монгол төр өнө мөнхөд оршихыг бэлгэдэн заллаа.

Хөргийн тэргүүнд монгол түмний оройн дээд шүтээн, хүч төгөлдрийн илэрхийлэл Очирваань шүтээнийг залжээ.

Түүний дор Дарамдалай гүүшийн “Монголын түүх” зохиолд өгүүлсэнчлэн Чингис хааныг хаан орд суусан даруйд Хан хурмаст тэргүүтэй тэнгэрс номын авшиг хүртээснийг бэлгэдэн тэнгэрсийг ялалтын тэмдэг дуаз, бат хамгаалахын тэмдэг шүхрийг эрхшээснээр дүрсэлжээ.

Их эзэн Богд Чингис хааны суудлын орой дээр Чингис хааны алтан ургийн хүн, монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Соёмбо үсгийг тэргүүг анхны эхээр нь залсан нь Чингис хааны үр удам, байгуулсан төр, монгол төрийн ой санамжийг бэлгэдсэн болно.

2025 оны 3 сарын 5-ны морин цагт Эзэн Богд Чингис хааны хөргийг бүтээн дүүргэв.

Гандантэгчэнлин хийд



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.229
    Өчигдөр

    Дэлхийг донсолгож, Ази, Европыг түйвээж, Оросыг уулгалан довтлож дарлан, Хятадыг хядаж, хээр талаар нэг хүүр болгож явсан эрэлхэг догшин, эгнэшгүй дайчин Монголуудыг мал болгон доройтуулж, шимэгчлэн сорж байх гэж мөхсөн манжын хорт санаа, хоржоонтой зараалаар өгөр хувхай төвөдийн оруулж ирсэн шарын шашин гэх хоослон мөлжигч, хомхой худал суртлыг түгээгч ховдог шунахай хувалз лам нарт тархиа бяц базуулж, оюун санаа нь мохсон манкурт боол болоод, халаас, түрийвчээ хуу хоослуулсан мулгуу тэнэг, мунхаг дорой монголууд мөхөх цаг руугаа мөлхөн доройтсоор . . . Бурхан гэгдэх ямар ч ид шидгүй шороон зураг, шавар гуулин барималуудад өвдгөө цөөртөл сөхөрч, духаа цоортол мөргөж амь, амьдралаа даатгачихаад, баяжина өөдлөнө гэж сүслэн залбираад гар хумхин суугч монголууд дэлхийн хөгжлөөс гээгдэж, ухамсарын төвшин нь уландаа унаж ээ! Ай хөөрхийс, ай халаг, халаг . . .

    Хариулах
    • 66.181.190.77
      5 цагийн өмнө

      юу үнэн,энэ хүний бичсэн ёстой үнэн дээ