Сөнөж буй улс

Х.Батсайхан
6 цаг 13 минутын өмнө

Дүрвэгсдийн гамшиг гэхээр дандаа л гадны дүрвэгсдийг хүлээж авсан улсын тухай яригддаг. Тэгвэл улсынх нь хүн ам хурдацтай дүрвэж байгаа улсыг бас энэ тодорхойлолтод оруулж болмоор. Европын холбоо зүүн тийш тэлснээс хүн амын урсгал зүүнээс баруун тийш эрчимтэй шилжих байдал ажиглагдах болсон. Тэгвэл энэ үзэгдлийн хамгийн том золиос нь Балтийн тэнгис орчмын Латви улс болоод байна. Тус улсын урдаа барьдаг эрдэмтэд, статистикчид нь 10 жилийн өмнө судалгаа хийгээд “Өнөөгийн чиг хандлагаараа байвал 100 жилийн дараа латви үндэстэн устаж үгүй болно” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.   

Латви бол 64.58 мянган ам.км газар нутагтай, 1 871 882 (2024 оны статистик) хүн амтай харьцангуй жижиг улс. Гэтэл энэ жижиг улсаас 2013-2018 онд 92000 иргэн нь гарч явжээ. 2016 онд 1 958 800 хүн амтай байсан бол зургаан жилийн хугацаанд дахин 80,000-аар багассан аж. 13 жилээр тооцвол хүн амын бараг 10 хувь нь гадагш дүрвэсэн аж.

Түүгээр ч барахгүй Олон улсын дүрвэгсдийн байгууллагын Рига дахь салбарын тэргүүн Илмар Межс гэгч хэдэн жилийн өмнө  “Бидэнд 100 хүрэхгүй жил л үлдсэн” гэж мэдэгдсэн байх юм.

 И.Межсийн мэргэжил нэгтэн Петерис Звдринш гэгч мөн “МК.Латвия” сонинд “Жил бүр Латвийн хүн амын 1 хувь нь гадагш дүрвэж байна” гэж мэдэгдэж байжээ. Дайн дажингүй, амар жимэр улс атлаа Латви хүн амын тоотой нь харьцуулахад дүрвэлт хамгийн ихтэй дэлхийн 10 улсын нэг болжээ. 

 

Засч залруулах цаг хугацаа хангалттай байгаа гээд энэ судалгааны дүнг орхилоо гэж бодоход хоёр дахь нь үнэхээр ойрын үед сөрөг үр дагавар авчрахаар ноцтой, дотоодын дүрвэгчдийн тухай асуудал байгаа юм.

Зөвлөлтийн үед уул уурхай, хүнд үйлдвэр түшиглэн баригдсан хотууд 1990-ээд оноос хойш уналтад орж, хүн амын тоо огцом цөөрсөн нь нууц биш. Ийм замыг “станууд” бүгд л туулаад гарсан. Тэгвэл Латвийн хувьд 2004 онд Европын холбоонд элссэний дараа ийм хотууд нь мөхлийнхөө замд шулуудаж, эзгүйрэх дээрээ тулж ирсэн байна. Улсынхаа хоёр дахь том хот гэгдэж, цэцэглэн хөгжиж асан Даугавпилс үүний тод жишээ болжээ.

Социализмын үед энд хүнд үйлдвэрлэл хөгжиж, бүх үзүүлэлтээрээ нийслэл Ригагийн дараа л ордог байжээ. Гэвч ЗХУ тарж, Латви улс биеэ даасны дараа шууд л уналтад орсон гэнэ. 130 мянган хүн амтай, зөвхөн үйлдвэр, үйлчилгээ, төрийн албаныхныг тооцоход 47 мянган ажлын байртай байсан гэнэ. Харин одоо 77 799 хүнтэй /2024 оны статистик/ 4-5 мянган ажлын байртай л үлджээ.

Үүний нэлээд хэсгийг төмөр замын ажилчид эзэлдэг гэнэ. Нэг ажлын байр бий болгоход орчин үед 70-80 мянган евро шаардлагатай. Энэ хэмжүүрээр тооцвол, аж үйлдвэрийг устгаснаараа Даугавпилс хот өнгөрсөн хугацаанд гурван тэрбум гаруй еврогийн алдагдалд оржээ. Буцаад хуучин хэмжээнд нь аваачна гэвэл ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай болно гэсэн үг.

Тусгаар тогтнолоо олсны дараа банкууд жилийн 30, 60, бүр 120 хувийн хүүтэй зээл олгож байжээ. Ломбард, банкны зээлийн хүү ялгагдахаа больж, гэсэн ч иргэд их хэмжээний зээл авсаар байсан аж. Ингээд эцэст нь хотын гол амин зүрх болсон аж үйлдвэрийн цогцолборууд дампуурч, төмрийн үнээр хувьд очсон гэнэ. Үйлдвэрүүдийг тоно дээрэмдэж байснаас гадна хувьчилж авсан эзэд нь ч олигтой ажиллуулахыг хүссэнгүй.

Даугавпилс

Даугавпилсийн тухай “Даугавпилс: 10 жилийн зовлон” ном бичсэн н.Провиденко гэгч үүнийг өрсөлдөгч улсуудаас санаатайгаар хэрэгжүүлсэн ажиллагаа байж ч магадгүй гэж сэжиглэж явдаг байна. Үйлдвэрүүд устсаны дараа латвичууд өмнө нь хийдэг байсан бараа бүтээгдэхүүнээ Европоос худалдаж авах болжээ.

2004 онд Европын холбоонд элсэж, худалдааны замаа нээсэн явдал үйлдвэрүүдэд хүнд тусч, ихэнх нь дампуурав. Ид үедээ дэлхийн 30 улс оронд бүтээгдэхүүнээ экспортлодог байсан Шилний үйлдвэр дампуурдгийн даваан дээр Сингапурын бизнесмэний мэдэлд очсон ч амалсан ёсоороо өөд нь татаж чадаагүй гэнэ.

Европын холбоонд элссэн явдал Латвид хоёр янзаар нөлөөлжээ. Эхнийх нь дээр дурдсанчлан илүү хямд үнэтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн цутган орж ирж, үйлдвэрүүдийг дампууруулсан явдал. Харин нөгөөх нь иргэдийн гадагш чиглэсэн урсгал байсан юм. Номонд бичсэнчлэн 10 жил зовсон латвичууд визгүй болмогц арай дээр амьдрал хайн одоцгоожээ. Хотод орон сууцны үнэ уналаа.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр дагнадаг Михайл Лавренов гэгчийн хэлснээр бол хотын төвд ийм хямдхан байртай хотыг Литва, Беларусь, Орос, Эстоноос хайгаад ч олохгүй гэнэ. Хуучин байр зарагдахгүй, шинэ байр баригдахгүй, метр квадратын үнэ 350 евро. Уналт яг эхлэх үед м2-ыг 800 еврогийн өртгөөр барьчихсан компаниуд үүнээс ч хямд үнээр өгч, дампуурах нь дампуурчээ. “АНУ, Англи, Ирланд руу гарч байгаа хүмүүст эргэж ирэх бодол огт байхгүй. Тийм учраас байр хэнд ч хэрэггүй болсон” хэмээн М.Лавренов ярьсан байна.   

Гэхдээ Даугавпилсийн, ер нь Даугавпилс шиг хотуудад тулгарч буй хамгийн ноцтой асуудал нь хүн амын шилжилт, ажлын байрны хомсдол бус, иргэдийн насны бүтэц гэдгийг тус улсын эрдэмтэд мэргэд дээр доргүй ярьж байна. Ажиллах чадвартай залуу хүмүүс дүрвэснээр хотод 25 хүртэлх насны залуус цөөрч, тэтгэврийн хөгшид жин дарах болжээ. Үүнтэй холбоотойгоор эмч, сувилагч зэрэг чухам мэргэжлийн эрэлт нэмэгдсэн ч ажиллах хүн нь алга. Даугвапилс хотод л гэхэд ажиллах хүч дутагдалтай байна. Гэвч Ригад цалин өндөр тул хэн энд ажиллах билээ.

Триатлоны спортын мастер, Латви улсын аварга тамирчин Дмитрий Калинин 2016 оны аравдугаар сард Даугвапилсийн төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн зулын гол болж нас барсан нь энэ хотод, үүнтэй ижил хотуудад залуу хүнд өсөх дэвших боломж ямар хаалттай байна вэ гэдгийг латвичуудад ухааруулсан юм. Харамсалтай нь хэдий төр засгийн төвшинд асуудлыг анхааралдаа авсан ч байдлыг сайжруулж чадахгүй байгаа нь эмгэнэл гэлтэй.

Хоёр сая хүрэхгүй хүн амтай энэ улсын иргэд удахгүй бүгд эх орноо орхиод дүрвэчихсэн байна гэвэл гайхаад байхааргүй болжээ.          



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.106
    4 цагийн өмнө

    Европчууд Неоколоничлогч Америк эзнийхээ үгээр европдоо шороон түмэн дүрвэгсдийг хүлээн авч өөрсдөө хөгширч дүрвэгсдэд газар нутаг эх орноо алдаж байна.

    Хариулах