"Нийгмийн захиалгагүй" НДШ-ийн нэмэгдлийг зогсоох цаг ирсэн үү

Х.Батсайхан
4 цаг 46 минутын өмнө

Нийгмийн асуудлыг зохицуулдаг /зохицуулдаг шүү, хааж боодог, хүчилдэг биш/ учраас аливаа хууль журмын ард нийгмийн захиалга заавал байдаг. Нийгэм хөгжихийн хэрээр шинэ харилцаанууд үүсэж, тэдгээрийн зохицуулахын тулд хууль журам бас байнга шинэчлэгддэг жамтай. Тэр дагуу УИХ удахгүй Татварын багц хуулийг хэлэлцэж, татварын орчинг шинэчлэхээр зэхэж байна. 

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 30 гаруй гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг мөн боловсруулж, олон нийтээс санал авч эхэлжээ. Мэдэгдлүүдээс харахад, гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээний хөлснөөс НДШ авдгийг болиулах, ажил олгогчийн төлөх НДШ-д дээд хязгаар тогтоох гэх мэт асуудал тусгагдах магадлал өндөр байгаа бололтой. Энэ бүгдийг хийвэл мэдээж, ажил олгогч, ажилтны байдал дээрдэх нь гарцаагүй. Гэхдээ хамгийн чухал асуудал бол НДШ-ийн хувь хэмжээ юм. 

НДШ-ийг нэмэгдүүлэх үйл явц сангийн орлого зарлагаас үүдэлтэй эхэлсэн бөгөөд одоогийн хэмжээндээ хүрээд таван жил болж байна. Гэхдээ энэ нэмэгдэл нь нийгмийн захиалга байгаагүй гэдгийг заавал хэлэх ёстой.   

УИХ 2017 онд  тэтгэврийн талаар 2030 он хүртэл баримтлах бодлогыг баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% гээд нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болсон юм. НДШ нэмснээр төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ гэж эрх баригчид төсөөлсөн. Цалин дээрээс шууд татаж байгаа учраас төсөв ч нэмэгдсэн. Гэвч сүүлдээ төр НДШ-ийг жил бүр нэмж төлөвлөж, /2025 оны төсөвт НДШ-ийг өмнөх оныхоос нэг их наяд төгрөгөөр илүү төлөвлөсөн/ хялбар олддог мөнгө /"easy money"/ мэт хандлага гаргах болсон нь одоогийн дарамттай нөхцөл байдлыг үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, эхлээд хувь хэмжээ нэмж явж байснаа сүүлдээ гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээнээс авна, хувь хүнийг НӨАТ төлөгч болгоно гэж дайрсан. Гэтэл энэ төрлийн харилцаагаар гүйцэтгэх ажил, үйлчилгээ нь өөрөө өртөг зардалтай байдаг учраас өндөр дүнтэй ч багахан ашигтай ажлаасаа улсад төлөх болоод байна.  

НДШ-ийн нэмэгдэл нийгмийн захиалга биш

Нэгэнтээ хэрэгжээд явж байгаа бодлогыг одоо ярих "оройтсон" гэж хэлэх хүн гарч мэднэ. Гэхдээ нэгэнтээ хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа тул энэ сэдвийг хөндөж байна.

Хамгийн түрүүнд, НДШ-ийн нэмэгдэл нийгмийн захиалга биш байсан гэдгийг хэлэх ёстой. Аливаа хууль нийгмийн харилцаанд оролцогч талуудыг зохицуулах үүрэгтэй байдаг. Гэтэл НДШ-ийн нэмэгдлийг ард иргэд, аж ахуйн нэгж, Үйлдвэрчний эвлэл, УИХ-д суудалтай намууд хүртэл эсэргүүцэж байсан. 

НДШ одоогийн хувь хэмжээндээ хүрсэн тэр жил /2020 онд/ Монгол Улсын Засгийн газраас төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөг буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн барьж, УИХ тэр чигээр нь баталсан байдаг. Улс гүрэн ч тэр, байгууллага хувь хүн ч тэр орлогдоо захирагдаж зардлаа төлөвлөдөг нь ёс. 

Өсөлт гаргахаар тооцож алдагдалтай батлах нь ч байдаг зүйл. Гэхдээ тэр жил нэг нюанс байсан нь сонгуулийн жил. Тиймээс тухайн үед МҮХАТ-ийн ерөнхийлөгч байсан О.Амартүвшин Төсвийн тухай хуулийн талаар УИХ-д хүргүүлсэн саналдаа “Төсвийн тооцооллыг харахад эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого, зарлага, алдагдлыг төлөвлөсөн. Төсвийн орлогыг 17%, тэнцвэржүүлсэн орлогыг 22%-иар өснө гэж тооцсон нь нийт зарлагын 20%-ийн өсөлтөд тохируулсан үндэслэлгүй, СОННГУУЛИЙН ЖИЛД ЗОРИУЛСАН ЗОХИОМОЛ ТООЦОО гэж харагдаж байна. Энэ нь төсвийн бүтцийг тогтвортой, шинжлэх ухааны үндэстэй, бодитой төлөвлөх бус зардалдаа захирагдан орлогыг тохируулан тооцоолсон оновчтой биш төлөвлөлт гэж үзэж байна” хэмээн буруушааж байв.

Асуудалд хамгийн их хамаатай нөгөө нэг субъект болох Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо мөн /2019.11.15/ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж сануулах жагсаалыг зохион байгуулсан байдаг. Жагсаалын үеэр холбооны тухайн үеийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “НДШ-ийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь улсын төсөвт нэмэгдүүлж тусгалаа. Салбарын сайд нь “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй тайлбар хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал” гэж хэлж байв.  

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл мөн НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн юм. 

Энэ бүх баримт фактууд НДШ-ийн одоо төлж байгаа хувь хэмжээ "Нийгмийн захиалга биш" байсан,  болж өгвөл буулгах талаас нь хандах ёстойг харуулдаг. 

Манайд одоо үйлчилж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль олон талаараа учир дутагдалтай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Жишээ нь, ажилтнаас авах НДШ-ийг 759 000 төгрөгөөр тогтоосон хэрнээ байгууллагын төлөх хэмжээг ингэж хязгаарлаагүйгээс болж ААН-үүдээ дээрэмдэж байгаагаас ялгаагүй нөхцөл бүрдүүлсэн.

Хууль нь өөрөө шударга бус бол хэрэгжилт нь хангалтгүй л байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. "Тунгалаг Тамир" романд Ням өвгөн Эрдэнээс "Ингэхэд Ардын нам маань цаашдаа баяжсан хүн болгоны хөрөнгийг хураагаад л байх хэрэг үү" гэж асуудаг. Эрдэнэ "За ямар ч байсан тань шиг хүний хөрөнгийг хураахгүй" гэж хариулдаг. Тэгвэл одоо эрх барьж байгаа Ардын намын бодлого яг тийм байна. Татварын хуулийн шинэчлэл гэж ярьж байгаа ч бага орлоготойгоос бага авах төдийгөөр хязгаарлана. Хувь хэмжээг багасгахгүй бол НДШ-ийн шинэчлэл ч дүр эсгэлт болно. Тийм ч учраас яг одоо эрх баригчдаас "Төсөв жил бүр нэмэгдээд л, та бүхэн нийгмийн захиалгагүй хуулиараа татаас авсаар л байх хэрэг үү" гэж асуух цаг ирээд байна. 

Төрийг ард түмэн өөрсдийнхөө төлөө байгуулдаг нь үнэн бол одоо арай гэж тэсч байгаа олон байгууллага цаашдаа удаан тэсэх үү гэдгийг бодолцох л ёстой. Давхар тайлангийн үедээ орж, НДШ-ийн бааз суурийг нэмэгдүүлэх ажилд сөргөөр нөлөөлнө. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна