E-Mongolia системээр дамжуулан архивын 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Х.Есү
11 цаг 48 минутын өмнө

Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia-д Архивын ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг лавлагаа, тодорхойлолтын 11 төрлийн үйлчилгээ цахимжсанаар иргэд аль ч газраас, хэзээ ч цахимаар авах боломжтой болсон байна.

Одоогийн байдлаар E-Mongolia системд 88 байгууллагын 1264 төрлийн үйлчилгээ багтсан бөгөөд төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар үргэлжлүүлж байна.

Иргэд өмнө нь архивын тодорхойлолт лавлагаа, бичиг баримт авахын тулд Архивын ерөнхий газарт биечлэн очиж, олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулдаг байсан бол цахим шилжилтийн үр дүнд ухаалаг утас, компьютероос хэдхэн хормын дотор авах боломж бүрдсэн.

Архивтай холбоотой цахимаар авах боломжтой 11 үйлчилгээ:

  1. Банк, санхүүгийн баримтын лавлагаа
  2. Боловсролын лавлагаа
  3. Бусад лавлагаа, тодорхойлолт
  4. Захирамжлалын баримт бичгийн лавлагаа
  5. Мал тооллогын бүртгэлийн баримт
  6. Нотариатын баримтын лавлагаа
  7. Өмч хувьчлалтай холбоотой баримтын лавлагаа
  8. Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа
  9. Цалингийн баримтын лавлагаа
  10. Шагналын лавлагаа
  11. Шүүхийн баримтын лавлагаа

Архивын ерөнхий газраас олгодог эдгээр лавлагаа, тодорхойлолтууд нь түүхэн болон эрх зүйн хүчинтэй, албан ёсны баримт тул тэтгэвэр тогтоолгох, шүүхийн хэрэгт нотолгоо болгох, боловсролын баталгаа гаргах, өмчийн баримт батлах зэрэг олон чухал хэрэгцээнд шаардлагатай байдаг.

Цахим хэлбэрт шилжсэнээр иргэд зөвхөн өөрийн утсаар дамжуулан хүссэн лавлагаагаа хэдхэн товч дарж авдаг болсноор төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах, иргэн төрийн харилцааг хялбарчлах, цаасан хэрэглээг багасгах, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Цаашид “И-Монгол академи” УТҮГ болон Архивын ерөнхий газар хамтран ажиллаж, алслагдсан аймаг, сум, дүүргийн иргэдэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааг олон талт сувгаар хүргэхээр төлөвлөж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарч ажиллаж байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна