Ж.Золжаргал гишүүний мэдэгдэл Хамтарсан Засаг унасан тохиолдолд Ухаа худаг улсад ирэхгүй гэдгийг харуулчихав уу

Х.Батсайхан
12 цаг 43 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнөөдөр фэйсбүүк хуудастаа Ухаа худагийн асуудал УИХ-аар хэлэлцэгдэлгүй гацаж байгаа нь УИХ-ын буруу биш, харин Засгийн газрын, тэр дундаа Хамтарсан Засгийн газрын буруу байсан мэт агуулгатай байр суурь илэрхийлсэн нь анхаарал татаад байна.

Учир нь, УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр ярилцлага өгч, түүндээ 1930-аад оноос хайгуул хийж, нөөцийг нь нэгэнтээ тогтоосон уг ордын лицензийг 1999 онд “Хайгуулын лиценз” хэмээн хувийн хэвшилд шилжүүлж, улмаар 2006 онд Ашиглалтын лиценз болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болохыг баримт түшин өгүүлж, “Ухаа худагийн асуудал УИХ руу орж ирвэл гишүүд гарцаагүй төрд авах шийдвэр гаргана. Тиймээс асуудлыг УИХ руу оруулж ирэхгүй байлгах нь Энержи ресурс”-ын гол зорилго. Хамтарсан Засгийн газрыг огцруулах гэж байгаа нь ч үүнтэй холбоотой” гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд Ж.Золжаргалын оруулсан байр суурь яг энэ болгоомжлолыг нь баталсанд хэргийн учир оршино.

Яагаад гэвэл З.Энхболдын дурдсан нотлох баримтуудыг Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулсан Ажлын хэсэг цуглуулан эмхэтгэж, судалж тогтоон дүгнэлт гаргаж, улмаар тогтоолын төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьсан байдаг. Гэсэн ч УИХ эхний удаад “Бичиг баримтын бүрдүүлбэр дутуу” гэсэн шалтгаанаар буцааж, Засгийн газар нөхөн бүрдүүлээд илгээсэн ч хүлээж авалгүй өдийг хүрч буй.

Хамгийн ноцтой нь, Ж.Золжаргал Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэгч ХҮН намын гишүүн байтлаа талбай дээр очиж гарын үсэг зурсан, Хамтарсан Засгийн газрын хийсэн ажлыг үгүйсгэж, олон нийтийн хамгийн санааг хамгийн ихээр зовоож буй “Ухаа худагийн асуудал УИХ руу орж ирэхгүй байх вий” гэх болгоомжлолыг сүртэй асуудал биш мэтээр ойлгуулах гэсэн санаа цухалзуулсан, түүнчлэн асуудал шийдэгдээгүй буюу Хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад “Засгийн газар солигдлоо гэхэд...” гэх мэтээр урьдчилж ярьсан нь гайхаш төрүүлж байна.   

Тэрбээр энэ мөлгөр мөлчгөр мэдэгдлээрээ Хамтарсан Засгийн газар унасан тохиолдолд Ухаа худагийн асуудал замхарч, гишүүд аялдан дагалдаж эвлэрэх вий гэсэн болгоомжлол бодитой болохыг харуулчих шиг боллоо.  

Тэрбээр "ОДОО УИХ-ын 2007 оны 27-р тогтоол хүчинтэй хэвээр байна. Иймд Засгийн газар Ухаахудагтай холбоотой орооцолдсон гэрээг хуульд нийцүүлэх арга зам, шийдвэрийн төслөө УИХ-д танилцуулах үүрэгтэй гэсэн үг.

ГЭТЭЛ 2007 оноос хойш 2025 он хүртэл танилцуудаагүй явсаар л ирж. Угаасаа ажил аль хэдийнээ өрнөөд нөхцөл өөр болсон гээд орхисон бололтой. Тэр дундаа ЕС Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар өнгөрсөн 4 жил, Хамтарсан засгийн газар өнгөрсөн 10 сарын туршид шийдвэрээ гарган ирж УИХ-д танилцуулаагүй байна. Сая УИХ -руу оруулж ирсэн тогтоолын төсөл нь 2007 оныхтой ижил “судалж, шийдэл танилцуул” гэсэн агуулгатай байсан тул дахиж хэлэлцэх үндэслэлгүй хүчинтэй тогтоолын хүрээнд “судлаад танилцуулаач дээ” хэмээн буцаасан гэж ойлгосон. 

ИЙМД, Засгийн газар шийдвэрээ танилцуулах үүрэгтэй хэвээр байгаа болохоос биш битгий танилцуул гэж хэн ч боогдуулаагүй байна. Засгийн газар солигдлоо гэхэд энэ үүрэг дараагийн засагт ирнэ үү гэхээс биш УИХ-с даалгасан тогтоол хүчинтэй хэвээр байж л байна, харин тогтоолын хэрэгжилтийг сануулж шахах нь УИХ-ын үүрэг.

Ингэж энэ номд бичсэн байгаа тул энэ хүрээнд дээрхийг хураангуйлав" гэж бичсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна