“Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ”

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 50 минут

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны их, дээд сургуулийн оюутны ангилалд тэргүүлсэн Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөнгийн эсээг толилуулж байна.

“Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би...” (Б.Явуухулан, 1959). Монгол Улсын иргэн болон мэндэлсэн бид анх төрөхдөө л 1,564,116 км2 хэмжээтэй уудам газар нутагт хэмжээт их баялгийн эзэд нь болсон билээ. Улс орны геополитик нь тухайн улсын эдийн засаг, хөгжилд нөлөөлдөг томоохон хүчин зүйлүүдийн нэг. Гагцхүү улс орны баялаг нь улс оронд баялгийн хараал авчрах уу, хөгжлийн суурь болох уу гэдэг нь улс үндэстний институцын тогтолцоо, баялгийн зохистой ашиглалтаас шалтгаална. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан нь байгалийн баялгийг ашиглахдаа иргэдийн эрх ашиг, байгаль орчны хамгаалал, төрийн хариуцлагыг нэн тэргүүнд тавих эрх зүйн үндсийг бүрдүүлдэг (Монгол Улсын Үндсэн Хууль, 1992). Монгол Улсын эдийн засаг нь байгалийн баялаг буюу уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Уул уурхайн орлого нь экспортын 90-94 хувь, ДНБ-ний 25-30 хувь, төсвийн орлогын 23.3 хувь (2025 оны 9 сарын гүйцэтгэлээр) бүрдүүлж буй статистик баримтууд нь Монгол Улсын уул уурхайгаас хэр их хамааралтайг нотолж байгаа юм. Тиймээс ч байгалийн баялаг нь одоогийн Монгол Улсын оршин тогтнох үндэс, ирээдүйн баталгаа болж байгаа юм. Гэхдээ “байгалийн баялгийн зохистой ашиглалт” гэдэг нь зөвхөн өнөөгийн ашгийн талаар бус байгаль орчны тэнцвэрт байдал, эдийн засгийн хүртээмж, төрийн хариуцлага гэсэн гурван тулгуурт зарчмын дор ирээдүйг төлөвлөх асуудал юм.

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал нь уул уурхайн салбараас хэт хамааралтай. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өнөөгийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгдээд байна. Монгол Улсын зөвхөн 17 нэр төрлийн ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартой тэнцүү буюу 1 хүнд 1 сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож байна. Энэхүү ашигт малтмалын эдийн засаг нь богино хугацаанд ашигтай орлого олж буй мэт хэдий ч урт хугацаанд Монгол улсыг Голланд өвчний шинж тэмдэгтэй болгож буй үр дүн ажиглагдаж байгаа юм. “Байгалийн баялгийн огцом орлого нь валютын ханшийг чангаруулж, уламжлалт экспортын салбаруудын өрсөлдөх чадварыг сулруулдаг үзэгдлийг Голланд өвчин гэж нэрлэдэг.” (Corden & Neary, 1982) Мөн түүнчлэн экспортоос хамааралтай Монгол Улсын нээлттэй эдийн засаг нь түүхий эдийн гадаад дахь үнийн хэлбэлзэл Монголд Улсын дотоод эдийн засаг, валютын ханшид шууд нөлөөлөх шалтгаан болж байна. Үүнийг түүхэн датанаас ажиглавал 2020 оноос 2023 он хүртэл ковидын нөлөөнөөс үүдэн нүүрсний үнэ унасан ба энэ үед долларын ханш 2800 төгрөгөөс 3500 төгрөг хүртэл огцом өсөлт хийсэн. Харин 2023 онд Монгол Улс нүүрсний экспорт хамгийн оргил түвшинд хүрсэн буюу 8.8 тэрбум ам.долларын экспорт хийснээр валютын ханш 3380 болж тогтворжсон. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийг тогтворжуулах баялгийн сангийн үйл ажиллагааны дутмаг байдал нь гадаадын шокийг шингээх чадваргүй болгож байгаа юм.

Уул уурхайн олборлолтоос үүсэж буй сөрөг нөлөө нь байгаль орчны тэнцвэрт хохирол учруулдаг тул уул уурхайн ашигтай хамтаар нөхөн сэргээлтийн ажлыг хоршуулан боловсруулах шаардлагатай. 2022 оны байдлаар Монгол Улсын газар нутгийн 29.8% буюу 466,400 га газар уурхайн дэвсгэр газар болсон байна. Хөрс нь байгалийн нөхөн сэргэлт удаан, Монголын хуурай, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд нэг сантиметр үржил шимт хөрс бүрэлдэхэд хэдэн зуун жил шаардагддаг. Үүний зэрэгцээ уул уурхайн болон мал аж ахуйн үйл ажиллагаанаас үүдсэн усны хэт их хэрэглээ нь байгалийн нөхөн сэргэлтийн хурдан давсан, ялангуяа говийн бүс нутагт усны тэнцвэр алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд байгаль орчны тогтвортой байдлыг хангахгүйгээр богино хугацааны ашиг олох нь ирээдүйн экосистемийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Байгалийн баялгийг зохистой ашиглахын тулд хөрс, усны нөөцийг хамтад нь авч үзсэн цогц бодлого хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Ашиглалтын өмнө экосистемийн даацын үнэлгээ хийх, тухайн бүс нутгийн хөрс, усны нөхөн сэргэлтийн чадавхтай уялдуулан лиценз олгох нь хамгийн эхний алхам юм. Мөн уул уурхайн салбар усны хэрэглээг бууруулах технологи, дахин ашиглалтын системийг нэвтрүүлэх замаар гүний усны хамаарлыг багасгаж, байгалийн нөөцийг урт хугацаанд хадгалах боломжтой. Нөхөн сэргээлт нь зөвхөн олборлолт дууссаны дараа бус, ашиглалтын явцтай зэрэгцэн явагдах шаардлагатай. Ургамалжуулалт, хөрсний бүтцийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ нь хөрсний элэгдлийг бууруулж, экосистемийн сэргэлтийг дэмждэг. Үүний зэрэгцээ байгалийн баялгаас олсон орлогын тодорхой хувийг хөрс, ус хамгаалал, нөхөн сэргэлтийн судалгаанд зориулснаар эдийн засгийн ашиг сонирхол болон байгалийн тэнцвэрт байдлын хооронд зохистой харьцааг бий болгох боломжтой.

Улс орнуудын жишээнээс байгалийн баялгийн үр ашгийг хэрхэн өндөр түвшинд хүртдэг талаар туршлага судалбал улс орны баялгийн сангийн бодлого, ашиглалт нь улс орнуудын хөгжлийн түвшинтэй холбогдож байдаг. Тухайлбал, Норвег, Сингапур зэрэг орнууд байгалийн баялгаас олсон орлогыг тусгай баялгийн санд төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын мэргэжлийн удирдлага, хатуу санхүүгийн сахилга, ил тод байдлыг хангаснаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадсан байна. Эдгээр жишээнээс харахад улсын баялгийн сангийн бодлого, ашиглалтын арга хэлбэр нь тухайн орны хөгжлийн түвшинтэй шууд уялдаатай байдаг. Монгол Улсын хувьд 2024 онд “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-г байгуулж, түүний хүрээнд тус бүрийн зорилго бүхий “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван шугаман сангийн тогтолцоог бий болгосон нь байгалийн баялгийн менежментийн бодлогод гарсан чухал шинэчлэл юм. Энэхүү бүтэц нь баялгийн орлогыг ирээдүй үед хадгалах, эдийн засгийн бүтцийн хөгжлийг дэмжих, иргэдэд шууд хүртээмжтэй байдлаар хуваарилах гэсэн олон талт зорилгыг зэрэг хангах боломжийг бүрдүүлж байна. Монгол Улсын баялгийн сан нь урд жилүүдэд халамж, төсвийн алдагдлыг нөхөх хэрэгсэл хэлбэрээр ашиглагдаж дийлэнх орлогоо хэрэглээ хэлбэрээр урсгаж байсан нь урт хугацаанд тогтвортой хуримтлал үүсэх боломжийг хязгаарлах, сангийн хөрөнгө эдийн засгийн мөчлөг даган тогтворгүй хэлбэлзэх зэрэг асуудлууд дагуулж байсан юм. Үр дүнд нь байгалийн баялаг нь хөгжлийн хөшүүрэг гэхээсээ илүү богино хугацааны санхүүгийн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэх хандлагатай байсан. Одоогийн баялгийн сангийн үйл ажиллагаа нь илүү урт хугацаанд чиглэж буй нь Монгол Улсын байгалийн баялгийн өгөөжийг хөгжлийн үндэс болж буй юм.

Төрийн эдийн засагт оролцох үндэслэл нь зах зээлийн үр ашиг ба тэгш байдлыг хангахад оршино. Монгол Улсын түүхий эдэд суурилсан экспортын бүтэц, байгальд учруулах сөрөг дам нөлөөг тусгаагүй үнэ зэрэг нь зах зээлийн үр ашгийг бүрэн гүйцэд хангахгүй байгаа нь төрийн бодлого, боловсруулалтыг зайлшгүй шаардаж байгаа юм. Манай улсын нийт экспортод БНХАУ-ын эзлэх хувь 90 орчим хувьд хүрээд байна. Энэ нь урд хөршийн эдийн засгийн өсөлтөд гарч болох аливаа савлагаа гадаад эрэлт, экспортын үнээр дамжин дотоод эдийн засагт хүчтэй нөлөөлөх нэг эрсдэл болж байна. (Д.Ган-Очир, 2019) Түүнчлэн Монгол Улс хууль эрх зүйн зарчим нь байгалийн баялаг нь ард түмнийх гэж тодотгон тэгш хуваарилалтыг зорьдог боловч ашиг хүртэж буй бүлэг нь цөөнх буюу орлогын тэгш бус хуваарилалт, олборлолт явуулж буй нутгийн иргэд илүү ачаалал үүрэх, үе хоорондын тэгш бус хуваарилалт үүсэх зэрэг тэгш байдал хангалттай хэмжээнд хангагдаагүй байгаа юм. Тиймээс бидэнд иргэдэд нээлттэй, ил тод төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Эдийн засагч Дарон Ажемоглугийн "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" бүтээлд дурдсанаар, байгалийн баялаг ихтэй орнууд "Олборлогч институци"-тэй байх нь цөөнх бүлэг баялгийг завшиж, нийт олонх ядуу хэвээр үлдэх эрсдэлийг бий болгодог. Хэрэв төрийн институци нь авлигад идэгдсэн, ил тод бус бол баялгийн орлого боловсрол, эрүүл мэнд рүү бус, харин үр ашиггүй мега төслүүд болон далд санхүүжилт рүү урсах аюултай. Монгол Улсын хувьд "Нүүрсний хулгай" гэх мэт хэргүүд нь институцын хяналт сул байгаагийн тод жишээ юм. Шинээр байгуулагдсан "Чингис хаан Үндэсний баялгийн сан"-ийн амжилт нь түүний засаглалын бүтцээс хамаарна. Норвег улс баялгийн сангаа Төв банкны дэргэд, улс төрөөс бүрэн хараат бус мэргэжлийн багаар удирдуулдаг. Тэдэнд улстөрчдийн сонгуулийн амлалтад зориулж мөнгө гаргах эрх байхгүй. Монгол Улсад ч мөн адил Үндэсний баялгийн сангийн зөвлөл нь улс төрийн томилгооноос ангид, олон улсын аудитын хяналт дор, шийдвэр гаргалт нь иргэдэд нээлттэй байх ёстой. Ингэж чадвал баялаг нь цөөнхийн олз биш, нийт ард түмний өмч болж институцын сайн тогтолцоо бүрдэх юм.

Монголчууд бид "Алтан дээр суусан гуйрамч" гэх үгэнд дэндүү дасчхаж. Бидний хамгийн том алдаа бол байгалийн баялгийг хөгжил гэж андуурсанд байгаа юм. Гэтэл үнэндээ уул уурхай бол хөгжил биш, ердөө хөгжилд хүрэх "шатахуун" төдий зүйл. Шатахуун хэчнээн их байгаад хөдөлгүүр нь байхгүй бол машин байрнаасаа хөдлөхгүйтэй адил, Монгол Улс баялаг ихтэй ч "хүний хөгжил" гэх хөдөлгүүр нь гацаж, нэг байрандаа эргэлдсээр байна. Бид нүүрс, зэс ярихаараа хэдэн сая тонноор нь хэмжиж, хэзээ дуусах бол гэж түгшдэг. Энэ бол айдас дээр тогтсон эдийн засаг.

Монгол Улс "Хүний хөгжил сан", "Эх орны хишиг" зэрэг нэрээр бэлэн мөнгө тарааж ирсэн нь иргэдийг хөдөлмөрлөх сонирхолгүй, халамж харагч болгох сөрөг нөлөө үзүүлсэн. Эдийн засагчдын хэлдгээр энэ нь "бүтээмжгүй хэрэглээ" юм. Харин “хүмүүн капитал" гэдэг бол шавхагдашгүй нөөц. Нэг монгол залуу дэлхийн түвшний программ хангамж эзэмшээд, Улаанбаатарт суугаад дэлхийд үйлчилгээ үзүүлж эхлэхэд түүнд ямар ч лиценз, ямар ч хил гаалийн татвар саад болдоггүй.

Боловсрол бол хэвийн бараа. Хүмүүсийн орлого өсөх тусам боловсролд хөрөнгө оруулах орлогын хувь хэмжээ нь нэмэгддэг. Мөн боловсрол нь мерит бараа. Орлого багатай иргэдийн хувьд trade-off буюу ирээдүйн боловсролоос олж авах үр ашиг, өнөөдрийн хэрэглээ хоёрын хооронд золиос их шаардагддаг. Тиймээс ч төр тэгш байдлыг сайжруулахын тулд боловсролын салбарт гарцаагүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Мөн урт хугацаанд өндөр боловсролтой иргэд нь зах зээлийн үр ашгийг сайжруулах буюу манай улсын хуваан зарцуулах орлогын түвшинг нэмэгдүүлэх, бидний хувааж буй бялууны хэмжээг томруулах нөлөөтэй.

Баялгийг хэрхэн зөв удирдаж болдгийн сонгодог жишээ бол Норвег улс юм. Тэд газрын тосны орлогоо "Ирээдүйн өв сан"-даа төвлөрүүлж, түүнийгээ дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэн, ашгийг нь зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Норвег улс төсвийн зарлагыг баялгийн орлогоос тусгаарласан. Төр засаг нь жилд баялгийн сангийн үндсэн хөрөнгийн ердөө 3.0 хувиас илүүгүйг төсөвтөө авч ашиглах эрхтэй. Энэ 3.0 хувь нь зөвхөн нийтийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэндэд зориулагддаг. Түүнчлэн Норвегт их сургуулийн боловсрол бүрэн үнэ төлбөргүй бөгөөд оюутнуудад амьжиргааны тэтгэмж олгодог. Тэд баялгийн орлогоороо мэдлэг олж авах санхүүгийн айдасгүй иргэнийг бүтээж байна.

Сингапур улсыг жишээ болгон татвал тэдэнд байгалийн баялаг байхгүй ч тэд "хүний тархи бол хамгийн том уурхай" гэдгийг баталсан. Тэдний тогтолцоо нь иргэнээ насан туршид нь сургахад чиглэдэг. Засгийн газар нь 25-аас дээш насны иргэн бүрийн тусгай дансанд сургалтын төлбөрт зарцуулах мөнгө байршуулдаг. Иргэн хүн өөрийнхөө ур чадварыг ахиулахын тулд хүссэн сургалтаа тэр мөнгөөрөө авдаг. Боловсролын систем нь зах зээлийн эрэлттэй шууд уягдсан. Хэрэв дэлхийд хиймэл оюун ухаан хүчээ авч байвал сингапурын баялгийн сан тэр чиглэл рүү бүх нөөцөө шууд чиглүүлдэг. Энэ нь иргэнийг халамж авагч биш, харин зах зээлд үнэ цэнтэй тоглогч хэвээр үлдэхэд тусалдаг.

Монголчууд бид "Төр надад юу өгөх вэ?" гэж хүлээдэг болжээ. Нийгэмд үүнийг егөөдөх “Хорооноос тараавал...” гэдэг үг хэрэглэгдэж буйгаас дүгнэж болно. Энэ нь баялгийн орлогыг халамж болгож тараасны сөрөг үр дагавар. Харин баялгийн орлогоороо мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, өндөр технологийн сургалтын төвүүдийг санхүүжүүлбэл залуучууд "Төрөөс мөнгө горьдох биш, төрөөс илүү баялаг бүтээх" чадвартай болно. Монгол Улс нь 2023-2024 оны нэгдсэн үзүүлэлтээр оюуны чадавхаараа 199 орноос 12-15 байранд жагсаж байгаагаас Монгол Улсын потенциал багаар үнэлэгдэхгүйг харж болно.

Тэгвэл бид хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ? Манай улстай ижил экспортын орлогод түшиглэсэн эдийн засагтай, гадаад харилцааны хувьд ижил Казахстан улсыг жишээ татан харвал 1993 онд эдийн засаг нь туйлдаж байх үед Казахстан улс байгалийн баялгийн орлогоороо залуусаа дэлхийн шилдэг сургуулиудад сургаж эхэлсэн. Өнөөдөр 15,000 гаруй төгсөгчид нь тус улсын технологи, анагаах ухаан, төрийн удирдлагын цөмийг бүрдүүлж байна. Энэ бол зүгээр нэг тэтгэлэг биш, баялгийг "Үндэсний чадамж" болгон хөрвүүлсэн систем юм. Kазахстан улсын ДНБ нь 2021 оноос хойш тасралтгүй эерэг өсөлттэй байгаа бөгөөд мөн түүнээс хойш цэвэр гадаад хөрөнгө (NFA) нь тасралтгүй өсөж байгаа. Үүнийг мэргэжилтнүүд боловсролын хөрөнгө оруулалттай холбон тайлбарладаг. Монгол улс боловсролын суурь үндэс болох багш нарын чадавхжилтад хөрөнгө оруулах, "Боловсролын зээлийн сан"-г улс төрөөс ангид, цэвэр баялгийн сангаас санхүүждэг "Үндэсний тэтгэлгийн сан" болгон өөрчлөх зэрэг арга хэмжээ авбал зохилтой. Түүнчлэн Монгол Улсын уудам тал нутгаас шалтгаалдаг боловсролын тэгш бус хүртээмжийг даван туулах технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Монгол Улс байгалийн баялгийн үр ашгийг бүрэн гүйцэт ашиглахгүй байгаа шалтгааны нэг нь боловсруулалтгүй экспортлох буюу түүхий эд хэлбэрээр экспортолж буй нь юм. Хэрэв одоогийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээвэл бид өнөөгийн орлогыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой. Дэлхийн зах зээлд манай улс нэг тонн зэсийн баяжмалыг 2025 оны байдлаар ойролцоогоор 1700 ам.доллароор худалдаж байгаа бол боловсруулсан буюу нэг тонн зэсийн үнэ нь 12000 ам.доллар буюу 7 дахин өндөр үнэтэй байна. Үүнийг бид үндэсний ноолууран эдлэлийн брэндүүдээс ч харж болно. Хамгийн том төлөөлөгч болох “Говь” брэндийн хувьд харьцуулалт хийе. Нэг ноолууран цамц үйлдвэрлэхэд 0.3-0.4кг ноолуур ордог. Хэрэв энэ ноолуурыг түүхий хэлбэрээр экспортолбол олон улсын зах зээл дээр 1 кг цэвэр ноолуур 100–110 ам.доллар орчим үнэлэгддэг тул нэг цамцанд ноогдох түүхий эдийн экспортын орлого 30–40 ам.доллароос хэтрэхгүй. Харин ижил хэмжээний ноолуураар хийсэн бэлэн ноолууран цамц олон улсын зах зээлд брэнд, чанараас хамааран 150–300 ам.доллароор борлуулагддаг.

Өөрөөр хэлбэл, ноолуурыг түүхий эдээр гаргаснаас нэг цамц болгон үйлдвэрлэхэд экспортын орлого дор хаяж 4–7 дахин нэмэгдэж, үүн дээр ажлын байр, татвар, дизайны болон брэндийн үнэ цэнэ дотооддоо үлддэг. Үүнтэй ижлээр бид түүхий эдийг боловсруулах технологи, үйлдвэрлэл бий болговол нэгдүгээрт ашгийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт ажлын байруудыг бий болгосноор хөрөнгө оруулалтаар бий болгосон боловсролтой иргэдийг ашиглах боломжтой болно. Түүнчлэн татварын орлого нэмэгдэх, төсвийн орлогын экспортоос хамаарах хамаарлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой нөхцөл бий болгох өсөх үр өгөөжтэй. Бид одоогийн байгалийн баялгаас олж буй орлогын тодорхой хэсгийг боловсруулах үйлдвэр байгуулах, технологийг нутагшуулахад зарцуулбал урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалт болно.

Эцэст нь дүгнэхэд, Монгол Улсын байгалийн баялаг бол хөгжлийн эцсийн зогсоол биш, харин тэрхүү зогсоолд хүрэх түлш юм. Бид газар доорх баялгаа ухаж дуусахаас өмнө хүүхэд, залуусынхаа тархинд мэдлэгийн уурхай байгуулж амжих ёстой. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) хийсэн судалгаагаар, боловсролд зарцуулсан 1 ам.доллар дунджаар 10-15 жилийн дараа эдийн засагт 10-15 ам.доллар болон эргэж ирдэг. Байгалийн баялгийг зохистой ашиглах нь зөвхөн лиценз олгох, татвар авах асуудал биш. Энэ нь голланд өвчнөөс сэргийлэх макро эдийн засгийн дархлаа тогтоох, байгаль орчны экосистемийг ирээдүй хойчдоо бүрэн бүтэн үлдээх, хамгийн гол нь уул уурхайгаас хамааралгүй “оюунлаг эдийн засаг”-ийг бүтээх цогц бодлого юм. Казахстан, Норвег, Сингапур улсын туршлага бидэнд ганцхан үнэнийг хэлж байна: Баялаг бол нэг удаагийн боломж, харин боловсрол бол мөнхийн хөгжил. Хэрэв бид “Чингис хаан Үндэсний баялгийн сан”- гаа улс төрөөс ангид, цэвэр хөгжлийн хөшүүрэг болгож, хүнээ хөгжүүлэхэд тууштай зарцуулж чадвал Монгол Улс “Алтан дээр суусан гуйрамч” биш, “Мэдлэг дээр суусан манлайлагч” үндэстэн болох бүрэн боломжтой билээ.

Ашигласан материал

•Corden, W. M., & Neary, J. P. (1982). Booming Sector and De-Industrialization in a Small Open Economy. The Economic Journal, 92(368), 825–848.

•Acemoglu, D., & Robinson, J. A. (2012). Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty. Crown Business.

•Монгол Улсын Үндсэн Хууль. (1992). 6 дугаар зүйл. Улаанбаатар хот.

•Монгол Улсын Сангийн Яам. (2025). Төсвийн гүйцэтгэлийн мэдээ (9 дүгээр сарын байдлаар).

•Ган-Очир, Д. (2019). Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод анхаарах асуудлууд

•World Population Review. (2023). Average IQ by Country 2023. [Online Resource].

•OECD. (2023). The Value of Investing in Education. OECD Publishing.

•SkillsFuture Singapore (SSG). (2024). National Lifelong Learning Movement.

[Сингапурын туршлага].

•Norges Bank Investment Management. (2024). GPFG: The Sovereign Wealth

Fund of Norway. [Норвегийн туршлага].



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.63.40
    1 цагийн өмнө

    If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: Dr.pradhan.ur ologist.lt.col@gmail .com

    Хариулах