Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. Тиймээс СТӨ-г хүчитгэх, их засвар хийх талаар холбогдох албаныхан судалж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Соёлын төв өргөөг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл их засвар, томоохон шинэчлэл хийгдээгүй. Үүний улмаас барилгын B1 давхар усанд автдаг, цахилгааны аваар осол гарах эрсдэлтэй, инженерийн шугам сүлжээ бүрэн хуучирч муудсан. Өнгөрсөн жил лифт болон үүдний хэсэг, цахилгааны зарим шугамд засвар хийж, аюулгүй болгож сайжруулсан. Мөн энэ жилийн төсвөөр дулааны шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөсөн. Соёлын төв өргөө нь 15 мянган м.кв бөгөөд үндсэн дөрвөн блокоос бүрддэг. Нийслэлээс соёлын өв болсон барилгаа анхаарч, шинэчлэх, хүчитгэхээр судалж байна” гэлээ.
Соёлын төв өргөөний дарга Л.Ариунтуяа “СТӨ-г ОХУ-аас барьж, бэлэглэж байсан. Энэ том байгууламжид их засвар хийгдээгүй учир бүх мэргэжлийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээг хийлгэхэд сууриараа ус нэвчиж орж ирдэг, дулааны маш их алдагдалтай, эрчим хүчний тоноглол хуучирсан, дулааны тоноглолуудад их засвар хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн дүгнэлтүүд гарсан. 2025 онд СТӨ өөрийн дотоод нөөц бололцоогоор буюу 550 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалтууд хийсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэхдээ зургаан ажилд тендер зарлаж, зарим засварыг хийсэн. Бид мэргэжлийн байгууллагуудаар ул суурьтай шалгуулж, дүгнэлт гаргуулж, төлөвлөлт хийж түүхэн барилгаа авч үлдэхээр ажиллаж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн жилээс нийслэлийн өмчийн байраа өөрсөө эзэмшиж, өөд нь татахыг зорьж байна” гэлээ.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна