УИХ ирэх Хаврын чуулганаар Татвар, тэтгэврийн шинэчлэл хийхээр бэлдэж байна. Үндсэндээ нийгмийн захиалга болоод олон жил болчихсон ажлыг хожимдсон ч гэсэн хийхээр зориглож байна. Гэхдээ, аливаа шинэчлэлт, өөрчлөлт урт удаан, тогтвортой байдлыг хангасан шинжтэй байх ёстой. Гарсан хууль нь аргацаасан, өмнө нь байсан хүндрэлийг улам дэвэргэдэг байж болохгүй.
Татварын тогтолцоо нь далд эдийн засгийг дэмждэг, ААН-үүдийн өсөж томрох боломжийг хаадаг, тэтгэврийн тогтолцоо нь шимэгч ихтэй байж болохгүй гэсэн үг. Тэгвэл яг одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй татварын багц хууль нь ААН томрох тусам авах татварын хэмжээ нь өсдөг, орлого багатай иргэдэд ээлтэй байдлаар боловсруулагдсан.
Аз болж Хаврын Чуулганы сүүлийн хуралдаан дээр Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийг эргэн харах боломжтой болсон гэж ойлгож байгаа. ҮҮнд АН-ын үүрэг оролцоо чухал гэдэг нь ч тодорхой болж ирж байна. Өөрөөр хэлбэл, айсуй татвар, тэтгэврийн шинэчлэлийг эрх баригч МАН-аас гадна сөрөг хүчин АН-ын оролцоог хангаж шийдвэрлэх нь чухал боллоо. Учир нь, ард түмэнд нэгнийх нь ачааг авч нөгөөд нь үүрүүлэх биш, татварын дарамтыг нийтээр нь багасгах асуудал илүү чухал бөгөөд урт настай байх юм.
ААН-үүдийг мөнхийн жижиг дунд байлгах уршигтай татварын "Шаталсан" тогтолцоог дэмжихгүй
Татварын багц хуулийн шинэчлэлд чихэнд чимэгтэй олон заалт байгаа ч тэр нь зөвхөн жижиг, орлого багтай иргэн, ААН-ийг дэмжсэн, тэднээс салгасан ачаагаа том ААН-үүдэд үүрүүлсэн шинжтэй байгаа нь үнэн юм. Тиймээс одоо байгаагаараа батлагдвал томоохон ААН-үүд холдинг болж задрах, жижиг, дунд ААН өсөж томрох сонирхолгүй болох эрсдэлтэй. Гэтэл том ААН-үүд хөгжил дэвшлийг, жижиг ААН-үүд ажлын байр бий болгодог гэж үг бий. т
Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах саналыг илэрхийлээд байгаа юм. Үүнд:
Улам ихсэж буй далд эдийн засаг
Найман жилийн өмнө Үндэсний статистикийн хороо Монгол Улсын далд эдийн засгийг 9.2 хувь гэж дүгнэж байжээ. Яг энэ үзүүлэлт 2010 онд 35 байсантай харьцуулахад том үсрэлтийг хийсэн гэсэн үг. Гэвч түүнээс хойших долоон жилд аажмаар ухарч, 21 хувьд хүрээд байна.
Манай улс бол хаанаас нь ч харсан хөгжиж буй орон. Олон улсад хийгдсэн судалгаануудаас харахад сүүдрийн эдийн засгийн хэмжээ хөгжиж буй орнуудад татварын системийн үр ашиггүй байдал, авилгал болон орлогын доогуур түвшнээс шалтгаалан хөгжингүй орнуудаас харьцангуй өндөр байдаг. Тухайлбал, Шнайдер (2010)-ийн судалгаагаар 1999-2007 оны хооронд далд эдийн засаг хөгжингүй орнуудад дунджаар ДНБ-ий 17.2%, хөгжиж буй орнуудад 35.1%, шилжилтийн эдийн засагтай орнуудад 36.3%-тай тэнцэх хэмжээтэй байна гэжээ. ҮСХ-ны судалгаагаар бол манай улсын далд эдийн засаг хөгжингүй улсуудын дунджаас ч бага байна. Гэсэн ч албан ёсны эх сурвалж яалт ч үгүй мөн учраас баримт болгохоос аргагүй.
Тэгэхээр, манай улсын далд эдийн засаг 2024 онд ДНБ-ий 21 хувьтай тэнцжээ. Бүдүүн бааргаар хэлэхэд 70 хувийн ажиллагаатай мотороор урагшилж байна гэсэн үг. Улс орны хөгжлийн хурдад далд эдийн засаг бүтээгчид буюу шимэгчдийн үзүүлж буй саад багагүй гэдэг нь эндээс ойлгогдож байгаа биз ээ.
Далд эдийн засаг нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд олон тодорхойлолт байдаг. Ерөнхийд нь авч үзвэл үйл ажиллагааны хувьд хуулийн дагуу боловч зах зээлийн бус зарчмаар явагдсан, эдийн засагт албан ёсоор бүртгэлгүй явагдаж байгаа үйл ажиллагаануудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг. Сүүдрийн эдийн засаг үүсэх гол шалтгаан нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа дүрэм журам юм.
Дээр дурдсан бэрхшээлээс зайлсхийхийн тулд иргэд, ААН эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэлгүй, албан эдийн засгийн бүртгэлээс орхигдож далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Сүүдрийн эдийн засаг тэлэх нь татварын боломжит орлогыг бууруулах, албан статистик мэдээллүүдийн уялдаа холбоог алдагдуулах бөгөөд түүнд үндэслэсэн эдийн засгийн бодлогыг гажуудуулах, аливаа бодлогын арга хэмжээ үр ашиггүй болох сөрөг үр дагавартай.
Тэтгэврийн санд үүрлэсэн шимэгчид
Далд эдийн засгийг бий болгож буй субьектүүд төрд татвар төлдөггүй хэрнээ авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чаддаг. Энэ утгаар нь тэднийг шимэгчтэй зүйрлэж болно. Шимэгчид хоёр янз. Нэг нь хууль бусаар орлого олж, татвар төлөлгүй төрийг хүчгүзйдүүлдэг шимэгчид. Нөгөө нь төрөөс хүртэх ёсгүйгээ хүртэж хүчгүйдүүлдэг шимэгч юм. Аль аль нь хэлбэр, эдийн засагт учруулж буй хор хохирлын хэмжээгээрээ ялгаатай. Олны олон таван цэн гэдэг шиг салбар бүрт шиг салбар бүрт шимэгчид үүрлэснээр төр хүчгүйдэж байна.
Далд эдийн засгийг бүтээгчдийг албан бус сектор тэргүүлж байгаа бөгөөд 1.3 их наяд төгрөг энд эргэлдэж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид. НДШ төлдөггүй ч ажил хөдөлмөр эрхлээд орлого олж амьжиргаага авч яваа иргэн олон бий. Хувиараа такси үйлчилгээнд явдаг, барилгын бригад байгуулаад туслан гүйцэтгэгчээр ажилладаг, зах, дэлгүүр түрээслэж худалдаа наймаа эрхлэгсэд, дуучид, чөлөөт уран бүтээлчид гээд олон салбарынхан энэ категорид хамаарна.
Манай улсын хэрэгжүүлдэг тэтгэврийн эв хамтын тогтолцоо нь хүн амын ихэнх хэсэг нь залуу байгаа тохиолдолд л ашигтай байдаг онцлогтой. Яг энэ утгаараа бол харьцангуй залуу хүн амтай манай улсад хамгийн тохирсон тогтолцоо. Гэсэн ч ажилтай иргэдийн тоо цөөн байгаагаас болж тэтгэврийн сан ачаалалтай байдаг. Гэтэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр төр ажлын байр бий болгож чадахгүй байж ажил хийгээгүй, шимтгэл төлөөгүй хүмүүст тэтгэвэр авах боломж гаргаж өгсөн.
1990-ээд оны хүнд хэцүү цаг үед хүмүүс ажилгүй байсан нь өөрсдийнх нь буруу биш гэсэн философи дээр үндэслэсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль хэрэгжсэнээр сангийн ачаалал эрс нэмэгдсэн. Хэдхэн жилийн өмнө л хүн амын дундаж наслалт бусад үзүүлэлтийг тооцож үзсэн ч хамгийн муугаар бодоход л 2030 оноос л хүндрэл ажиглагдана гэдэг байлаа. Гэтэл юу юугүй 400 гаруй мянган тэтгэвэр тэтгэмж авагчтай болж, алдагдалд орсон нь дээрх хуультай холбоотой. Нөхөн төлж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бол үндсэндээ шимэгчид юм.
Монгол мал аж ахуйн орон. Монгол Улсын үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Энэ дагуу төрөөс үүргээ биелүүлж малчдад өвс тэжээл хүргэх, ноос ноолуурын урамшуулал олгох зэргээр дэмжсээр ирсэн. Гэтэл улс орны аж үйлдвэрийг тодорхойлох хэмжээний том сектор шимэгч үржих газар болсон нь харамсалтай.
Хэрвээ тэтгэврийн шинэчлэл хийх гэж байгаа бол санд үүрлэсэн шимэгчдийн асуудлыг шийдэх, нэмэлт тэтгэвэр зэргийг одоо төлж байгаа шимтгэлийн хувь хэмжээн дотор багтааж шийдэх зэрэг зарчмын асуудлыг хөндөхгүйгээр энэ удаагийн шинэчлэл хол явахгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна