Ерөнхийлөгчийн талынхан бүх л албан тушаалыг авлаа. Гэхдээ...

С.Гандэлгэр
2 цаг 36 минутын өмнө

2025 оны хавраас эхэлсэн МАН-ын дотоод зодоон энэ хүртэл үргэлжилсээр "ялагч"-аа бараг л тодруулчихлаа. Эхлээд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ огцорч Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын суудлаа өгөх гэхэд тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сонгуульдаж хайнцсан. 

Д.Амарбаясгалан УИХ-ын даргаасаа түдгэлзэж буланд шахсан ч тусыг эс олсон. Улмаар аль ч тал нь ялалт байгуулж чадаагүй учраас эрх баригч намын дотоод улс төржилт савнаасаа хальж, өрийн ордон тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийг хоёр хуваачихсан. Нэг л мэдэхэд хоёр даргатай ч юм шиг, хоёр бүлгийн даргатай ч юм шиг нөхцөлд хүрсэн МАН-ын томчууд түр эвлэрч Н.Учралыг МАН-ын дарга бөгөөд УИХ-ын даргын өндөр сэнтийд залсан. 

Дараа нь Ардчилсан намын шахалтаар Г.Занданшатар Ерөнхий сайдын суудлаа Н.Учралд хүлээлгэж өгснөөр суларсан УИХ-ын даргын суудалд нь С.Бямбацогт заларсан. 

Төдийгөөс өдийг хүртэл Х.Нямбаатарын ажил, албан тушаалд хэнбугай нь ч халдаж чадахгүй байсан бол төсвийн тодотгол тулж ирснээр чөлөөлөх шийдвэр гаргачихлаа. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалуудыг Ерөнхийлөгчийн талынхан авах нь тодорхой болсон юм. 

1.8 сая хүнтэй Хотын дарга гэдэг бол намдаа ч улсдаа ч урдуураа цөөхөн хүн гишгүүлэх нүсэр хүчтэй албан тушаалуудын нэг. Ямар сайндаа л сайдаасаа буугаад хотын дарга болоод байх вэ дээ. /Д.Сумъяабазар, Х.Нямбаатар/ Тийм ч учраас Х.Нямбаатарын оронд хүлээн МАН-даа төдийгүй, нийслэлийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч очих ёстой байв. Харин Б.Пүрэвдагвыг хувьд МАН-ын залуучуудын холбооны Ерөнхийлөгч гэх албан тушаалтай ч төр ажилласан туршлага, түмэн олноос сонгогдсон аль ч шатны мандат байхгүй нэгэн. 

Тийм ч учраас ард нь үлэмж хэмжээний улс төрийн дэмжлэг, шуудхан хэлбэл ар тал байхгүй л бол 45 төлөөлөгчтэй НИТХ ажил хийлгэх нь юу л бол... Гэхдээ ардаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын дэмжлэгтэй гэвэл асуудал арай өөрөөр эргэнэ. Учир нь тэд одоо байгуулагдсан Засгийн газар ч, Засгийн газрын тэргүүн нь ч, УИХ-ын дарга, УИХ-ын олонх ч, бүр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь ч Ерөнхийлөгчийн фракц. Тиймээс Б.Пүрэвдагва нийслэлийн Засаг даргаар томилогдох нь үндсэндээ тодорхой болчихлоо. 

Ард түмний саналаар байгууллагддаг УИХ болон НИТХ аль аль нь нэг хүний аль эсхүл нэг намын дохио зангаагаар тогтворгүй байдалд орсон нь нууц биш. Ямартай ч 2024 оны УИХ, орон нутгийн сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан кадрууд хойш сууж, ахыгаа "аав"-ыгаа дагасан улс төрчид өнөөдрийн улс төрийн өнгө аясыг тодорхойлохоор боллоо. Ийнхүү нэг фракцийн, нэг талын хүмүүс шат шатны албан тушаалд томилогдож байгаа учраас дараа дараагийн сонгуулийн хариуцлагыг ч тэдэнтэй ярих нь гарцаагүй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.203
    55 минутын өмнө

    СУГАНЫ ҮС ИЧИЖ АМЬДАР

    Хариулах