УИХ хариуцлагатай байж, “Алт-III” аяныг дэмжих ёстой

Zuv.mn
2 цаг 35 минутын өмнө

Монгол Улс энэ оны төсөвтөө алтны экспортыг 20 тоннд хүргэж, нүүрсний үнэ тогтворжихгүй тохиолдолд алт, зэсийн орлогоор нөхөхөөр төлөвлөсөн. Төсөв өөрөө хууль учраас УИХ-ын баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Энэ ёсоор Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангах, валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн ач холбогдолтой алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.

Тогтоолд Сэлэнгэ аймгийн нутагт орших “Гацуурт”, “Эрээн баавгайт” алтны орд газруудыг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал тусгагдсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр,

-Алт олборлолт жилд таван тонноор нэмэгдэх

-Төр 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших

-500 тэрбум төгрөгийн татварыг урьдчилж авч төсвийн хүндрэлийг гэтэлгэх зэрэг жерэг үр дүн гарна гэж тооцож буй. Өөрөөр хэлбэл, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хувилбараа танилцууллаа. Одоо харин УИХ үүргээ биелүүлж, ажлаа хийх ээлж ирээд байна.

Тогтоолын төсөлд тусгаснаар бол, дээрх ордууд нь тусгай хамгаалалттай газрын захад, гэхдээ хилийн цэс дотор байгаа тул хилийн цэсийг өөрчилж, орд газруудыг гаргах шаардлагатай бөгөөд үүнийг хийх эрх нь зөвхөн УИХ-д бий юм. Сүүлд авсан мэдээллээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гарагт хуралдаад УИХ-аас нягталж шалгах шаардлагатай гэдэг шалтгаанаар Засгийн газрын тогтоолын төслийг энэ долоо хоногийн Чуулган хуралдаанээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах тул асуудал Намрын Чуулган хүртэл хойшлогдсон гэсэн үг. Гэтэл цаг хугацаа явсаар байна.    

“Гацуурт”, “Эрээн баавгайт”-ыг олборлох асуудал шинээр боссон асуудал биш буюу улстөржилтөөс болж бид юу алдав  

Ер нь “Алт 3” хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ хүрээндээ "Гацуурт", "Эрээн баавгайт"-ын орд газруудыг эргэлтэд оруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Хамтарсан Засгийн газрын үед хөндсөн бөгөөд эргэлтэд оруулах ордуудын нэрсийг танасан л болохоос биш түүнийг залгаж гарч ирсэн Г.Занданшатарын Засгийн газар ч үргэлжлүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Улмаар тогтоолын төсөл өргөн барьж, УИХ ч батлаад явуулсан. Гэвч дээрх ордууд нь Ноён уулын тусгай хамгаалалттай бүсэд байдаг гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсан юм.

Дээрх ордууд нь хэдий Ноён уулын тусгай хамгаалалттай бүс дотор байрладаг ч Гацууртын ордод өмнө нь олборлолт явуулж байсан, өөрөөр хэлбэл, шороон ордыг нь олборлож дуусаад одоо үндсэн орд руугаа орж байгаа асуудал гэдгийг албаныхан хэлдэг. Түүнчлэн, Ноён уул буюу Хүннүгийн үеийн булш бунхад хадгалагдаж үлдсэн хэсгээс 8 км зайтай, тусгай хамгаалалттай газар нутгийн захад байрладаг, хатуу хяналтын дор эргэлтэд оруулах боломжтой, ер нь эргэлтэд оруулахыг хүсдэг гэсэн байр суурь илэрхийлдэг нутгийн иргэд бий.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, зарчмын хувьд, тогтоолын төсөл бодит ажил болж хэрэгжихэд одоо ямар ч саад тээг байхгүй. Учир нь, өнөөдөр “Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага буураагүй, харин ч өссөн. 2024 оны сонгуулиар байгуулагдсан, бүр тодорхой хэлбэл “Алт 3” хөтөлбөр, 2026 оны төсвийг баталсан /Алт олборлолтыг 20 тоннд хүргэнэ гэж төсөөлсөн/ УИХ нь байж  байна. Ноднингийн тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан, логикоороо бол одоо дахиад баталбал Ерөнхийлөгч хориг тавихгүй. Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхтэй ч дахин тавих эрхгүй, УИХ хүлээж авахгүй гэж шийдвэл асуудал цаашаа явдаг хуультай.   

Өөрөөр хэлбэл, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан нь гол асуудал, одоо тэгээд тэр "баас"-аа цэвэрлэж байгаа бол шуурхайхан шиг шийдэх ёстой болохоос, “Шалгаж тодруулах шаардлагатай асуудал байна” гэж хугацаа алдах нь ямар ч утгагүй юм.   

Дээрх хоёр ордыг эргэлтэд оруулах боломжийг ноднин алдсанаас болоод Монголбанкинд 3 тонн орчим алт тушаах байсан боломжийг одоогоор алдаад байна. Энэ бол 100 гаруй сая ам.доллар бөгөөд УИХ асуудлыг хойшлуулснаараа үргэлжлүүлэн алдах сонголт хийж байгаа маш хариуцлагагүй байдлыг харуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна