Засгийн газар 2028 оноос өмнө “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай үүсгэсэн маргаанаа шийдэж чадах уу

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

Улс оронд шатахууны хомсдол нүүрлэж, онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа баригдах эсэх асуудал аминд тулсан том сэдэв болон босож ирлээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй үйлдвэр жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай. Энэ хэмжээний газрын тосыг боловсруулж байж ТЭЗҮ-д бичигдсэн 396,000 тонн АИ 95 автобензин, 834.000 тонн Дизелийн түлш, 80.000 тонн онгоцны түлш, 17.000 тонн пропан, 22.000 тонн бутаныг гаргаж авч чадна.

Гэхдээ, одоогийн байдлаар манай улсад энэ хэмжээний эх үүсвэр байхгүй. Тиймээс газрын томс боловсруулах үйлдвэр баригдаж дуусахаас өмнө зайлшгүй шийдэх ёстой асуудал байгаа нь үйлдвэрт хэрэглэх түүхий эд буюу газрын тосны эх үүсвэрийг бий болгох явдал болоод байна.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлт, инженерчлэлийн ажил 2019 онд эхэлж, 2021 оноос бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд 2025 онд ашиглалтад орно гэж байсан ч 2028 он болж хойшлоод буй. Үйлдвэрт Тосон-Уул XIX, Тамсаг XXI, Зүүнбаян ордуудын тосны холимог (47,5%:47,5%:5.0%)-ийг ашиглана гэж тооцож буй ч дээр бичсэнчлэн, эдгээр ордоос олборлож буй газрын тос шинэ үйлдвэрийг бүрэн хангаж хүрэхгүй.

Одоогоор бэлэн байгаа эх үүсвэрүүдээс хамгийн том нь БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлож буй ордууд хамгийн том нь бөгөөд тус компани Дорнод аймгийн Матад суманд орших Тосон-Уулын орд, мөн аймгийн Халхгол сумын нутагт орших Тамсагийн ордоос жилд 518,000 орчим тонн газрын тосыг олборлож буй.

Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт орших Цагаан-Элсний газрын тосны ордооос “Доншен газрын тос” ХХК жилд 50,000 орчим тонн, Дорнод аймаг, Матад сумын нутагт орших Цэн тогоруу ордоос “Петро Матад” ХХК бага зэрэг буюу жилд 7600 тонн түүхий газрын тос олборлож буй.

Бүгдийг нь нийлүүлж тооцоход 575,600 тонн газрын тос одоо бидэнд байгаа эх үүсвэр бөгөөд үйлдвэрээ дотоодоосоо бүрэн хангахын тулд 930,000 тонноор шаардлагатай.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдээлэх үедээ Петрочайна “Дачин Тамсаг” ХХК-тай үүсгэсэн маргаантай асуудлыг шийдэх хууль эрхзүйн орчныг бий болгоно, мөн шинээр 14 талбайд хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа гэж ярьсан.

Энэхүү маргаан гээд байгаа зүйл нь тус компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой юм.   

Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу вэ

2014 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхдээ Монголд олборлогдсон газрын тосыг давуу эрхээр худалдаж авах (олон улсын зах зээлийн үнээр) эрхээ баталгаажуулсан болохоор Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлосон газрын тосны 60 хувийг авах боломж бүрдэнэ (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өөрт ногдох 24-28 хувь+”Петрочайна Дачин Тамсаг”-т ногдох хувь. Үлдсэн 40 хувийг ч мөн давуу эрхээр худалдаж авах ёстой ч тэрхүү 40 хувийг "Өртөгт тос" буюу хөрөнгө оруулалтыг нөхөх зорилгоор ПЧДТ ХХК авсаар буй. Хөрөнгө оруулалт нь нгөхөгдөж дуусдаггүй).

Дээр бичсэнчлэн, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олборлосон бүх тосны 40 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани үйлдвэрлэлийн зардал болгон авч үлдэх эрхтэй. Үлдсэнийг нь гэрээний 8.3 дугаар зүйлд заасны дагуу хувааж авна. Гэрээний 8.3-т бүтээгдэхүүн хэрхэн хувааж авахыг зохицуулсан заалт бөгөөд 

“1. Хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал Монголын Засгийн газарт 35%, гэрээлэгчид 65% ногдоно.

2. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 001 баррелиас 100 000 хүртэл баррель хүрсэн байвал Монголын Засгийн газарт 50%, гэрээлэгчид 50% ногдоно.

3. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 100 001 баррелиас их байвал Монголын Засгийн газарт 60%, гэрээлэгчид 40% ногдоно”

Эндээс харахад олборлолтын хэмжээ гэрээнд заасан нөхцөлийг хангах хэмжээнд өсөхөд манайд ногдох тосны хэмжээ нэмэгдэх боломжтой. Гэхдээ нэмэгдлээ ч Сайншандын боловсруулах үйлдвэрийг бүрэн хангаж чадахгүй. Бүрэн хангахын тулд шинэ ордууд ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай. Эрх баригчдын зүгээс үлдсэн түүхий эдээ нөхөхийн тулд Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх арга хэрэглэхийг санал болгож буй.

Гэхдээ энэ нь салбарын хөгжлийг хойш нь чангаах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, “Петро Чайна Дачин Тамсаг”-тай байгуулсан гэрээний загвар нь бусад хөрөнгө оруулагчдыг татах нэг шалтгаан болчихоод буй юм. Өөрөөр хэлбэл, Монголд ашигтай болгож өөрчлөх хэрээр хөрөнгө оруулагчдын сонирхол буурах тийм л нөхцөл байдалд байна.

Монгол Улс 1990-ээд онд л газрын тосны үйлдвэртэй болох боломж байсан

Тамсагийн ордоос газрын тос олборлож хуваах гэрээг АНУ-ын компани эзэмшиж байсан гэдгийг одоо мэдэхгүй хүн үгүй биз. Тус компани хангалттай нөөц илрүүлсэн тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл хүсэхэд манай томчууд зөвшөөрөөгүй гэлцдэг. Одоо баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг тэр үед л барьчихаж болох байсан гэсэн үг шүү дээ. Ингээд оронд нь “Петрочайна Дачин Тамсаг” орж ирэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр ажиллаж эхэлсэн түүхтэй.

1990-ээд онд газрын тос боловсруулах үйлдвэрээс татгалзсан манай томчууд 2005 он гэхэд арай өөр болж, БНХАУ-ын компанитай байгуулсан гэрээндээ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” гэсэн заалт оруулж өгсөн байдаг. Гэвч “Петрочайна Дачин Тамсаг” компани сүүлд “Гэрээнд газрын тос боловсруулах үйлдвэр заавал барина гэсэн заалт байхгүй” гэдэг юм. Боловсруулах үйлдвэрийн талаар дурдахдаа төгс утгаар биш, “Яриа байдаг”, “Гэлцдэг” гэж бичих болсон нь тус компанитай байгуулсан гэрээ одоо болтол олон нийтэд ил болоогүйтэй холбоотой юм. Орон нутгийн удирдлага, эрх бүхий байгууллага шаардахад хүртэл өгдөггүй гэж байгаа. Энэ компанийн Монголын хууль цаазыг уландаа гишгэсэн, үл тоосон байдал гаргаж байсныг нь тоочвол цаг хүрэхгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна