Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

"Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал"-ыг наймдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын санаачилгаар 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталсан бөгөөд дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжин нэгдсэн байна. "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн албан ёсны нээлт 2025 оны арванхоёрдугаар сард Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/-ын төв байранд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм.


Тэрбээр, Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдсан нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дэлхийн олон оронд бүс нутгийн хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж байгаагийн нэг нь Улаанбаатар хотноо болж буй "Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал" юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж буй тус чуулганд дэлхийн 102 орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч зэрэг 240 орчим гадаадын зочин, Монгол Улсаас 100 малчин оролцоно.


Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд захирал, Мал аж ахуй, эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден нар оролцоно.

Энэхүү чуулганыг угтан наймдугаар сарын 09-нөөс эхлэн Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн сумдад хээрийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн чуулганаар батлах тунхаглалын төслүүдийг хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн, монгол малчдын амьдрал, уламжлалт бэлчээрийн менежменттэй газар дээр нь танилцаж байгаа юм.


Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг олон сорилт тулгарч байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна